Төрийн зардлаар гадаад суралцагчдаас 100 гаруй нь сураггүй байна

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Төрийн зардлаар гадаад суралцагчдаас 100 гаруй нь сураггүй байна

Төрийн зардлаар гадаад суралцагчдаас 100 гаруй нь сураггүй байна

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд суралцагчдын талаарх асуудал жил бүр хөндөгдөх болсон. Учир нь, эдгээр иргэн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс улсад 8.3 сая ам.долларын хохирол учирахаар байсан юм.

Авлигатай тэмцэх газраас (АТГ) өнгөрсөн онд энэ үндэслэлээр арга хэмжээ авахыг Боловсролын зээлийн санд үүрэг болгосон. Тухайлбал, АТГ-ын ажлын хэсэг өнгөрсөн онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд (БСШУСЯ) ажиллах үеэрээ Боловсролын зээлийн сангийн зээлээр гаднын оронд суралцсан иргэдийн судалгаатай нарийвчлан танилцсан юм. Улмаар Боловсролын зээлийн сан буюу хуучин нэршлээр Сургалтын төрийн сангаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, сураггүй болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж, нийтэд ил тод мэдээлэхийг үүрэг болгосон.  

Үүний дагуу Боловсролын зээлийн сангийнхан өөрийн албан ёсны цахим хуудсандаа 1997-2012 оны хооронд төрийн сангийн зээлээр гадаадын улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарласан юм. Ингэхдээ сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан иргэд Боловсролын зээлийн сангийн холбогдох мэргэжилтэнтэй 2017 оны арваннэгдүгээр сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 8-ны хооронд ирж уулзах. заасан хугацаанд ирж уулзаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авахыг анхааруулсан байдаг. Тиймээс энэ асуудал яаж шийдэгдсэн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэнтэй ярилцлаа


-Боловсролын зээлийн сангаас зээл авч гаднын оронд суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэнийг зарласан. Одоогоор тэдний хэд нь зээлээ эргэн төлөөд байна вэ?

-Төрийн сангийн зээлээр гаднын оронд сургах докторын хөтөлбөр нь 1997 оноос эхлэн хэрэгжсэн. Бакалаврын хөтөлбөр 2011 оноос эхлэн хэрэгжсэн. Магистр болон докторын зэрэгт нийт 2000 орчим оюутан суралцсан байдаг. Бакалаврын хөтөлбөрт 300-аад оюутан хамрагдсан байна. Бакалаврын хөтөлбөрт хамрагдсан оюутнууд одоогоор суралцаж байна. Харин  магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан оюутнууд үргэлжлүүлэн суралцаж байгаа. Мөн төгссөн хүн ч бий. Эдгээр хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Олон нийтийн дунд зээлээ төлөхгүй байна, ирэхгүй байна, сураггүй болчихлоо гэсэн асуудал нэлээд яригддаг. Ийм том хөтөлбөрийг зээлийн сантайгаа эргэн холбогдохгүй байгаа хэсэг хариуцлагагүй хүний үйлдлээр дүгнэж болохгүй. Үнэн хэрэгтээ магистр, докторантын 100 гаруй хүний асуудал үлдсэн. Тэдэнтэй холбогдох, гэрээг нь хянах, шаардлагатай гэж үзвэл дараагийн шатанд шилжих, зээлийг нь эргэн төлүүлэх зэрэг ажлыг Боловсролын зээлийн сангаас хийж байгаа.

-Заасан хугацаанд зээлээ эргэн төлөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэж байсан. Зээлээ төлөлгүй үлдсэн иргэнд ямар хариуцлага тооцох вэ?

-Эх орондоо ирээд тав болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан байхыг гэрээн дээр тодорхой заасан байдаг. Ирэхгүй байгаа хүмүүстэй холбоо барьсан. Өндөр хөгжилтэй орны томоохон лаборатори, сургуульд доктор, профессорын ажил хийж байгаа хүмүүст зээлээ төлөх арга хэмжээ авч байна. Хэрэв хариу ирүүлэхгүй бол бид дараагийн арга хэмжээг авна.

-Боловсролын зээлийн сангийн зээлд хамрагдах иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Зээлийн барьцааг чангаруулна. Үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалж байгаа. Нөгөө талаас гарцаагүй хамрагдах ёстой, хэрэгцээтэй, эрэлттэй мэргэжлүүдийг түлхүү дэмжиж байна.

-Мөн дээрх зээлд хамрагдан, сургуулиа төгсөөд ажиллаж байгаа хэдэн хүн байна вэ?

Зээлд хамрагдан сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа нэг мянга гаруй хүн байна. Манай улсад 2000 хүнийг суралцуулсан тухай яригддаг бол гадаадын өндөр хөгжилтэй оронд энэ тоо нэг сарынх нь байдаг. Тэд жилд хоёр сая гаруй хүнийг гадаадын оронд сургадаг. Үүнийхээ үр шимээр тухайн орон хөгждөг. Гэтэл манай улсын хувьд гадаадын оронд сургасан хүмүүсийнхээ талаарх мэдээллээр сенсацилж байна. Ингэх шаардлагагүй юм шүү дээ. Зээлийн сантайгаа эргэн холбогдохгүй байгаа цөөн хэдэн хүний асуудал л үүнд яригдана. Үүн дээр холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа.  

-Төрийн сангийн зээлээр гаднын оронд суралцсан иргэд ихэвчлэн аль чиглэлээр суралцаж байна вэ?

-Анх 1997 оноос эхлэн хэрэгжихдээ ямар нэгэн мэргэжил харгалзалгүйгээр төрийн албан хаагч, яам тамгын газар, бодлого боловсруулдаг газрын хүмүүсийг нэр хүндтэй сургуулиудад мэргэшүүлэх чиглэлээр сургаж байсан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгцээтэй гэж батлагдсан инженер, техникч, технологич зэрэг 40 гаруй мэргэжлээр түлхүү сургаж байгаа.  

-Энэ жил Боловсролын зээлийн сангаас хэдэн оюутанд гаднын их, дээд сургуульд суралцах боломж олгож байгаа вэ?

-Сонгон шалгаруулалт явж байгаа. Франц, Итали зэрэг орны хамтарсан томоохон хөтөлбөрт 50-иад иргэнийг магистр, докторын зэргээр суралцуулах төлөвлөгөөтэй байгаа. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрөөр 35 хүн магистр, докторын зэрэгт суралцана.

-Дотоодод бакалаврын зэрэгт суралцаж байгаа оюутнуудад энэ жилээс эхлэн хүүгүй, барьцаагүй зээл олгож байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Оюутны хөгжлийн зээлийг энэ жилээс эхлэн Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгодог болж байна. Өмнө нь арилжааны банкаар дамжуулан таван хувийн хүүтэй олгодог байсан зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгодог болсноор хүүгүй болсон. Оюутны ирээдүйн орлогод  тулгуурлан барьцаа хөрөнгөгүйгээр зээлийг олгож байгаа. Сургуулиудад хүргэгдсэн. БСШУС-ын сайд, Сангийн сайд нарын тушаал сургуулиудад хүргэгдсэн. Одоо сургуулиудад тав болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байгаа. Комисс хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажил явагдаж байна.  2018 оны хувьд 75 тэрбум төгрөгийг 33 мянга орчим оюутанд олгохоор төлөвлөж байна.

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гаднын оронд магистрантур, докторантурт  суралцах бол мэдээллийг эндээс авна уу.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж