Мексик улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Мексик улсын шигшээ баг

Мексик улсын шигшээ баг

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ 35 хоногийн дараа ОХУ-д эхэлнэ. Орос-2018 ДАШТ-нд оролцох 32 шигшээ багийг www.news.mn цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа бид Хойд Америкийн төлөөлөл Мексик улсын шигшээ багийг танилцуулж байна.

  • Дасгалжуулагч: Хуан Карлос Осорио
  • Багийн ахлагч: Андрес Гуардадо
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Клаудио Суарес 177 тоглолт
  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Хавьер Эрнандес 48 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 15
  • ДАШТ-нд оролцсон тоо: 15 удаа оролцсон
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1970, 1986 онуудад шөвгийн 8-д шалгарч байсан

Москва хүрэх замд:

Мексикийн шигшээ баг Хойд Америкийн бүсээс 1-ээр шалгарч бүсээсээ хамгийн түрүүнд Оросыг зорих эрхээ авсан. Ингэснээр Мексикийн шигшээ баг 16 дахь удаагаа ДАШТ-нд оролцоход бэлэн болоод байна. CONCACAF буюу Хойд Америкийн бүсэд АНУ, Тринидад ба Тобаго, Гондурас, Коста-Рика болон Панамын багуудтай өрсөлдөн 6 хожиж, 3 тэнцэн ердөө 1 хожигдсон. Тэднийг хожсон ганц баг бол Гондурас улсын шигшээ баг юм. Гэхдээ Мексикчүүд нэгэнтээ эрхээ аваад байсан бөгөөд сонгон шалгаруулалтын сүүлчийн тоглолт нь байсан. Мексикчүүд ганц хожигдсон ч бүсээ 21 онооны илт тасархай тэргүүлсэн.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Шигшээ багтайгаа 3 дахь жилдээ ажиллаж буй Хуан Карлос Осорио Мексикийн шигшээ багаа тун сайн удирдаж Оросыг зорих эрхээ аваад байгаа. Түүний мэдэлд Нидерландын ПСВ Эйндховен клубын 22 настай И.Лосано болон Английн Вест Хэм Юнайтед клубын довтлогч Х.Эрнандес нарын шилдэг довтлогчид бий. Эдгээр залуус Орос руу явах нь тодорхой бол багийн хамгаалалтын ноён нуруу Р.Маркуэз энэ удааа шигшээ багтаа багтаж чадахгүй болов уу? Ямартаа ч Осориогийн мэдэлд Европын лигүүдэд тоглож байгаа шилдэг тоглогчид байна.

Хаалгач: Г.Очоа (Бельгийн Стандарт Льеж), Хосе де Жесүс Корона (Мексикийн Крус Асуль), А.Талавера (Мексикийн Толука), М.Муноз (Мексикийн Пуэбла), Й.Орозко (Мексикийн Сантос Лугано). Европт тоглож байгаа ч шилдэг багуудад хараахан тоглож чадахгүй байгаа хаалгач Г.Очоа шигшээ багийн №1 хаалгач байх нь гарцаагүй.

Хамгаалагч: Э.Морено (Реал Сосьедад), М.Лайюн (Севилья), Д.Рейес (Порту), У.Айяла (Мексикийн УАНЛ Тигрес), Х.Араухо (Мексикийн Сантос Лагуна), О.Аланис (Мексикийн Гвадалахара), Ж.Гальярдо (Мексикийн УАНЛ Тигрес), К.Сальседо (Айнтрахт Франкфурт), Э.Альварес (Мексикийн Америка), Хорхе Торрес Нило (Мексикийн УАНЛ Тигрес). Р.Маркуэз шигшээ багтаа дуудагдах нь эргэлзээтэй. Харин түүнийг Испаний лигт тоглож буй Х.Морена, М.Лайюн нар орлож хамгаалалтын гол тоглогчид юм.

Хагас хамгаалагч: А.Гуардадо (Реал Бетис), Жиовани дос Сантос (АНУ-ын Лос-Анжелес Галакси), Х.Эррейра (Порто), Х.Акуино (Мексикийн УАНЛ Тигрес), М.Фабиан (Айнтрахт Франкфурт), Ж.Молина (Мексикийн Монтеррей), Йонатан дос Сантос (АНУ-ын Лос-Анжелес Галакси), Э.Эрнандес (Мексикийн Леон), Ж.Дуэнас (Мексикийн УАНЛ Тигрес), Р.Пизарро (Мексикийн Монтеррей), Х.Эрнандес (Мексикийн Пачука), О.Говеа (Бельгийн Эксель Моускрон), Й.Гонсалес (Мексикийн Монтеррей). Багийн ахлагчийн үүргийг Р.Маркуэзаас хүлээн аваад буй А.Гуардадо дундын шугамны гол тоглогч байх болно. Түүнтэй хамт Америкийн мэжир лигт тоглож буй дос Сантосууд тоглох болов уу.

Довтлогч: Х.Эрнандес (Вест Хэм Юнайтед), К.Вела (АНУ-ын Лос-Анжелес Галакси), О.Перальта (Мексикийн Америка), Р.Хименес (Бенфика), Жесүс Мануэль Корона (Порту), И.Лосано (ПСВ), А.Пулидо (Мексикийн Гуадалахара). Уг нь багийн довтолгооны гол тоглогч нь Х.Эрнандес юм. Гэвч сүүлийн үед тун форм муутай байгаа. Тэгэхлээр дасгалжуулагчид гарааны довтлогчийг сонгох ажил гарч байна.

ДАШТ-ний хэсэг:

Мексик бол хэсгээс гарахын төлөө тоглох нь ойлгомжтой. Тэдний хувьд боломжгүй зүйл биш юм. Гэхдээ Мексикийн шигшээ багийн багтсан F хэсэгт Герман, Швед болон Өмнөд Солонгосын шигшээ багууд багтсан. Мэдээж Герман бол хэсгээ тэргүүлэх бүр цаашлаад түрүүлхийн тулд тоглох бол 2-р гарахын төлөө Шведтэй гол өрсөлдөөн үзүүлэх болов уу? Эхний тоглолт тун чухал. Мексикийн эхний өрсөлдөгч нь Германы хүчирхэг баг. Хэрвээ Германд хожигдвол хэсгийн сүүлийн 2 тоглолтондоо заавал хожих даалгавартай болно. Тэдэнд хэсгээс гарах боломж бий.

Түлхүүр тоглогч:

Х.Эрнандесаас илүүтэй Нидерландын лигт тоглож буй 22 настай залуу довтлогч И.Лозано өөрийгөө харуулах боломж байж болох юм. Магадгүй Х.Эрнандес ийм муу формтой байгаа үед гараанд ч гарах бүрэн боломжтой. Учир нь ДАШТ-ний урьдчилсан шатанд шигшээ багаа гоолоор тэргүүлсэн.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж