Томоохон метрополис хотууд болох Сингапур – Нью-Йоркийг холбосон дэлхийн хамгийн урт нислэг албан ёсоор энэ оны сүүл үеэр нэвтрэх гэж байна. Ямар ч зогсолтгүйгээр 19 цаг үргэлжлэх энэхүү шууд нислэгийг Singapore Airlines компани үйлдэх юм.
Шинээр нэвтрэх нислэгтээ зориулж Singapore Airlines компани хамгийн сүүлийн үеийн Airbus A350-900ULR загварын онгоцноос долоог захиалаад байгаагаас эхний ээлжинд энэ оны наймдугаар сард захиалгаа хүлээж авах юм байна.
Airbus A350-900ULR загварын онгоцны хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Франц дахь судалгааны төвөөсөө 5 цагийн туршид туршилтын нислэг үйлдэж, нисэх зурвастаа амжилттай эргэн газардсан байна.
280 тонн жинтэй, 170 хүний суудалтай шинэ онгоцонд зорчигчид бараг бүтэн нэг өдрийг өнгөрөөх тул онгоцны дизайн тэдний тав тухыг дээд зэргээр хангахад зориулагдсан байхаар зохион бүтээгджээ.
A350-900ULR онгоц нь энэхүү шинэ чиглэлийн нислэгийг үйлдэхэд өмнөх A350-900 загвартай харьцуулахад 24,000 литрээр их хэмжээний түлшийг зарцуулна гэсэн тооцоолол байна.
Ойролцоогоор зогсолтгүй 18,000 километр замыг туулах хүчин чадалтай энэ онгоц нь өмнөх загвартай харьцуулахад 3000 километрээр хол нисэх бололцоотой болжээ.
Г.Сүмбээ
Эх сурвалж: CNN