“Гэр хороолол хөдөлгөөн” нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцрохыг шаардан Сүхбаатарын талбайд өнөөдөр /2018.5.10/ эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
Тэд энэ оны гуравдугаар сарын 9-нд “Эсэргүүцэж байна” хэмээх жагсаал зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга С.Батболдод гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх, хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх шийдвэрийг хэвээр үлдээх, газрыг нь орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувьд авч байгаагаа зогсоох зэрэг найман шаардлага хүргүүлж байсан юм. Гэвч шаардлагад нийслэлийн Засаг дарга С.Батболд хариу өгөөгүй гэж жагсаалд оролцогчид хэлж байлаа. Тиймээс түүнийг огцрохыг шаардан өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр жагсаалд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо. Мөн жагсаалд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл оролцож байсан тул түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Хашааны газрын маань талыг авна гээд байна
-Би хашааныхаа газрыг мэнд амар авч үлдэх гэсэн ээж. 12 жил хөөцөлдөөд газрынхаа бичгийг авч чадсангүй. Газрын бичиггүй болохоор хашааны газрын маань талыг авна гээд байна. Хэдэн хүүхдийнхээ төлөө арай хийн босгосон амьдралыг минь сүйрүүлэх нь. Тиймээс нэг сантиметр газар ч өгөхгүй. Би Монголын төрөөс энэ газрыг хулгай хийж аваагүй. Улаанбаатар хотын уугуул иргэн. Хашааныхаа газар хүүхдүүдийн хамт амар жимэр амьдарч яагаад болдоггүй юм бэ. Үүнийг шийдвэрлэхийн төлөө би энд сууж байна. Хашааны газрыг маань үнэгүйдүүлж байгааг эсэргүүцэн энд жагсаж байна
Хашааны газрыг маань үнэгүйдүүлж байгааг эсэргүүцэн энд жагсаж байна
-Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө би энэ жагсаалд оролцож байна. Хашаа, байшинтай, гэр хороололд амьдардаг хүн. Хашааны газрыг маань үнэгүйдүүлж байгааг эсэргүүцэж байна. Одоогийн нийслэлийн Засаг дарга урьд нь байсан даргын баримталж байсан бодлого, ажлыг үгүйсгэж байна. Үүнийхээ хажуугаар бидний газрыг үнэгүйдүүлж, гэмгүй иргэдийг хохироож байна.
ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол Засаг дарга хариуцлага хүлээдэг хуультай
-Та хотын дарга байхдаа гэр хорооллыг хөгжүүлэхэд баримталж байсан бодлогоо товч дурдахгүй юу?
-Гэр хорооллыг хөгжүүлэх миний бодлого нь хамгийн эхэнд хашааны газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал байсан. Тиймээс Засаг дарга болохдоо гэр хорооллын хашааны үнийг захиргаадлын ханшаар ам метрийг нь 100 мянган төгрөгөөр тогтоосон байсныг хүчингүй болгож, чөлөөт үнэд шилжүүлсэн. Ингээд хөрөнгө мөнгөтэй компаниудыг дахин төлөвлөлтөд урьж оролцуулан газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулсан. Мөн гэр хороолол руу төр захиргааны байгууллагуудыг нүүлгэх төлөвлөгөөт ажил хийж байсан. Учир нь, хөрөнгө оруулагчид төр засгийн байгууллагуудыг даган хөрөнгө оруулдаг тул гэр хороолол руу хөрөнгө оруулалт татахыг зорьсон юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийг арилжааны банкуудтай хамтран 2016 оны төсөвт 44 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Засгийн газрын 252 дугаар тогтоолоор гэр хорооллын хашааны газар дээр баригдсан орон сууцыг худалдан авч байгаа иргэнд таван хувийн зээл олгох зэрэг шийдвэр гарсан. С.Батболд нийслэлийн Засаг дарга болох үедээ энэ ажлыг үргэлжлүүлнэ гэж байсан. Гэтэл сарын дараа гэр хорооллын хөгжлийг дэмжсэн ажлыг, тэр дундаа хашааны газрыг үнэтэй болгож байсан ажлыг бүгдийг нь зогсоосон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, ИТХ-ын шийдвэр байсаар байтал хашааны газрыг үнэгүйдүүлэх арга хэмжээ явуулж эхэлсэн. ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол нийслэлийн Засаг дарга хариуцлага хүлээдэг хуультай.
-Гэр хороолол хөдөлгөөн нийслэлийн Засаг даргад гуравдугаар сард шаардлага хүргүүлсэн. Энэ яаж шийдэгдсэн бэ?
-Хөдөлгөөнийхөн гуравдугаар сарын 9-нд С.Батболдод шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг хангалтгүй гэж үзээд Гэр хороолол хөдөлгөөнийхөн С.Батболдыг огцрохыг шаардан тэмцэж, жагсаж байна. Би энэ тэмцлийг дэмжиж байна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр 104 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэж байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Үр ашигтай зүйлд зарцуулсан, зарцуулаагүйг иргэд өөрсдөө мэдэж байгаа. Хамгийн гол нь эхлүүлсэн ажлыг зогсоочхоод өөрөө ажил хийхгүй байгаад байна. Ийм байж өмнө нь эхлүүлсэн ажлыг үр ашигтай, ашиггүй гэж ярьж суухаас ичих хэрэгтэй. Учир нь, сонгуулийн дараа С.Батболд миний эхлүүлсэн бүх ажлыг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Өнөөдөр үр ашиггүй байсан гэж ярьж байгааг нь би буруу зүйл гэж бодож байна.
-Таныг нийслэлийн Засаг дарга байхдаа өөрийн хүү Б.Чулуудайд 5.1 тэрбум төгрөгийн тендер авч өгсөн гэдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Хүний хийсэн зүйлийг үгүйсгэж, хуулийг гуйвуулж байгаа үйлдлийн нэг нь энэ гүтгэлэг. 1990 оноос хойш дандаа намайг үгүйсгэж ирсэн. Ер нь намайг харлуулах нь МАН-ын гол ажил.
Р.Ренчиндулам