МАН-ын Засгийн газрын толгойны өвчин болсон Элчин сайдуудын томилгоо дахиад л гацав бололтой. Уг нь зургаан улсын Элчин сайдыг шинээр томилохоор болсон. Эдгээрээс хоёр улсад суух Элчин сайдын суудал эзгүй байсан бол дөрвийг нь эгүүлэн татаж, орлох Элчин сайдыг томилохоор бэлтгэж буй. Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн учраас зургаан Элчин сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлжээ. Засгийн газраас Шведийн вант улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татаж, О.Энхцэцэгийг, Япон улсад суух Элчин сайдаар Д.Батжаргалыг, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболдыг, Их Британи улсад суух Элчин сайдаас С.Баярыг эгүүлэн татаж Н.Тулгыг, Тайландын Элчин сайд Т.Төгсбилгүүнийг эгүүлэн татаж, Н.Чимгүүндарийг, Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүүг эгүүлэн татаж, Г.Тэнгэрийг томилохоор тус тус саналаа Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн байна.
Гадаад харилцааны яамнаас Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайдууд
- О.Энхцэцэг дипломат албанд 31 жил ажилласан, 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.
- Д.Батжаргал төрийн албанд 31 жил ажилласнаас дипломат албанд 11 жил ажилласан. 2016 оноос Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж буй.
- Я.Ариунболд дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж байна.
- Н.Тулга дипломат албанд 29 дэх жилдээ ажиллаж буй. 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байна.
- Г.Тэнгэр төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажиллаж байна. 2014-2017 онд “Монголын Зүүний хүчний холбоо” төрийн бус байгууллагын нарийн бичгийн дарга, 2017 оноос тус холбооны орон тооны бус нарийн бичгийн даргаар ажиллаж буй.
- Н.Чимгүүндарь дипломат албанд 11 жил ажилласан, 2018 оноос Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байна
Ерөнхийлөгчийн зүгээс Япон, Швед, Канад, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсуудад суух Элчин сайдуудыг дэмжсэн байна. Харин Тайландад суух Элчин сайд Н.Чимгүүндарь, Австрали улсад суух Элчин сайд Г.Тэнгэр нарын асуудлыг түр хойшлуулжээ. Тодруулбал, Австрали, Тайланд улсад суугаа одоогийн Элчин сайд нарыг эгүүлэн татаагүй, Засгийн газар энэ асуудлаа хэлэлцээгүй учраас тэднийг томилох асуудлыг зөвшилцөхгүй гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн гэнэ. Тиймээс Засгийн газрыг дээрх хоёр улсад суугаа Элчин сайдуудаа албан ёсоор эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэний дараа Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцөх бололтой. Засгийн газар энэ долоо хоногт хуралдах боломжгүй. Учир нь Ерөнхий сайд орон нутагт томилолттой яваа бөгөөд баасан гаригт ирнэ. Тиймээс тэр хүртэл Элчин сайдуудын асуудал “түр” гацаанд орох бололтой.
Жил гаруй хугацаанд МАН-ын Засгийн газар Элчин сайдуудаа томилж чадахгүй, тохиролцохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс энэ удаад Ерөнхийлөгчийн “хүслээр” оруулж ирсэн дөрвөн сайдыг ямартай ч дэмжих нь. Харин түүний таалахгүй байгаа элчингүүд бусад элчингүүдээ уях вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байна.
Ш.ЧИМЭГ