Ерөнхий сайд “Орос Давос”-т оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд “Орос Давос”-т оролцоно

Ерөнхий сайд “Орос Давос”-т оролцоно

-“ОРОС ДАВОС”-ЫГ ЗОРЬЖ ОЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЕРӨНХИЙ САЙДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ: ОЧООД БИТГИЙ ГУЙЛГА ГУЙГААРАЙ!-

Жил бүрийн зургадугаар сарын эхээр болдог “Орос Давос” энэ жил бага зэрэг хугацаагаа наашлуулж, тавдугаар сарын сүүлээр зохион байгуулах товоо зарлаад байна.  Дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон эдийн засгийн асуудлуудыг тодорхойлон хэлэлцдэг уг форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох юм.

БНСУ-аас 700 сая, Хятадаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар айлчлалынхаа хүрээнд тохирсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 23-26-нд ОХУ-д айлчилна. Жил бүр зохион байгуулдаг Санкт-Петербургийн  олон улсын эдийн засгийн форумд оролцох Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Монгол, ОХУ-ын Транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурна гэсэн мэдээллийг улс төрийн хүрээнээс өгч буй.

Анхныхаа айлчлалыг БНСУ-аас эхлүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард Бээжинд айлчилж, нийслэлийнхний тулгамдсан асуудал болсон цэвэрлэх байгууламжийг хятадуудаар бариулахаар тохиролцсон,  Гашуунсухайтын боомт дээр очиж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн, 30 гаруй бизнесийн гэрээнд гарын үсэг зурсан гээд ганзага дүүрэн ирснийг нь хэвлэлүүд ам хуурайгүй  магтаж байлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр оросууд төмөр замд тарифын хөнгөлөлт  үзүүлэхээ монголчуудад амалсан.

Саяхан Монголд айлчлал хийсэн В.Путины бие төлөөлөгч Оросын Засгийн газрын орлогч Ю.П.Трутнев ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа Монголын ачаа тээвэрт 25 жилийн хугацаатай тарифын хөнгөлөлт үзүүлэх баримт бичиг бэлэн болсныг дуулгасан бөгөөд Ерөнхий сайдын үеэр уг баримт бичигт гарын үсэг зурахаар яригдаж байгаа юм.

Уг баримт бичигт гарын үсэг зурснаар

  • Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжих
  • Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах
  • Ачааг хилээр нэвтрүүлэхдээ хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих
  • Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцөл бүрдэх

Орос дарга ирэх, Монгол дарга очих болгонд ярьдаг мөнхийн сэдэв болох махны экспортын асуудал ч энэ үеэр яригдах байх гэсэн хүлээлт бий. Монголчуудын зүгээс очсон газар болгоноосоо гуйлга гуйдаг гэсэн шүүмжлэлд өртдөг.

Жижиг улсын хувьд хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл гуйх нь айлчлалын нэг ач холбогдолтой асуудал нь байсаар ирсэн. Гэвч, явж ирсэн дарга болгон яриа, тохиролцоогоо ажил хэрэг болголгүй хаячихдагаас хоёр хөрш ч сүүлдээ залхах хандлагатай болсныг ОХУ-ыг зорих Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэлийг хангаж буй албаны хүмүүст сануулахад буруудахгүй биз.

Хамтдаа хөгжинө, хамтарна, стратегийн түншлэлээ ахиулна, эдийн засгаа өргөжүүлнэ гэсэн гоё яриа хөөрөө, гэрээ хэлцэл хийгээд ирсэн сайд дарга нарын өнгөрсөн хугацаанд амласан, ярьснаас хэд нь биелсэн бэ гэвэл сонирхолтой статистик гарч мэдэх юм.

Тухайбал,  Н.Алтанхуяг Ерөнхий сайдын айлчлалын үеэр  Монгол Улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Ч.Сайханбилэг оросуудтай  “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурж,  Ж.Эрдэнэбат Евро-Азийг холбосон эдийн засгийн коридор байгуулж “Торгоны зам”-ыг дахин сэргээснээр далайд гарцгүй ч дэлхийн тэргүүлэх хоёр оронтой хөрш зэргэлдээ оршдог гэдгээ давуу тал болгон хөгжих боломжтойг илэрхийлээд ирсэн ч  Монгол Оросын гадаад худалдаа ердөө 1.7 тэрбум ам.доллар орчим,  монголчууд хойд хөршдөө бага зэрэг адууны мах, жонш экспортолдгоос өөрөөр эдийн засгийн хамтын харилцаанд өөрчлөлт гараагүй л байна. Зөвхөн оросууд ч гэлтгүй хятадууд, хөрөнгө оруулагчид, гуравдагч орнуудын зүгээс сүүлийн жилүүдэд монгол дарга нарт үзүүлдэг реакци нь “Та нар ярьж тохирсноо л ажил хэрэг болгочих, бид бэлэн байна” гэх ганц тайлбар.

Гадаадад айлчилж ирсэн дарга болгон ирээд ажлаа хийдэг бол дараа, дараагийн яриа хэлэлцэл хийхэд ядаж нүүр бардам баймаар.  Арваадхан хоногийн дараа Оросыг зорих Ерөнхий сайд ахиад л нүүрээ улайлгаад нөгөө л ярьдаг, хэлдэг асуудлаа хөндөх  биз. Тиймээс “Орос Давос”-ыг зорьж очихоор төлөвлөж буй Ерөнхий сайдад өгөх зөвлөгөө: Очоод битгий гуйлга гуйгаарай!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж