“Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орж, тарьсан суулгацаа эргэлээ. Одоо сийрэгжүүлэлт хийх шаардлага тулгарч байна” гэж ярих эрхэм бол “Болд” ХХК-ийн ерөнхий захирал Х.Болдбаатар юм. Түүний байгуулсан “УБТ Гарден” ХХК ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Ойжуулалтын ажлыг эрчимжүүлэхэд эл салбарт ямар бодлого хэрэгтэй, мөн ууланд ургаж байгаа модыг Улаанбаатар хотод шилжүүлэн тарих нь хэр зөв бэ зэрэг асуудлыг хөндөж, ярилцлаа.
-Мод тарих үндэсний өдөр энэ амралтын өдөр тохионо. Иргэд мод тарих ажилд бэлтгэж байна, нийслэлд энэ чиглэлийн ажил эхэллээ. Ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний компаниуд хэр бэлтгэл хангасан байгаа бол? Жишээлбэл, “УБТ Гарден” ХХК хичнээн мод нийлүүлэх боломжтой вэ?
-Арваад жилийн өмнө Монгол улсын хэмжээнд тулгамдсан хэрнээ хэн ч анхаардаггүй асуудал бол ойжуулалт байлаа. 2010 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар хүн бүр мод тарих хэрэгтэй гэдгийг мэддэг болж, жил бүрийн хавар, намар бие биенээ мод тарихад уриалдаг болжээ.
Ой модны яаманд ажиллаж байсан болон энэ чиглэлийн ажил эрхэлдэг хүмүүс ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр нөхөрлөл, хоршоо, компани байгуулсан нь 300-д хүрсэн болов уу. Манай компани тэдний нэг нь. Нэг үеэ бодвол аж ахуйн нэгжүүд хөл дээрээ зогссон.
“УБТ Гарден” ХХК–ийн үйл ажиллагааг эхлэхэд амаргүй л байлаа, одоо ч бас бэрхшээл бий. Гэвч анх тарьсан суулгацуудаа ургасныг харахаар 20, 30 жилээр тоологдох ирээдүй харагдаж эхэлж байгаа. Сэтгэл сэргэмээр шүү. Манай хүлэмж бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 1 сая мод нийлүүлэх боломжтой. Өнгөрсөн хугацаанд 3 сая орчим мод гаргасан.
Бид үрээр мод тарьж, ургуулдаг. Эхний үрээр тарьсан мод 20см-ээс 1 метр гаруй өндөр ургасан. Хүүхдээр бол хөлд орж байна. Бүхий л төрлийн модыг тарьдаг. Хамгийн богино настай нь хус, 50 жил амьдрах чадвартай, бусад мод 50-200 жилийн настай байдаг. Үр дүн маш сайн байна.
-Тарьсан моднууд нь хаана хаана ургаж байна вэ?
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1 сая гаруй мод тарьсан. Үрээр тарьсан мод бут нь хамгийн багадаа 2017 оны тарилт 10-аад см ургасан байгаа. Саяхан амралтын өдрүүдээр эргэлээ. Сийрэгжүүлэлт хийгээд өөр талбайд гаргах шаардлага ч тулгарч байна. Шувуун фабрикт болон Сэлэнгэд 2014-2016 оны хооронд таригдсан модыг 3-4 жилийн дараа бут хэлбэрт хэлбэржүүлэн гаргаж байна.
2013 онд Туул голын эх, Галтайн Булнай голын урсацыг сайжруулах зорилгоор нийт 2400 га нөхөн сэргээх шаардлагатай ойжуулалтын талбай байгаагаас “УБТ Гарден” ХХК 30 га талбайд тухайн нутгийн унаган байгалийн онцлогийн дагуу шинэс, хус модны тарьцаар ойжуулалт хийсэн. 2017 оны байдлаар 35,000 мод 90 гаруй хувьтай ургаж байна.
Одоо энэ ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай. Бид төслөө бэлэн болгосон. Хамтран ажиллах компанийн удирдлагуудтайгаа ч уулзаж байна. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай уулзаж чадахгүй байна. Уулзах хүсэлт тавьсан байгаа. Хэрэв зөвшөөрвөл Туулын эхэнд ойжуулах шаардлагатай байгаа талбайд тэхийн шээг, өрөл, бургас, монос, долоогоно, шинэсний тарьц суулгацаар ойжуулалт хийхэд бэлэн байна. Ажил хэрэг болчихвол Туул голын урсац сайжрах юм.
Мөн энэ ажлын хүрээнд Баянзүрхийн гүүрнээс уруудаад Био комбинат хүртлэх Туул голын дагуу элс хайрганы олборлолт хийж байсан болон бургасыг нь огтлолсон газрыг нөхөн сэргээх зорилгоор 10-с дээш га талбайг хашиж ард иргэдээ мод тарихыг уриална. Мод тарих газар нь бид очоод байрлана. Амралтын өдрөөр иргэд ирээд мод тарих боломжтой. Зөвлөгөө өгөх хүн нь байна, тарих модыг нь худалдаалж байна, хар шороо бордоо нь байна. Тарих мод нь 5000-50,000 төгрөгийн үнэтэй. Модны өртөгт 3 жилийн арчилгаа хамгаалалт, бордооны зардал багтсан.
