Ерөнхий сайд асан С.Баярыг мөнгө угаасан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг бусдад давуу байдал олгосон, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг гарын үсэг зурсан гэх хэргээр шалгаж байна.
Оюутолгойг тойрсон дуулианы дундаас арай бодитой мэдээлэл авахаар Turquoise hill-ийн вэб хуудас руу орлоо. Энэ компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр худалддаг учраас хөрөнгө оруулагчдадаа, жижиг хувьцаа эзэмшигчдэдээ зориулж мэдээлэл гаргадаг юм байна. Энд хөндлөнгийн аудитаар баталгаажсан бүх гэрээ, хөндлөнгийн шинжээчдийн оролцож судалсан тооцооллуудтайгаа нийтлэгдсэн байх юм. Манай “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол” тэргүүтний дэргэд харьцуулахааргүй ил тод мэдээлэлтэй байдаг аж. Хувь нийлүүлэгчдийн хувьд “Turquoise Hill”-ийн 50.5 хувь нь л “Rio Tinto”, үлдсэн хувийг бусад улсын баялгийн сангууд, төрийн өмчит компаниуд эзэмшдэг. Тэд хэдийгээр жижиг хувьцаа эзэмшигчид гэгддэг ч бодит хөрөнгөө оруулсан учраас биднээс дутуугүй санаачилга гаргаж, нэг ширхэг хувьцааныхаа үнэ цэнийг мэддэг, хяналтаа ч тавьж чаддаг. Тэдэнд зориулж гаргасан мэдээллээр “Turquoise hill” Монголд одоогоор 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Гэтэл 2017 оны сүүлийн үеийн байдлаар 2013 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд олсон нийт орлого нь ердөө 5.5 тэрбум ам.доллар гэнэ. Ногдол ашгийн тухай ярихад хэтэрхий эрт, зөвхөн борлуулалтын орлого нь ийм, зардлаа нөхөх яагаа ч үгүй байна гэдэг нь хэнд ч илэрхий. Эдийн засгийн утгаараа Монгол Улсын Засгийн газар Оюутолгойгоос нийт 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх татвар, роялти , НӨАТ-ыг шууд авчихсан. Шууд бус утгаараа буюу ажиллагсдын цалин, дотоодын худалдан авалт, бүтээн байгуулалтад оролцогч гээд дам утгаараа эдийн засагт ямар нөлөөтэй байх нь тодорхой. Зөвхөн далд уурхайн шууд хөрөнгө оруулалт нь л гэхэд 1.1 тэрбум ам доллар байх жишээтэй, жилд нийт гурван тэрбум ам.доллар эргэлдэх бизнесээ бид л үнэлж мэдэхгүй байгаа нь харамсалтай.
Нэрээ нууцалсан татварын байцаагч хэн байв?
Гэтэл Bloomberg сайт энэ оны хоёрдугаар сарын 1-нд “Үндэстэн дамнасан корпорацийн судалгааны төв’ буюу “SOMO” хэмээх Нидерландын Төрийн бус байгууллагаас “Рио Тинто” групп болон тус группын Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг охин компани “Turquoise Hill Resources Ltd” Канад, Монголд 700 сая ам.долларын хохирол учруулсан” гэж мэдээллээ. Тэр нийтлэлийн агуулга болон манай “Оюутолгойн хэргээр” хоригдож буй Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарыг буруутгасан үндэслэл яагаад ч юм бэ ижил байна. Тодруулбал, Голландад бүртгэлтэй “SOMO” гэдэг ТББ-ын тайлангийн ард Монголын нэгэн нууцлаг татварын байцаагч байгаа юм байна. Тэрхүү нэрээ нуусан татварын байцаагч “өшөө авагч” маягаар ажилладаг гэх ч төслийн санхүүжилтын талаар ямар ч ойлголтгүй нэгэн бололтой. Монголоос SOMO-гийн report-ийг бэлдэхэд бидний сайн танил “Оюутолгойн хяналт’ ТББ- ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл мөн оролцож зарим зүйлийг бэлтгэж өгсөн байгаа юм. Тэр бол сүүлийн үед усан цахилгаан станц, эрчим хүчний төслүүд гээд Монголд хийгдэж бүхий л хөрөнгө оруулалтад “аллерги”-тэй болоод байгаа гэгддэг. Голландад дуртай нь ТББ байгуулж, тайлан судалгаа гаргаж, түүнийгээ хэвлэн нийтэлж байдаг. Гэтэл тэр ТББ-ын судалгааг үндэслэж манай хуулийн байгууллага хүмүүсээ хэлмэгдүүлээд байгаа юм биш байгаа.
