Иран улс цөмийн үйл ажиллагаагаа хумьсны хариуд тус улсын эсрэг НҮБ, АНУ, Европын холбооны тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах нөхцлөөр Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээг 2015 онд байгуулсан юм. АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн үед Иран улсаас АНУ болон Европын орнуудтай тохиролцон цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулсан. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх засгийн үед байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг хурцаар шүүмжлэн, АНУ-ыг гаргах шийдвэр гаргалаа. Дональд Трамп гэрээнд оролцогч бусад орнуудыг заалтуудаа шинэчлэх шаардлагыг удаа дараа тавьсан боловч амжилтад хүрээгүй тул АНУ-ыг Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гаргах шийдвэр гаргажээ. Үүний зэрэгцээ Ираныг цөмийн зэвсэгтэй гэж итгэдэг Ойрхи-Дорнодын ганц улс Израйлийн талаас Дональд Трампад багагүй нөлөө үзүүлсэн байна. Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетьянху өнгөрсөн долоо хоногт Иран улс нууцаар гэрээний заалтуудыг зөрчин цөмийн үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн мэдэгджээ.
Гэрээг эсэргүүцэх шалтгаан
Дональд Трамп цөмийн хөтөлбөрийн гэрээ нь Ираны цөмийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд хязгаарласнаас бус баллистик пуужин хөгжүүлэлтийг зогсоож чадаагүй гэж үзжээ. Учир нь Иран улс нь 2025 оноос хойш цөмийн хөтөлбөрөө дахин эхлүүлэх боломжийг гэрээнд тусгасан аж. Түүнчлэн тэрбээр АНУ нь Иранд 100 тэрбум ам.долларын “царцаасан” мөнгийг төлөх болсон нь Ойрхи-Дорнод даяар терроризм, зэр зэвсэг, хэт даврагчдыг санхүүлэх хөрөнгө болж очих болно гэсэн байна. Гэхдээ гэрээнд оролцогч бусад талууд гэрээг сахьсан хэвээр байх бололтой. Францын гадаад хэргийн сайд Жан Ив ле-Дриан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ ганц АНУ гарснаас болоод хүчингүй болохгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр ирэх даваа гаригт Их Британи, Герман болон Ираны талтай цөмийн хөтөлбөрийн гэрээг хэлэлцэх аж. Түүнчлэн ОХУ болон Хятад улсын талаас Дональд Трампын шийдвэрийг буруушаасан мэдэгдэл хийжээ.
Олон улсын хариу үйлдэл
Харин Иран улсын талаас гэрээг авч үлдэхийг хичээх боловч чадаагүй нөхцөлд нэн даруй уран баяжуулах үйлдвэрлэлээ эхлэхээ мэдэгджээ. Тегераны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулахад оролцсон бусад орнуудтай хэлэлцэх хүртэл уран баяжуулалтаа эхлэхээ хэдэн долоо хоног харзнах аж. Дональд Трампын мэдэгдлийн дараа Ираны парламентын гишүүд ихэд уурсаж, АНУ-ын төрийн далбааны жижигрүүлсэн хувилбарыг парламентын ордондоо галдан шатааж эсэргүүцлээ илэрхийлжээ. Ираны ерөнхийлөгч “Бидэнд цөмийн тэсрэх бөмбөг байхгүй гэж олон удаа хэлсэн. Бид үгүй гэсэн л бол байхгүй. Харин АНУ амлалтаасаа буцлаа” хэмээжээ. Мөн тэрбээр “Хэрэв АНУ-аас Ойрхи-Дорнод болон олон улсад Ираны нөлөөг хумихыг хичээвэл бид шаргуу эсэргүүцэнэ” гэдгийг хэлжээ.
Нефтийн үнэ өснө
Дональд Трампын мэдэгдлийн дараа АНУ-ын Баруун Техасын дундаж чанарын түүхий нефтийн үнэ баррель нь 1.67 ам.доллараар унаж, өмнөх өдрөөс 2,4 хувиар буурчээ. Харин Брент нефтийн үнэ баррель нь 47 центээр унаж, өмнөх өдрийнхөөс 0,6 хувиар буурчээ. Энэ долоо хоногийн даваа гаригт арилжаа нээхэд олон улсын зах зээл дээр баррель газрын тосны үнэ 75 ам.долларт хүрч, 2014 оны арваннэгдүгээр сараас хойш 70 ам.долларыг даваад байв. Иран бол газрын тос олборлогч орнуудын байгууллагын гурав дахь том олборлогч орон юм. Тус улсаас өдөрт 2.5 сая баррель орчим газрын тосыг дэлхийн зах зээлд нийлж байна. Харин Ираны эсрэг олон улсын эдийн засгийн хоригийг сэргээснээр дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт багасч, алсдаа нефтийн үнэ өсч эхлэхийг шинжээчид таамаглажээ. АНУ-аас эдийн засгийн хоригоо сэргээснээр Ираны нефтийн нийлүүлтийг өдөрт 500 мянган баррелиар хумих аж. АНУ-аас Ираны эсрэг эдийн засгийн хоригоо ирэх долдугаар сарын 11-ээс эхлэн идэвхжүүлэхээр зэхэж байна. Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ нь нисэх онгоцны экспорт, газрын тосны салар, металлын арилжаа, ам.доллар худалдан авах зэргийг хязгаарлах аж. Түүнчлэн Европын компаниуд АНУ-ын хоригийг зөрчвөл өөрсдөө арга хэмжээнд өртөхийг анхааруулжээ.