Өнгөрсөн онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн тахилгатай уулаар Булган сумын нутаг дахь Хан уул, Баян-Эрхэт уул /Туг уул/, Халхгол сумын нутаг дахь Богд цагаан уул /Вангийн цагаан уул/, Баяндун сумын нутаг дахь Угтам уул, Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Галын голыг аймгийн тахилгатай гол болгосон билээ.
Энэ дагуу аймгийн тахилгатай 5 голыг жилд нэг буюу нэг голыг 5 жилд нэг удаа уламжлалт дэг жаягийн дагуу тахиж тайх юм.
Байгаль дэлхий лус савдгаа аргадах заншил бүхий Хэрлэн голын тахилга Баянтүмэн сумын нутаг Бөгтөр харын рашаан хэмээх газар билгийн тооллын хаврын адаг сарын 28-ны лусын буулттай өдрийн морин цагт буюу аргын тооллын 5-р сарын 13-ны ням гарагт 11:40 цагт эхэлнэ.
Энэ орчмыг эрт дээр үеэс сүслэн, тахиж ирсэн уламжлалтай бөгөөд аймаг, орон нутгийн зүгээс 2007 онд Лусын бумба бүтээн, Луваанжалбуу бурхан залснаар жил бүр тахилга үйлдэн, Хэрлэн голоо аргадаж, лус савдаг баясган, нутаг орон, ард иргэдийнхээ буян заяаг даатган байна.
Аймгийн тахилгатай болсон Хэрлэн голын анхны тахилгын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар “Нэг голын хүүхдүүд” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд тахилгын ёслолын бэлтгэл ажлыг аймгийн Засаг даргын орлогч, “Нэг голын хүүхдүүд” төслийн багийн ахлагч Ш.Ёл тэргүүтэй бүрэлдэхүүн базааж байна.
Монголчууд лусын буулттай өдөр лусын сан тавьж, уул овоо, булаг шанд тахиж, гол мөрөнд дүлцэнгийн элс, тариа будаа зэргийг өргөдөг ба үүнд лус машид баясан цэнгэж, буян хишгээ хайрладаг гэдэг.
Тахилгын үеэр аймгийн Бурхан шашны төв Данриг Данжаалин хийдийн лам хуврагууд “Юлтий”, Хэрлэн голын сан, газар лусын сан зэрэг ном хурж, аймгийн “Үл бүдгэрэх өв” төслийн Хэрлэнгийн барьяа чуулга “Хэрлэнгийн барьяа” дуу, Хэрлэн голын магтуу өргөж, гол ус, лус савдгаа тахин, баясгана.
Лусын буулт, буцалт болон лус савдаг тэргүүтнийг баясгах аваас ач тусыг үзэх, хилэгнүүлэх аваас шийтгэл хүртэх талаар ном сударт чухалчлан тэмдэглэгджээ. Тийн учир Хэрлэн голын тахилга тайлгад оролцогчид элдэв буруу үйлийг тэвчиж, өөрт болон өрөөл бусдад тустай үйлийг үйлдэж, хар муу сэтгэл, хэрүүл тэмцлийг цээрлэн, зөв сэтгэлээр олон түмэн, нийтийн сайн сайхны төлөө залбирч гүн хүндэтгэлтэй хандах учиртай аж.
Иргэд олон нийтийг оролцох боломжоор хангах үүднээс нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэхээр шийдвэрлэсэн байна. Нийтийн тээвэр Хэрлэн сумын 4, 5, 8 дугаар багийн ажлын алба, Ялалтын 20-р эгнээ, Хэрлэн сумын ЗДТГ гэсэн 5 чиглэлээс 10:00 цагт хөдлөх бөгөөд маршрутын дагуу буудал, зогсоолуудаар дамжин Хэрлэн голын тахилга болох Бөгтөр харын рашаан орчимд иргэдийг хүргэн, чиглэлийн дагуу буцна.
Тахилгыг угтан Хэрлэн голын ай сав дагуух Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, Хэрлэн, Чойбалсан сумын 13 сургуулийн 6-р ангийн 30 бүлгийн сурагчдад “Нэг голын хүүхдүүд” нээлттэй хичээл орж, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Хэрлэн голын усны сав газрын захиргаанаас зохион байгуулсан “Нэг голын хүүхдүүд” гар зураг, эссе бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээлээр аймгийн төв номын санд үзэсгэлэн гаргах юм.
Мөн тахилгын үйл ажиллагааны хүрээнд “Хэрлэн голын усны нөөцийг зөв зохистой ашиглахад талуудын оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Нэг голын хүүхдүүд” төслийн хүрээнд тахилгын үйл ажиллагааг зохион байгуулснаар олон нийтэд байгаль дэлхийтэйгээ харилцах уламжлалт болон шинжлэх ухаанч харилцаа, үндэсний зан заншлаа сэргээн, хойч үедээ өвлүүлэх, эх дэлхийтэйгээ зөв харьцах хандлагыг бий болгох зэрэг нөлөөллийн олон талын ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.
Дашрамд дурдахад, аймгийн тахилгатай уул овоо, гол мөрнийг тахих ёслолын ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжээс хандив дэмжлэг авахыг хориглон журамлажээ.
Эх сурвалж: dornod.gov.mn