Сонирхолтой нь “SOMO”-ийн судалгааг няцааж тэдний дэргэд ёстой жинхэнэ мэргэжлийн судалгааны байгууллага болох Олон улсын эрдэс баялгийн засаглалын хүрээлэн гэдэг байгууллага болон хөндлөнгийн нэгэн олон улсын татварын шинжээч нар хоорондоо хамааралгүйгээр судалгаа гаргаж SOMO-гийн батлаад байгаа өнөө 700 сая ам.долларын татвараас зайлсхийсэн (үүнээс 500 сая ам.долларыг Канадын Засгийн газарт, 200 гаруй сая ам.долларыг Монголын Засгийн газарт) гэдгийг үгүйсгэжээ. Оюутолгойн тайлангаас харахад 2017 онд ердөө 900-хан сая ам.долларын борлуулалт хийсэн байдаг. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш 5.5 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн боловч ашиггүй ажилласан байдаг. Дээр нь “РиоТинто” олон улсын жишиг болсон давхар татварын хэлэлцээрийн дагуу л суутган татвараа төлж байгаа. Монголын тал дангаараа цуцалсан ч нөгөө тал цуцлаагүй бол яах вэ гэх зэрэг нарийн асуудал дээр SOMO түүхий дүгнэлт гаргажээ гэж ойлгогдож байна. Тэгээд ч “Оюутолгой”-н үйл ажиллагаа бүтээн байгуулалтын шатандаа явж байна. Ашигтаа хүрэх болоогүй. Жишээ нь, Твиттер компани арван жил ашиггүй явсны эцэст өнгөрсөн жил л дөнгөж нэмэх балансын бараа харж байна. Оюутолгой одоо яг “улаан” данстай ажиллаж байна. Хэдийгээр борлуулалтын орлого олж байгаа боловч буцаад зардалдаа гардаг.
Хэрэв далд уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл өөр. Монголын 34 хувийн санхүүжилтийн өрийг 770 сая ам.доллар гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Энэ өр яаж үүсэв ээ? Ашигт малтмалын хуульд зааснаар манай тал оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр 34 хувиа оруулах ёстой. Бидэнд тэр үед оруулах хөрөнгө нь байгаагүй учраас ирээдүйд олох ашгаасаа 34 хувийг нөхөж өгөхөөр болсон шүү дээ. Тэгэхээр өр гэхэд бас хэцүү ч юм шиг. Энэ нөхөж хийх хөрөнгө (эсвэл өр)-ийн сайн тал нь нэг ам.доллар ч гаргаагүй хэрнээ өгөөжөө авч эхэлсэн явдал байж болох юм. Энэ тухай Ерөнхий сайд асан С.Баяр нэгэнтээ дурдсан байдаг.
Гэтэл нөгөө талд нь ‘Яагаад лицензээ үнэлж болоогүй юм бэ?’ гэсэн асуулт гарна. Хэрэв хувь хүмүүс ийм бизнест орвол лицензээ үнэлээд 34 хувьд оруулчих л байх. Харин Монголын улстөрчид “Их өр”-ийг төлөх гэж шоудаж байхдаа буюу тэртээх 2002 онд тухайн үеийн Ерөнхий сайд Намбарын Энхбаяр хайгуул хийх нь байтугай нөөцийг нь ч тогтоогоогүй газарт ашиглалтын лиценз гаргаад түүнийгээ барьцаалаад өгчихсөн гэж дуулдах л юм. Анхнаасаа 50-хан сая ам.доллараас болж лицензээ өгсөн нь нөгөө талд үйл ажиллагаагаа эхлэх хуулийн эрх болж очжээ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед бүтээн байгуулалт их ахицтай явсан байсан нь тийм учиртай. Тэгэхээр нэгэнт лицензийн эзэн болоод уурхайгаа байгуулаад өгсөн хүмүүстэй гэрээ хийх нь “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө” гэдэг шиг марзан үйлдэл болсон мэт. Энэ талаар мэргэжлийн хуульчид дүгнэлтээ хиймээр юм. Лав “манлай” хуульчдынх нь “ноён оргил” үүнийг хамгийн сайн мэдэж байсан төдийгүй Оюутолгойн гэрээг батлахын өмнөхөн хуулийн багт нь зөвлөх үүрэгтэйгээр ажиллаж байсан тухай ч яригддаг. Ингэж анх санаачилгаа алдсанаар Оюутолгойн гэрээ “мордохын хазгай” гэгч болжээ.
“Алтан хувьцаагаа авдаг байж” гэж амаа барих уу
Түүнчлэн 2010-2011 онд зардлаа хянаж чадаагүй, эсвэл нөгөө тал огт тоогоогүй нь гэрээ гэхээсээ илүү лицензийн хамгаалалтдаа найдсаных бололтой. Аль хэдийн гэрээ байгуулсны дараа ТЭЗҮ-ийг баталсан нь ч мөн л дэлхийн практикт ховор үйлдэл болсон гэж учир мэдэх мэргэжлийн хүмүүс ярилцдаг юм байна. Манайхан гадны хөрөнгө оруулагчийг олон улсын түвшинд хянаж чадах мэргэжилтнүүдээ бэлтгээгүй байж гол ажлуудаа улстөрчдөөр л хийлгэж иржээ. Улстөрчид хувьдаа л оноо авч байвал энэ төсөл унана уу, босно уу падлийгүй гэж хандаж ирж. Хэрэв Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэдэг “титэм” улстөрч 34 хувийг амилуулж, “Рио Тинто”-г хянаж чаддаг байсан бол 2011 оны зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрч улмаар манай ногдол ашгийг хойшлуулсан хүнд байдал үүсэхгүй л байсан байх. “Даахгүй нохой бялуу хураав” гэгчээр 34 хувийг жинхэнэ утгаар нь хяналтын хөзөр болгож чадах мэргэжилтэн одоо ч гэсэн байгаа болов уу.
Ингээд бодохоор анх 34 хувиа эзэмших биш вето эрхтэй “алтан хувьцаа аваач” гэсэн эрүүл шаардлагыг хүлээж авдаг л байж ч гэж бодогдох шиг. Дэлхийн банк ч тэр үед ‘Монголчууд та нар ямар өндөр хүүтэй авах гэж байгаа юм бэ, түүний оронд олон улсын донор байгууллагуудаас хямд хүүтэй эскроу маягийн санхүүгийн хэрэгсэл аваач, тэдний экспертизийг ашиглаач’ гэдэг л байсан юм билээ. Тэр үед бид даанч тоогоогүй харин ч ‘9.9%+АНУ-ын инфляци’ гэж өндөр хүүтэй гэрээ хийсэн байсныг 2011 онд дахин өөрчилж 6.5% +LIBOR гэсэн нөхцөлөөр сайжруулж байв. Тухайн үед Азийн хөгжлийн банк зэрэг байгууллага хөгжиж буй орнуудад олгодог бага хүүтэй зээлийг олгох, зардалд нь хяналт тавьдаг байх саналыг тавьсан ч манай эрх баригчид тоогоогүй юм билээ. Ер нь “Рио Тинто” бол ашиг хийх гэж орж ирсэн болохоос хот байгуулах гэж орж ирээгүй. Үүнийгээ ч манай эрх баригчдад шулуухан хэлдэг байсан. Үүнийг нь манайхан ойлгохгүй ч ойлгосон дүр үзүүлж, “Тэгэлгүй дээ, суурьшлын бүсээ бид өөрсдөө барьчихна” гэдэг байв.
Энэ мэт нийгмийн ойлголт муутай хэсэг дээр эрх баригч нам ямар улс төрийн тоглолт хийж байна вэ гэж хардахаар факт ч цөөнгүй. Жишээ нь, өөрсдөө эхэлж лицензээ өгсөн, татвар тогтворжуулах гэрээ байгуулж өгсөн, ТЭЗҮ-ээ бүр сүүлд 2010 оны хавар ёс төдий нөхөж авсан, дээр нь зардлын хэтрэлтийг хянаж чадаагүй. Энэ бүх нүглээ Дубайн төлөвлөгөө рүү чихсэн нь яг л коммунистуудын гаршсан арга харагдаад байгаа. Дубайн төлөвлөгөөг өнөөдөр дурын сайтаас хайгаад орчуулгатай нь уншиж болно. “Хоёр жил хэрэлдлээ, одоо цаашаа явъя” гэсэн тохироотой харилцан ойлголцлын санамж бичиг хэлбэртэй л юм. Хөрөнгө оруулагчдыг өөрсдөө л гуйж, урьж, элдэв хөнгөлөлт амалж ажиллуулахаар болсон мөртлөө хожим нь ажлаа эхэлсний дараа татвараа нэмээд, хувиа нэмнэ гэж дарамтлах, дээр нь торгуулиар дараад байгааг хүний, манайгүй харцгааж байна. Гэтэл нөгөө үйлдвэрлэлийн түүхий эдийн зардал өсөөд, бүтээгдэхүүний үнэ унаад, дээр нь улстөрчид нь ажилд саад хийж удаашруулаад байснаас болоод ашиг хойшлоод байдаг. Энэ тохиолдолд яах вэ?
Хамгийн ноцтой нь 2009 оны гэрээн дээр “Шилдэг улстөрчид” гэх С.Баяр, Ц.Нямдорж ажиллаад, УИХ-аар орж “добро” авсан байдаг. Энэ том тохироог нь татварын байгууллага нь нулимаад байдаг. Хөрөнгө оруулагчийн оронд би өөрийгөө орлуулаад бодлоо. Жишээ нь, би нэг пост коммунист оронд 11 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Маш их зардал гаргалаа. Би биш бол тухайн улсын Засгийн газар гаргаж л таарна. Хамгийн гол нь зардлаа нөхөх яагаа ч үгүй байхад намайг хавчаад хөрөнгийг чинь хураана, татвараа нэмнэ гээд унавал яах вэ? Би л лав шүүх рүү л гүйнэ, дараа нь арбитр. Та ч мөн адил тэгнэ (Нагаржунай л биш бол шүү дээ). Тэгэхээр “Рио Тинто”-гийн оронд ямар ч хөрөнгө оруулагч адилхан л хандах байсан. Одоо цаашид яах вэ? Энэ их баривчилгаа, дуулиан хэнд ашигтай вэ? Хэний захиалгаар ямар дохио өгөх гэж дэлхийн хэвлэлүүдэд зарлаж байгаад ийм баривчилгаа зохион байгуулав. “Дубайн төлөвлөгөө” л лав УИХ-ын 2020 оны сонгуулийн гол сэдэв болох нь. Ингэх нь ч эрх баригчдад ашигтай. “Стандарт” банкны барьцаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг тавьсан асуудлыг мартуулна. Үүгээрээ “Ч.Сайханбилэг ийм буруу юм хийж байсан учраас 49 хувийг худалдан авахад алдаатай шийдвэр гаргасан” гэх сэжүүр болгох оролдлого нь биелнэ.
“Рио Тинто”-гийн 19 хувийг эзэмшдэг “Чайналько” гэтсээр…
Арай гаднынханд ашигтай гэдгийг тооцоолсон юм биш биз. “Рио Тинто”-гийн 10 хувийг шууд, нэмж есөн хувийг дам байдлаар, нийт 19 хувийг эзэмшдэг Хятадын төрийн өмчит “Чайналко” арай Оюутолгойг хянаж эхлэхээр хөдлөөгүй байгаа? Манжууд дараа нь коммунист коминтернчууд “Монголчуудыг монголчуудаар нь даруулсаар” (их хэлмэгдүүлэлт) ирсэн тэр технологи одоо ч хэвээрээ байгаа юм биш байгаа? Илд бамбай, буу шийдмээр биш эдийн засгийн гол судсыг нь атгахын тулд хагалах тоглоомд нь бид уначихаагүй байгаа?” Рио Тинто” Оюутолгойг Хятадын талд шилжүүлэх эрхтэй гэж УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Элдэв-Очир нар энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд телевизээр хэлсний учир энэ байв уу. Зарим гишүүний ярьж байгаачлан “2037 онд ногдол ашиг авахыг хүлээх биш олборлолт бүрээсээ роялти аваад жилд 300 сая ам.доллар авна гэсэн өөрчлөлтийг гэрээндээ хийе” гэж зүтгэх нь хэнд ашигтай вэ. Монголчууд яагаад зарим чухал асуудал дээрээ нэг талдаа гарч чаддаггүй юм бол гэхээс бачуурмаар.
Өнөөдөр Хятадын төрийн өмчит олон компани Оюутолгойд хяналтаа тогтоох, тэнд хувь оролцоотой болох сонирхолтой, түүнийгээ ч нуухгүй байна. Зарим томоохон айлчлалын үеэр хөндөгддөг л сэдэв. Эрчим хүчийг маш хямд үнээр найдвартай хангах төсөл боловсруулан орж ирж байна. Тухайлбал, CITIC групп, эрчим хүчний CEFC зэргийг нэрлэж болно. Анх Оюутолгойн хөрөнгө оруулагчид өөрсдөө цахилгаан станц барьж баяжуулах үйлдвэрээ эрчим хүчээр хангах гэж байхад нь “MCS Тавантолгойд цахилгаан станц барина” гээд болиулсан. Тэр төслийг энэ Засгийн газар зогсоох уу, явуулах уу? Хятадын эрчим хүчний төслүүд мөнгөө бариад үүд тогшиж байх энэ цагт манай Эрчим хүчний яам юу тооцож суугаа бол?
“Оюутолгой” ХК жилд 100 гаруй сая ам.долларыг цахилгааны импортод зарцуулж байгаа нь цэвэр монголчуудын буруу гэхэд хилсдэхгүй. Одоо далд уурхай баригдаж байна. Энэ том ажлыг санхүүжүүлэхэд Герман, Японы хөгжлийн банк, Сүмитомо Мицүй зэрэг “аваргууд” оролцсон. Тэд Монголын геополитикийн болон улс төрийн эрсдэлийг үнэлж суугаа. Энэ их дуулианыг тэд мэдээж Монголын дотоод асуудал гэж үзэж байгаа байх л даа. Гэхдээ хэр удаан харах бол? Манайх шиг хуулиа байнга өөрчилж тохирооноос “тогтмол” шахам буцдаг улсыг тэд олон улсад хэрхэн ‘сурталчилж’ байгаа бол?
Хатуухан хэлэхэд манай эрх баригчид өөртөө хэт ахадсан баахан хөрөнгө оруулалтыг хамгаалсан хэлцлүүд, давхар татвараас хамгаалах гэрээнүүдийг олноор нь хийсэн. Нөгөө тал нь зөвшөөрөөгүй ч гэсэн дангаараа цуцалж л орхидог. Хөрөнгө оруулагчид энэ мэт тодорхой бус, ойлгомжгүй байсан зарим асуудлыг л Дубайн төлөвлөгөөгөөр тодруулсан нь улам тодорхой бөгөөд зайлшгүй хийх ёстой ажил байсан гэж харагдаад байна. Гэтэл тэр тодруулгыг хийсэн хүмүүсээ бариад хорьчихоор хөрөнгө оруулагчдад, гуравдагч хөршүүдэд маань тун ч тааруухан мессеж өгч байна даа. Монгол Улсын Үндсэн хуулийн дараа ордог Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын ач холбогдлыг маш тодорхой томьёолсон л байдаг юм билээ дээ. Харин одоо үүнийг анхаарах сөгөөтэй хүн даанч алга. “Маргааш хэнийг бол…” гэж түгших нь түгшиж, баясах нь баясч суугаа нь харамсалтай.