Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018
Чили-1962

Хөлбөмбөгийн ДАШТ Өмнөд Америк тивд 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ удаа Андын нурууны баруун талд, Номхон дөлгөөн далайн эрэгт орших хойноосоо урагш 4300 км урт, хамгийн өргөн хэсэгтээ ердөө 350 км газар нутагтай, зэсийн эх орон Чили улсад болсон. Чиличүүд 1962 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Аргентин болон Баруун Германтай өрсөлдсөн. 1958 оны ДАШТ Европ тивд болсон тул Германы боломж бага байсан бөгөөд гол өрсөлдөөн Аргентин болон Чилийн хооронд өрнөж эцсийн санал асуулганд Чили улс 32 саналаар ялалт байгуулснаар ДАШТ-нийг зохион байгуулах эрхтэй болсон. Чили улс 1962 оны ДАШТ-г зохион байгуулахдаа ердөө 4 хотын 4 цэнгэлдэх хүрээлэнд тэмцээнийг явуулсан нь 1930 оны Уругвайд болсон ДАШТ-нээс хойшхи хамгийн цөөхөн хот, цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан дэлхийн аварга болсон юм. ДАШТ-нд зориулан ганцхан цэнгэлдэх хүрээлэнг шинээр нэмж барьсан нь Арика хотод байрлах “Estadio Carlos Dittborn” цэнгэлдэх хүрээлэн байсан юм.

1962 оны ДАШТ-нд Ази болон Африкаас баг оролцож чадаагүй бол Европоос 10, Өмнөд Америкийн бүсээс 5, Хойд Америкаас Мексик улсууд орсон бөгөөд Европ тивээс Болгарын шигшээ баг анх удаагаа ДАШТ-нд оролцсон юм.

Тэмцээнд оролцогч багууд 4 хэсэгт хуваагдсан бөгөөд 1-р хэсгээс Зөвлөлт, Югослав, 2-р хэсгээс Баруун Герман, Чили, 3-р хэсгээс Бразил, Чехословак, 4-р хэсгээс Унгар болон Английн шигшээ багууд хасагдах шатанд шалгарсан. Дунд шөвөгт зохион байгуулагч Чилийн шигшээ баг ЗХУ-ын багийг 2-1 харьцаатай буулган авч хагас шигшээд шалгарсан. Тэгвэл Пеле, Гарринча тэргүүтэй Бразилын шигшээ баг Английн шигшээг 3-1 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан. Харин нөгөө талд Югославын шигшээ баг Баруун Германыг, Чехословакын шигшээ баг Унгарын шигшээг хожиж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Чехословак улсын шигшээ баг Югослав улсын шигшээ багийг 3-1 харьцаатай хожиж 1934 оны ДАШТ-нээс хойш 5 дэлхийн аваргын дараа шигшээд шалгарсан. Тэгвэл Дэлхийн аваргын цомыг хамгаалагч Бразил улсын шигшээ баг зохион байгуулагч Чилийн шигшээ багийг 4-2 харьцаатай хожиж сүүлийн 2 дэлхийн аваргад дарааллан финалдсан. Финалын тоглолт 1962 оны 6 сарын 17-нд Чилийн нийслэл Сантьяго хотын “Үндэсний” цэнгэлдэх хүрээлэнд болж 68.000 хүн үзсэн гэдэг. Тус тоглолтонд Бразилын шигшээ баг Чехословак улсын шигшээ багийг 3-1 харьцаатай хожиж дэлхийн аварга цолыг 2 дахь удаагаа өргөсөн юм. Тоглолтын гоолуудыг Бразилын шигшээ багаас Амарилдо, Зито болон Вава нар оруулсан бол Чехословак улсын шигшээ багаас тэмцээний эхний гоолыг Й.Масопуст 15 дахь минутанд оруулсан юм. Ийнхүү Бразил улсын шигшээ баг 1958, 1962 оны ДАШТ-нд түрүүлснээр Италийн шигшээ багийн 1934, 1938 онд түрүүлсэн амжилтыг давтаж байжээ. Тэгвэл тэмцээний хүрэл медалийг зохион байгуулагч Чилийн шигшээ баг хүртсэн бөгөөд Югослав улсын шигшээ багийг 1-0 харьцаатай хожсон байдаг.

Чили-1962 хөлбөмбөгийн ДАШТ тоон хэлээр:

  • 3: Дэлхийн аваргад Швейцар, Болгар болон Колумбын шигшээ багууд ганц ч хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн бөгөд ялангуяа Швейцарын шигшээ баг 1 оноо ч авч чадаагүй
  • 4: зохион байгуулагчид ердөө 4 хотын 4 цэнгэлдэх хүрээлэнд тэмцээнийг явуулсан
  • 6: тэмцээнд нийт 6 тоглогч хамгийн олон буюу 4 гоол оруулсан
  • 16: Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн 16 улс оролцсон
  • 21: тэмцээнд 4 гоол оруулсан 6 тоглогчийн нэг болсон Унгарын довтлогч 21 настай Ф.Алберт тэмцээний шилдэг залуу тоглогч болсон
  • 32: тэмцээний турш хэсгийн болон хасагдах шатны нийт 32 тоглолт болсон
  • 89: тэмцээний турш нийт 89 гоол орсон бөгөөд нэг тоглолтонд дунджаар 2.78 гоол орсон

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж