Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Путины "залгамжлагч"

Путины "залгамжлагч"

1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргах үед түүний оронд хэн тус улсыг удирдах вэ?, өв залгамжлагч нь хэн байх вэ? гэдэг улстөрчдийн толгойны өвчин, олон нийтийн анхаарлыг ихэд татаж байсан түүхтэй. Энэ үед Борис Ельцин Владимир Путиныг сонгож байсан. Тухайн үеийн ОХУ-ын залуу, чадварлаг боловсон хүчний нэг байсан Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд хэд хэдэн удаа өрсөлдөж, өдгөө 18 дахь жилдээ ОХУ-ыг удирдаж байна.

Владимир Путин цаашид энэ улсыг удирдаж, дараа дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлэх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр би энэ улсыг мөнхөд удирдахгүй шүү дээ гэж хариулсан удаатай. Тэгвэл Владимир Путины залгамжлагч нь хэн байх вэ гэдэг нь сонирхолтой. Магадгүй тэр хүн нь Дмитрий Анатольевич Медведев байх ч боломжтой. Учир нь Дмитрий Анатольевич Медведев нь 2008-2012 оны хооронд ОХУ-ын гурав дахь ерөнхийлөгч, 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл ОХУ-ын Засгийн газрыг удирдаж байна.

NEWS агентлаг "ХҮМҮҮС" буландаа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Анатольевич Медведевийг танилцуулж байна.

Дмитрий Медведев /хүүхэд нас/

Дмитрий Медведев ОХУ-ын Санкт-Петербург /Ленинград/ хотноо сэхээтэн гэр бүлийн ганц хүү нь болон мэндэлжээ. Түүний эцэг Анатолий Афанасьевич Медведев Ленсоветын нэрэмжит Санкт-Петербург хотын технологийн дээд сургуулийн профессор, ээж Юлия Вениаминовна нь Герцены нэрэмжит Багшийн дээд сургуулийн багш, хожим нь Павловск дархан цаазат хотод хөтчөөр ажиллаж байв.

Дмитрий Медведевийн хүүхэд нас Санкт-Петербург хотын Купчино бүс нутагт өнгөрчээ. Тэрбээр Будапешт гудамжны ерөнхий боловсролын №305 сургуульд сурдаг байсан.

Сурагч Дмитрий Медведев /зүүн гар талаас/

"Дмитрий хичээлээ тасалдаггүй, хичээнгүй хүүхэд байсан. Түүнийг ангийн нөхдийн хамт гудамжинд явахыг харах нь ховор. Ихэвчлэн танхимдаа сууж, төрөл бүрийн мэдлэг, туршлага хуримтлуулахыг хичээдэг хүүхэд байсан. Тэр өнөөдрийг хүртэл бидэнтэй холбоотой байдаг" гэж сургуулийнх нь багш нар ярьдаг ажээ.

1979 онд Дмитрий Лениний коммунист залуучуудын холбоонд элсэж, 1991 оны наймдугаар сар хүртэл гишүүн нь байв. 1982 онд тэр дунд сургуулиа төгсөж, улмаар Санкт-Петербургийн их сургуулийн хуулийн ангид элсэн оржээ.

ОХУ-ын ирээдүйн Ерөнхий сайд Дмитрий хард-рок хөгжмийг сонирхдог байв. Тэр Black Sabbath, Deep Purple, Led Zeppelin болон Чайф хамтлагийн дуунуудыг сонсох дуртай байжээ. Үүнээс гадна, Медведев гэрэл зураг авах хоббитой. Тэрбээр одоо ч гэсэн гэрэл зураг авч, уралдаанд өөрийн бүтээлээ сорьдог гэнэ. Медведев цэргийн алба хаагаагүй ч Хухоямяки дахь цэргийн сургалтад хамрагдаж байсан.

Төгсөх ангийн сурагч Дмитрий Медведев

1987 онд Дмитрийн их сургуулиа төгсөж, улмаар докторт элсэн суралцжээ. Тэрбээр ‘Төрийн аж ахуйн нэгж, иргэний эрх зүйн чадамжийг бий болгоход учирч буй хүндрэлүүд’ сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Докторт суралцаж байхдаа Дмитрий хажуугаар нь иргэний эрхзүйн хичээл зааж, мөн цэвэрлэгчээр ажиллаж сардаа 120 рублиэр цалинждаг байжээ.

УЛС ТӨРИЙН КАРЬЕР

1989 онд ЗХУ-ын ардын депутатуудын их хурлын сонгууль болж, тэрхүү сонгуульд профессор Анатолий Собчак нэр дэвшсэн. Санкт-Петербург хотын ирээдүйн захирагч тэрбээр Медведевийн эрдэм шинжилгээний ажлынх нь удирдагч байсан ажээ. Залуухан доктор Дмитрий хичээлийнхээ хажуугаар багшийнхаа сонгуулийн ажилд тусалж, зурагт хуудсыг гудамжаар нааж, мэтгэлцээнд нь тусалдаг байв.

1990 онд Дмитрий докторын зэргээ хамгаалах үед Собчак Ленсоветийн төлөөлөгчийн албан тушаал хашиж байжээ. Ингээд Собчак өөрийнх нь багт орчин үеийн залуучууд хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр Дмитрийг багтаа орж ажиллахыг санал болгосон гэдэг. Медведев түүний саналыг хүлээн авч, улмаар Собчакийн зөвлөхүүдийн нэг болов. Энэ үед тэрбээр анх Владимир Путинтай танилцсан гэдэг. Путиныг ч гэсэн Собчак өөрийн багтаа урьсан ажээ.

Дмитрий Медведев, Владимир Путин

Ингээд 1991 онд Анатолий Собчак Санкт-Петербург хотын амбан захирагч болох үед Путин орлогчоор нь томилогджээ. Харин Дмитрий Медведев энэ үед Путины удирдлага дор байсан Санкт-Петербургийн захиргааны гадаад харилцааны хорооны орон тооны бус шинжээчээр томилогдов. Энэ хүрээнд тэрбээр Швед руу томилогдож, орон нутгийн удирдлагын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн байдаг.

Дмитрий Медведев 1993 онд “Финцелл” компанийн үүсгэн байгуулагчдын нэг болов. Тэр тус компанийн хувьцааны талаас илүү хувийг эзэмшиж байв. Мөн “Илим Палп Интер прайз” целлюлоз-цаасны корпорацийн хуулийн асуудал эрхэлсэн захирал, хожим нь модны аж үйлдвэрийн “Илима” ТУЗ-ын төлөөлөгчөөр томилогдож байв.

1996 онд Анатолий Собчак амбан захирагчийн сонгуульд ялагдсантай холбоотойгоор Дмитрий ‘Смольный’-той хамтран ажиллахаа больжээ. Харин 1999 онд ОХУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын орлогчийн албан тушаалд томилогдсон юм.

2000 онд Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа тэр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд томилогдсон юм. Энэ үед Дмитрий “Газпром” ТУЗ-ын дарга болж, энэ албан тушаалаа 2008 хүртэл хадгалсан.

2003 оны намраас 2005 оны намар хүртэл Дмитрий Медведев ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдав. Мөн 2003 онд Оросын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр томилсон билээ.

2005 оны аравдугаар сараас 2008 оны долдугаар сарын хооронд Медведев Ерөнхийлөгчийн хүн ам зүйн бодлого, үндэсний төслийн хэрэгжилтийн асуудал хариуцсан зөвлөлийн төлөөлөгчийн нэгдүгээр орлогч байв.

2005 оны сүүлээр түүнийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчоор томилов. 2006 оны дунд үед гурван жилийн хугацаатай үндэсний төслийн хэрэгжилтийн асуудал эрхэлсэн зөвлөлийн төлөөлөгч болов.

СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖИЛ

Дмитрий Медведевийн сонгуулийн кампанит ажил 2005 оны арваннэгдүгээр сард албан ёсоор төв телевизээр цацагдаж эхэлсэн. Хэсэг хугацааны дараагаар хэвлэлүүд түүнийг Владимир Путины итгэлт хүн хэмээн нэрлэх болов.

2006 оны есдүгээр сард Медведев “Скольково” удирдлагын сургуулийн олон улсын итгэмжлэгдсэн зөвлөлийг тэргүүлсэн. Харин 2007 оны эхэнд Медведев ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай хүний нэгээр нэрлэгдэх болов.

Шинжээчдийн дүгнэлтээр, эхний шатанд түүний төлөө нийт иргэдийн 33 хувь нь саналаа өгөх бол хоёрдугаар шатанд 54 хувь болж өснө гэв. Ингээд 2007 оны аравдугаар сард түүний сонгуулийн кампанит ажил эрчимжиж, сарын дараагаар Путин Медведевийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Сонгуулийн Ерөнхий хороонд албан ёсоор бичиг баримтаа өгөхдөө Дмитрий Медведев хэрвээ би ерөнхийлөгч болбол ‘Газпром’-ын ТУЗ-аас гарна гэж мэдэгдсэн юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

2008 оны гуравдугаар сарын 2-нд Дмитрий Анатольевич Медведев ОХУ-ын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний хүчтэй өрсөлдөгч Владимир Жириновский байсан гэдэг.

Тангараг өргөх ёслолын үеэр Медведев иргэний болон эдийн засгийн эрх чөлөөнд анхаарал хандуулж ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. Ингээд түүний гаргасан хамгийн анхны зарлиг нь аугаа эх орны дайнд оролцсон ахмад дайчдыг үнэ төлбөргүйгээр орон сууцаар хангах тухай байв.

Медведевийн бүрэн эрхийн хугацааны эхний ажил дэлхийн санхүүгийн хямрал тохиож, Өмнөд Осетын нутаг дэвсгэрт Гүржийн зэвсэгт мөргөлдөөн газар авчээ.

Энэ тухай ярихдаа тэр таван өдрийн дайн гэнэтийн үйл явдал байсан гэдэг. Тухайн үед тэрбээр Саакашвили чухам юу хийх гээд байгааг ойлгоогүй гэдэг.

Гүрж болон Өмнөд Осетын мөргөлдөөн улам хурцдаж, улмаар Медведев гал нээхийг тушаасан байдаг. Энэ бол түүний хувийн шийдвэр байсан гэдгийг сайдууд нь хэлдэг. Улмаар маргааш өглөө нь Гүржийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн обьект руу оросын агаарын хүчин бөмбөгдөж эхэлсэн түүхтэй.

Хямралын үед Медведев Ерөнхийлөгчийн шийдэмгий үйлдэл алдаатай байсан ч гадаад бодлогын хувьд ахицтай байсан гэж шинжээчид дүгнэдэг ажээ.

Дмитрий Медведевийн бүрэн эрхийн хугацаанд ОХУ-ын хүн амын өсөлт тогтворжиж, олон хүүхэдтэй гэр бүл нэмэгдэж, амьжиргааны түвшин 20 хувиар, тэтгэвэр хоёр дахин нэмэгдэж, олон гэр бүл орон сууцтай болжээ. Мөн тэрбээр жижиг, дунд үйлдвэрлэл, компьютерийн технологийн хөгжилд маш их зүйл хийсэн ажээ.

2009-2011 оны хооронд Дотоод хэргийн яамны ажилчдын нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэж, шинэчлэл хийсэн байна.

Медведевийн үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил болж, Төрийн ДУМ-ын гишүүдийн хугацаа таван жил болон нэмэгдсэн байдаг.

Ингээд 2011 оны есдүгээр сард ирэх ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор зарлажээ. Хэрвээ Путин ялалт байгуулвал Медведев Ерөнхий сайд болно гэв.

Ерөнхийдөө Дмитрий Медведевийн бүрэн эрхийн хугацааг шүүмжлэх хүмүүс их. Гэхдээ интернет хэрэглэгчид түүнд ‘сайн’ ханддаг гэнэ. Учир тэрбээр орчин үеийн техник технологийг хүүхэд байхаас л сонирхож ирсэн бөгөөд энэ чиглэлд ОХУ-д маш их зүйл хийсэн гэж ярьдаг ажээ.

Дмитрий Анатольевич Медведев 2012 оноос хойш ОХУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байна. Түүний удирдлага дор Сергей Шойгу, Сергей Лавров зэрэг чадварлаг сайдууд ажиллаж буй. Мөн Медведев 2012 оноос хойш "Нэгдсэн Орос улс’ намын даргаар ажиллаж байгаа билээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Дмитрий Медведев гэргий Светлана Линниктэй дунд сургуульд байхдаа танилцжээ. Светлана Линник Медведевын параллель ангийн охин байсан бөгөөд тэд сургуульд байхдаа л бие биедээ татагдаж, улмаар төгсөлтийн баярын үеэр Дмитрий Медведев сэтгэлээ илчилсэн гэдэг.

Гэхдээ тэдний зам оюутан болоод салсан гэдэг. Учир нь Дмитрий Медведев Санкт-Петербургийн их сургууль, Светлана Линник Санкт-Петербургийн электрофизикийн их сургуульд суралцахаар болжээ. Оюутан болмогцоо тэд огт холбоогүй байсан аж. Ингээд нэг өдөр санаандгүй хоёр биетэйгээ учирсан хос 1989 онд гэрлэлтээ батлуулжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ганц хүүтэй. Түүнийг Илья гэдэг. Илья хүү аавынхаа адил хөлбөмбөг, компьютерийн шинжлэх ухаанд сонирхолтой гэнэ. Тэр 2007 онд ‘Ералаш’ хүүхдийн кинонд хэд хэдэн удаа дүр бүтээжээ. Илья хүү 2012 онд Москвагийн Олон Улсын Харилцааны их сургуулийн элсэлтийн босгын 400 онооноос 359 оноо авч тэнцсэн ажээ.

Медведевийн гэр бүл амьтанд маш их хайртай. Тэд хоёр муур, дөрвөн нохойтой.

Хүүхэд байхаасаа л орчин үеийн технологийг сонирхож, судалдаг байсан ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нийгмийн сүлжээнд идэвхтэй нэгэн. Тэрбээр анх 1980-аад оны эхээр өөрийн гэсэн компьютертэй болж, ‘Одноклассниках’, ‘ВКонтакте’, ‘Твиттер’ болон ‘Инстаграме’-ийг идэвхтэй ашигладаг.

Дмитрий Медведев бол ОХУ-ын улстөрчдөөс нийгмийн сүлжээг ашиглан ард түмэнтэйгээ харьцсан анхны улстөрчдийн нэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж