Таван их наяд төгрөгийн концесс зарлана

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Таван их наяд төгрөгийн концесс зарлана

Таван их наяд төгрөгийн концесс зарлана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээнд нийт найман их наяд 780 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. Үүний таван их наяд 170 гаруй тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Ирэх оны үндсэн чиглэлд Макро, эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг тусгажээ.

Ирэх онд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн, хөнгөн хүнс, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараа хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа аж.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа ”2019 оны 123 арга хэмжээнд 8 их наяд 619 тэрбум төгрөгөөр хийх төсөл орж ирж байна. Эндээс төсвийн хөрөнгөөр  нэг их наяд төгрөг, гадаадын хөрөнгө оруулалтаар 1,8 их наяд төгрөг, үлдсэн таван  их наяд төгрөг нь төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессоор хийнэ гэсэн төсөөлөлтэй орж байгаа юм байна. Сангийн сайдын хэлж байгаа таницуулгаас харахад 2019 онд эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн орлогыг дэмжсэн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих гэсэн хандлагыг дэмжиж байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2019 оны Үндсэн чиглэл өмнөхөөсөө нэг их ялгарах зүйлгүй харагдаж байгааг шүүмжлэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон ихэнх гишүүд ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлууд иргэдийн амьдралд ашигтайгаар тусах шаардлагатайг онцолсон юм. Ийнхүү гишүүд саналаа хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад ихэнх гишүүд дэмжсэн юм.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж