“Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн, “Гэрэл зургийн тусгал” клубын гишүүн Ч.Ганжавхлан өөрийн гэрэл зургийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаад байна.
Монголын урчуудын эвлэлийн танхимд дэлгэгдсэн энэхүү гэрэл зургуудаас Монголын энэ цагийн амьдралыг харах боломжтой аж.
Тэрбээр энэ тухайгаа “Баримтат гэрэл зураг”-н төрөлд шунан дурлаж, мэдрэмж болоод эгэл бор амьдралын үнэнээс өөр багшгүй зөнгөөрөө гудамж “метрлэн” явсаар цөөнгүй тооны зургийг буулгав. Бидэнтэй хэтэрхий ойр хэрнээ холдож орхисон өнөөгийн амьдрал, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын энэ цагийн бодит үнэн төрхийг гэрэл зургаар дүрслэн үлдээхийг хичээв. Хүн бүхний мэддэг хэрнээ мэддэггүй энэ амьдрал өнөөдөр хэн бүхэнд төдийлөн сонин, онцлогтой биш мэт санагдаж болох ч ирээдүйд цаг хугацаа өнгөрөн одох тусам, 20 магадгүй 30 жилийн дараа дахин давтагдашгүй түүхүүд болон үлдэх юм” хэмээжээ.
Үзэсгэлэн энэ сарын 12-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болно.