Криптовалютыг зохицуулах зарим улсын сүүлийн үеийн алхмууд

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Криптовалютыг зохицуулах зарим улсын сүүлийн үеийн алхмууд

Криптовалютыг зохицуулах зарим улсын сүүлийн үеийн алхмууд

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад криптовалют буюу цахим валютын харилцаа, хэрэглээнд хяналт, зохицуулалт хийж эхлээд байна. Тухайлбал, ИБУИНВУ-ын Засгийн газар энэ гуравдугаар сард криптовалютыг судлах ажлын хэсгийг томиллоо. Энэ ажлын хэсэг нь криптовалютын асуудлыг эрхлэх албан ёсны төрийн байгууллага бий болгохын үндэс юм гэж эх сурвалжууд дүгнэж байна. Учир нь тус улсын Засгийн газар блокчэйн технологид нааштай хандах нь санхүүгийн ил тод байдал, комплаенс буюу байгууллагын эрх, үүргийн хэрэгжилтийг сайжруулахад ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Түүнчлэн шинэ байгуулагдсан санхүүгийн технологи хөгжүүлэгч гарааны бизнесийнхэнд зориулсан программ зохион бүтээснээр зохицуулалтын шаардлагуудыг хангахад нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ гэсэн байр суурьтай байна.

Үүнтэй зэрэгцэн Бразил Улсын Үндэсний эдийн засаг, нийтийн хөгжлийн банк бразил рийл (brazilian real)-ийн хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор этэриумийг блокчэйн технологи ашиглаж токенжуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн блокчэйн технологид суурилсан цахим валютуудын гүйлгээтэй холбоотой мэдээллийг төв банкныхаа мэдээллийн баазад хадгалахаа больж блокчэйн технологийн ой санамжид хадгалагдахаар болжээ.

Харин Венесуэл Улсын Засгийн газар иргэддээ криптовалютыг хэрхэн худалдаж авах, олборлох тухай сургалт явуулж байна. Учир нь тус Засгийн газар энэ оны хоёрдугаар сард газрын тосоор баталгаажуулсан Петро (PTR) криптовалютыг гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор гаргасан юм. Нийт 2.1 тэрбум ам.доллар босгох зорилготой энэ ICO-гоороо Венесуэлийн Засгийн газар өнөөдрийн байдлаар 735 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна.

Тэгвэл АНУ-ын Сангийн яамны дэргэдэх Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шинээр гаргаж буй ICO-нуудад харилцагчийг таньж мэдэх болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх гэмт хэргийн өндөр шаардлагуудыг тавьж эхэллээ. Тухайлбал, ICO-г банкны нууцын тухай хуульд нийцүүлж гаргах, мөн сэжигтэй гүйлгээг мэдээлэх болон харилцагчдыг таних ажиллагаа зэргийг заавал гүйцэтгэх шаардлагуудад оруулсан байна.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж