Улаанбаатар хотод зам засварын ажил шөнөөр ч ид өрнөж байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б. Индра тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр шөнө зам засварын ажил хэрхэн хийгдэж байгааг газар дээр нь очиж, шалгалаа.
Энэ онд 25 төсөл арга хэмжээ дээр 1 тэрбум 500 сая төгрөгийн төсөв суулгажээ.
Сүхбаатарын талбайн урд талын замд “УБЗЗАГ”- /Улаанбаатар зам засвар ашиглалтын газар / 21 сая төгрөгийн өртөг бүхий заадасны ажил хийж байв. Заадас гэдэг нь урин дулааны улирал эхэлж газар гэсэхэд зам дагуу цууралт зураас үүсч хагарал гарахыг хэлдэг байна.
Өмнө нь заадасны ажлыг хуучин “Битум” аргаар хийдэг байжээ. Битумын аргаар заадсыг хийх нь агаарт их хэмжээний хорт бодис ялгаруулж, зам дээр халалт үүсэхэд ашигласан бүтээгдэхүүн нь автомашины дугуйнд наалдан бохирдуулдаг байсан аж. Харин энэ жилээс мастик аргыг ашигладаг болсон. Мастак аргаар заадсыг хийхэд 10-15 минутын дараа хатдаг, ямар нэгэн элс бодис цацах шаардлага байхгүй, заадас хийж дуусаад автомашины хөдөлгөөнийг нээж болдог онцлогтой гэдгийг албан хүн онцолж байв.
Циркийн зүүн талд байрлах зам дээр “Ди вай кай би” ХХК замын нөхөөсний ажил хийж байв. Ажлын явц 50 орчим хувьтай гэсэн мэдээллийг өглөө. Энэ эрчээр ажиллаад байвал наадмаас өмнө зам засварын нөхөөсний ажил дуусахыг онцолж байв.
Зурагтын эцэст байрлах Баянхошууны замд “Индастриал сервис” ХХК нөхөөсний ажил хийж байна. Нийт 300 м2 талбайд 87 сая төгрөгийн өртгөөр зам засварын ажил хийнэ. Гүйцэтгэл 30 хувьтай хэвийн үргэлжилж байгааг компанийн удирдлагууд танилцуулсан. Гэрээнд зааснаар засварын ажлыг ирэх зургадугаар сарын 14-нд дуусгах ёстой аж.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дэд дарга Б. Индрагаас зам засварын ажилтай холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд ямар газруудад дээр заадас болон нөхөөсний ажил хийж байна вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүрэгт замын урсгал засварын ажлуудаа эхлүүлсэн. Энэ жил бид 100,000 метр заадасны ажил, 30,000 метр квадрат нөхөөсний ажил нийтдээ 1 тэрбум 500 сая төгрөгийн өртөгтэй зам засварын ажил хийх ёстой. Урсгал засварын ажлыг шөнө замын хөдөлгөөний эрчим буурсан үед хийж байна.
-Зам засвар ажлыг хаана, хаана хийх шаардлага байгаа вэ?
-Улаанбаатар хотын нийт замын насжилт өндөр болсон. Насжилтыг 1-3 жил, 5-10 жил, 10-15 жил, 20-25 жил гээд тогтоосон байдаг. Улаанбаатар хотод нийт авто замын урт 850 км. Энэ замуудын дийлэнх нь насжилт өндөр энэ болгоныг засна гэдэг өнөөдрийн улсын төсөв хэр байгаа билээ. Гэхдээ бид төв зам гэлтгүй, байшин хороолол, хорооллын дундах замуудаа бас засварлаад явж байгаа. Хамгийн их эвдэрсэн, ачаалалтай, хөдөлгөөн нэвтэрдэг зам, уулзваруудын нөхөөс, заадсын ажлыг хийж байна.
-Нөхөөс тавьснаар замын насжилт хэр уртасдаг вэ?
-Нөхөөсний ажил дээр компаниудад маш өндөр шаардлага тавьж, гэрээндээ хатуу шаардлагуудыг тусгаж өгсөн.
Иргэдээс ирж байгаа зарим гомдлууд маань юу байдаг бэ гэхээр нөхөөс тавихдаа хэт их овоолдог эсвэл дутуу хотгор хийдэг гэсэн янз бүрийн шүүмжлэл ирдэг. Тэр бүхнийг бид гэрээндээ маш сайн тусгаж өгөөд манай хяналтын инженерүүд хяналтаа тавиад явж байгаа. Энэ жил замын тэмдэг тэмдэглэгээнд 2,5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нөхөөсний ажил хийж дууссаны дараа хэвтээ тэмдэглэгээний ажлаа хийгээд эхэлнэ. Мөн босоо тэмдэглэгээгээ шинэчилж байгаа. Энэ жилийн бас нэг онцлог нь Энхтайван, Чингисийн өргөн чөлөөнд хүний нүдэнд тод харагдах маш сайн цацруулагч тавьж өгч байгаа.
Н.Ганбат