Хуурамч материал бүрдүүлвэл виз олгохгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Хуурамч материал бүрдүүлвэл виз олгохгүй

Хуурамч материал бүрдүүлвэл виз олгохгүй

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар Бүгд найрамдах Солонгос улсын Элчин сайдын яам болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран өнөөдөр /2018.05.10/ хэвлэлийн хурал хийлээ.

Сүүлийн үед хууль  бусаар виз олгож өгнө гэсэн ташаа мэдээлэл гарч иргэдийг их, бага хэмжээгээр хохироох нь ихэсчээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард 400 гаруй хуурамч материал Элчин сайдын яаманд ирсэн байна.

БНСУ руу зорчихоор виз мэдүүлж буй иргэдийн эдийн засаг санхүүгийн баталгааг гаргах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх материалын жагсаалтад оруулсан байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх тохиолдол буурахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага болон тус улсын ЭСЯ хамтран ажиллаж, хяналт тавин хамтран ажиллахаар болжээ.

Иргэд нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэж бичилт хийх, хэн нэгэн этгээд засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчилснээс гадна ЭСЯ, арилжааны банк зэрэг эрх бүхий гуравдагч этгээд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг шалгах зориулалт бүхий программ хангамжийг шинээр нэвтрүүлсэн байна.

Энэхүү программаар Төрийн үйлчилгээний цахим машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолт, лавлагааны үнэн эсэхийг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, тодорхойлолт авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулж, тухайн агшинд нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг дуудан харж, хэвлэгдсэн тодорхойлолтоой харьцуулан бодит байдлыг шалгах боломжтой юм байна. 

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа тодорхойлолт үйлдэх явдлыг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг хэллээ. ТҮЦ машинаас авсан тодорхойлолтыг http://www.ndaatgal.mn сайтын http://data.ndaatgal.mn:8080/checklav хэсгээс баталгаажуулаарай. 

Хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн тохиолдолд 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлахаар болжээ. Мөн хуурамч материал өгсөн иргэнийг БНСУ руу зорчих эрхийг хугацаагүйгээр хязгаарлан виз олгохоос түдгэлзүүлэх арга хэмжээ авдаг болсныг Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Кан Мүг хэллээ.

Одоогоор БНСУ руу зорчих иргэдийн тоо эрс нэмэгджээ. Өдөрт 1000 орчим өргөдлийг авч байгаа юм байна. Мөн албан ёсны материал хүлээн авах найман газраар иргэдийг үйлчлүүлэхийг санууллаа. Виз мэдүүлж өгнө гэсэн хуурамч зарыг төрийн албаны ажилчид болон солонгос иргэд гаргаж байгаа учраас “хурдан, найдвартай виз гаргана” гэх мэдээлэлд хууртахгүй байхыг Элчин сайдын яам болон Цагдаагийн Ерөнхий газраас анхаарууллаа.

Визний материал удааширч хүлээлтэнд байгаа асуудал хуурамч материал их бүрдүүлж орж ирсэнтэй холбоотой гэв. Мөн Элчин сайдын яамнаас бүх материалыг нарийн хянаж нягталж хууль бус үйлдэл байгааг нарийвчлан шалгаж байгааг санууллаа.

Хуурамч бичиг баримт үйлдэх, мэдүүлэх нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул зөвхөн тухайн улс руу зорчих эрхийг түдгэлзүүлээд зогсохгүй Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хууль хяналтын байууллага арга хэмжээг авч байгаа аж. Иймд иргэдийг хууль буй үйл ажиллагаанд оролцож хохирохгүй байхыг анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж