Улс төрийн намуудын санхүүжилтийн талаар Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгээс тодрууллаа.
-Улс төрийн намуудын санхүүжилт тойрсон элдэв шүүмжлэл байнга гардаг. Олон нийт, улстөрчид ч өөрсдөө намуудын санхүүжилт авлигыг бий болгох “тор” нь болж байгааг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?
-Сүүлийн үед улс төрийн намын жирийн гишүүд намдаа итгэх итгэл буурч байгаа нь намын санхүүжилттэй шууд холбоотой. Одоо хэрэгжиж буй хуулиар санхүүжилтийн систем нь сайн зохицуулагдаагүй учраас намууд хөрөнгөлөг, чинээлэг хэсэг бүлэг хүмүүсээс санхүүждэг. Улмаар намдаа голлох хандив өгсөн хүмүүс нь эрх мэдлийн эзэд болдог. Жирийн гишүүд доторх ардчиллын асуудлыг яаж бэхжүүлэх үү, иргэд намынхаа санхүүжилтэд хэрхэн хяналт тавих уу гэдгийг цогцоор нь шийдэх цаг үе нь ирээд байна.
-Намуудын санхүүжилтийг ил тод болгосноор улс төрийн хүрээнд эргэлдэж буй их мөнгийг хянаж чадах уу?
-Одоогийн хуулиар Аудит ерөнхий газар, Сонгуулийн хороо, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт тавьдаг. Гэвч яг ямар түвшинд хяналт тавих нь хуульд нарийн тусгагдаагүй. Тиймээс нэр төдий хяналт л үүссэн байна. Авлигыг нар тусгаж, нян бохирдлыг арилгаж байж бууруулна гэж ярьдаг. Гэтэл манай улсад хамгийн хаалттай мэдээлэл нь улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал болсон. Яаж ч хөөцөлдөөд энэ мэдээлэл ил тод болохгүй байна. Тэгэхээр улс төрийн намуудын санхүүжилтийг хэн, ямар хэлбэрээр ил болгох ёстойг хуульд маш тодорхой зааж өгөх хэрэгтэй.
Улс төрийн намуудын санхүүжилт ил болохгүй байгаа тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь бас сул. Манай улсын Улс төрийн намын тухай хуульд 2005 оноос хойш өөрчлөлт ороогүй, маш хуучирсан. Энэ нь яагаад ч өнөөгийн нөхцөлд тохирохгүй болсон хууль. Шинэчлэгдэж байж бид цааш алхана.
-Намын санхүүжилт хаалттай байлаа гээд нийгэмд ямар хортой вэ?
-Сүүлийн үед гарсан судалгаануудаас харахад, улс төрийн намууд авлигын эрсдэл өндөр, иргэдийн итгэлийг хүлээхгүй байгаа нь харагддаг. Нөгөө талаас төлөөллийн ардчиллыг улс төрийн намгүйгээр цааш хөгжүүлэх боломжгүй. Тиймээс нийгмийн хүлээлт, шаардлага бий болсон гэдэг нь энэ бүхнээс харагдаж байна. Үүнийг мэдэрч УИХ-аас улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх асуудалд ажлын хэсэг байгуулагдсан гэж ойлгож байгаа. Ингэхдээ хэдэн хүн тойрч суугаад асуудлыг шийдэх бус илүү томоор олон талаас нь хэлэлцэж судалгаа шинжилгээний үр дүнд хуулийн зохицуулалт хийгдээсэй гэж хүсэж байна. Ингэж байж авлигын хөрс суурь болоод буй гол асуудлыг цэгцэлнэ.
Төрийн албаны тогтворгүй байдал мөн л намын санхүүжилттэй холбоотой. Төрийн албыг нам өөрийгөө санхүүжүүлэх арга хэрэгсэл болгосон. Өөрөөр хэлбэл, авлига, төрийн албаны тогтворгүй байдал зэрэг нийгмийн хөгжлөөс чангааж байгаа гол асуудал нь улс төрийн намын санхүүжилт болоод байна. Авлига бол нийгмийн хорт хавдар шүү дээ.
-Намуудын санхүүжилтийг улсын төсвөөс гаргах асуудал яригдах болсон. Төсвөөс намуудыг санхүүжүүлэхээр боллоо гэхэд ямар шаардлага тавих ёстой вэ?
-Төсвөөс намыг санхүүжүүлэх нь олон улсад шалгарсан шилдэг хэлбэр л дээ. Томоохон хандивлагч тухайн намыг монополдож авлаа гэхэд эрх ашиг нь яг ард түмний төлөө байх чадамжтай юу гэсэн асуулт тавигддаг. Ард түмэнд үйлчлэх ёстой эрүүл институци байхын тулд санхүүжилт нь ил тод байх шаардлагатай. Ингэхдээ тодорхой хэмжээнд улсын төсвөөс санхүүжих зохистой харилцааг эрхэмлэх юм. Гэхдээ бүх намуудад төсвөөс мөнгө олгоно гэсэн үг биш. Тодорхой шалгуур тавих ёстой. Үүнээс манай намуудад ямар шалгуур тавибал зүгээр вэ гэдгийг нарийн судлах шаардлагатай байна. Улс төрийн намуудын санхүүжилтийн хэлбэрүүдийн зохистой харьцааг хуульд хэрхэн тусгах тал дээр судалгаа шинжилгээ хийх ёстой. Өнөөдөр бидний эхлүүлж буй судалгаа дээрх тулгамдсан асуудлуудад олон улсын сайн туршлагуудыг үндэслэн хариултаа эрэлхийлж байна. Санхүүжилтийн эх үүсвэр зөвхөн нэг л асуудал. Дараа нь үүнийг яаж тайлагнах, хэрвээ зөрчил гарсан тохиолдолд хэн ямар хариуцлага, ямар хэмжээнд хүлээлгэх зэргийг цогцоор нь шийдэх нь судалж хууль тогтоомжид тусгах шаардлагатай.
-Манай төсөвт ийм боломж байх уу. Нэг талаар төсөвт том дарамт ирж, намуудыг нөгөө л татвар төлөгч, баялаг бүтээгчид давхар тэжээх хэрэг гарах юм биш үү?
-Ямар үйл ажиллагааг нь санхүүжүүлэх үү гэдэг нь одоогоор тодорхой бус учир хариулт өгөх боломжгүй л дээ.Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар УИХ-д суудалтай намууд суудлынхаа тоогоор жилд тодорхой хэмжээний мөнгийг төрөөс авдаг. Харин парламентын гадна жижиг намуудад санхүүжилт огт хүртээмжгүй. Үүнийг тэгш бус байна гэдгийг хүн бүр хэлж байна. гэхдээ парламентын гадна намуудад санхүүжилтийг хавтгайруулж олгох юм уу эсвэл тодорхой шалгууртайгаар олгох уу гэдэг нь чухал асуудал. Олон улсын жишигт бол тодорхой шалгуурыг тавьж олгох шаардлагатай гэж үздэг. Манайд яг ямар шалгуур тавих уу гэдэгт бидний хийж буй судалгаа чиглэгдэж байгаа.
Ш.АДЪЯАМАА