Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин нар төрийн байгууллага, их дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулж түншлэлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг төр, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын олон талт хамтын инновацид түшиглэн хөгжүүлэх, нийслэлийн дүүрэг бүрийн тэргүүлэх чиглэлийн салбар бүтээгдэхүүнийг тодорхойлох, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар, дизайныг сайжруулах, чадавхыг дээшлүүлэхэд сургалт зохион байгуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр талууд хамтарч ажиллах юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ төр, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод талууд үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.