-Зарим мод ургаад, зарим мод ургадаггүй. Хөрсөө голоод байдаг юм уу. Эсвэл арчилж тордож чадахгүйгээс үхүүлээд байна уу?
-Арчилгаа маш чухал. Жишээ нь бидний энэ ажлыг төр дэмжвэл мод тарьсан газраа хашаалж авна. Хүн, малын хөл хэцүү. 10 000-20 000 төгрөгийн үнэтэй модыг дахин ургахын эцэсгүй болтол идэж, устгадаг. Суулгац бол моджих хүртлээ 4-5 жил шаарддаг юм. Улаанбаатар хотоос малтай иргэдийг гаргая гэдэг бол зөв шүү дээ.
-Уул уурхайн компаниуд олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт хийх үүрэгтэй байдаг. Энэ чиглэлээр танай салбарынхантай хэр холбоотой ажилладаг юм бол?
-Манайд энэ асуудал учир дутагдалтай. Бидэнд томрох шаардлага байгаа, гэвч худалдан авалт байдаггүй, уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй. Байгаль орчны чиглэлээр хяналт тавьдаг хүмүүсээ аргалдаг болсон. Олборлосон талбай нь асар том атлаа нөхөн сэргээсэн нь өчүүхэн бага юм. Маш бага газрыг нөхөн сэргээчхээд түүнийгээ үзүүлдэг. Мөн тухайн нутгийн унаган байгалийн онцлогт тохирсон мод бутыг тарихгүй байна.
Өнгөрсөн сард Засгийн газраас шалгаруулсан “ТОП-100” компани дотор хичнээн уул уурхайн компани орж ирэв. 1.5 сая хавтгай км нутгийн 100 мянган га-д нь нөхөн сэргээлт хийчихсэн байх ёстой атал энэ ажил явдаггүй. Үүнд зайлшгүй төрийн хяналт, бодлого хэрэгтэй байгаа.
-Тухайлбал, ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?
-Уул уурхайн компаниуд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Тэр орж ирсэн мөнгийг нөхөн сэргээлт хийдэг мэргэжлийн компанид олгож, ургасан эсэхэд нь хатуу хяналт тавьдаг болох цаг нь ирсэн. 40-50 хүнтэй мэргэжлийн компаниуд бий болоод ирж байхад тухайн мэргэжлийн компанид л хандах хэрэгтэй. Жижиг компаниуд том компанидаа очиж нэгдэх хэрэгтэй. Тэгвэл модыг маш олон газар га, га-гаар нь тарих боломжтой болно. Хятад, Герман зэрэг оронд очиж туршлага судлахад модыг уул, уулаар нь тарьсан байдаг. Африкт модыг 20-30 жилийн төлөвлөгөөтэйгээр тарьж байх жишээтэй.
-Жижиг аж ахуйн нэгжүүд хүчээ нэгтгэхэд ажиллах хүчин байна гэсэн үг үү?
-Байгаа. Манай гаргаж авсан технологиор хүчирхэг үндэсний систем бий болсон. Тавдугаар сарын эхнээс арваннэгдүгээр сар хүртэл тасралтгүй мод тарьдаг технологитой болсон. Хүмүүс зөвхөн таван сард, арван сард мод тарина гэж ойлгоод байгаа нь өрөөсгөл юм.
-Ойжуулалт хийхэд хүн ажиллуулахаас эхлээд асар их зардал гардаг. Энэ бүх зардлыг ойн компаниуд өөрсдөө гаргадаг юм уу. Төрөөс тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгдөг үү?
-Ойжуулсан газарт төрөөс 1 га газарт 200,000 төгрөг олгодог байсан. Одоо нэмэгдсэн гэнэ лээ. Тэрийг нь авч үзээгүй. Өөрсдөө мод тарьж ургуулсан бол хувьчилж авч болно гэдэг. Ер нь бол энэ ажлын үр дүн гарахад их удаан хугацаа шаарддаг, хөрөнгө зарсан ажил юм. Тарьсан мод 20 жилийн дараа 4-6 метр өндөр болдог. Тэр хэмжээгээр мөнгө гардаг. Одоо энэ салбарыг мөнгө талаас нь бас харах цаг болсон.
Шинэ жил болоход Европт 4-5 метр өндөртэй гацуурыг хэдэн зуугаар тасалдаг. Хүмүүс амьд гацуураар сүлд мод засдаг. Тийм аж ахуйг бий болгох хэрэгтэй. Бид эхлэлийг нь тавиад явж байна.
-Ойд ургаж байгаа модыг сугалж авчраад Улаанбаатар хотод тарьж үхүүлэх ямар хэрэгтэй юм бэ гэдэг зүйл яригдах боллоо. Хэр зөв арга юм бол?
-Би ойгоос мод авчирч Улаанбаатар хотод шилжүүлж суулгахыг дэмждэг. Ойд арчилгаа цэвэрлэгээ, сийрэгжүүлэт хийгдэх ёстой. Хэрэв хийхгүй бол түймэр гарах хортон шавьжид нэрвэгдэх аюултай. Түймрээс сэргийлж хамгаалалтын зооно гаргах ёстой. Энэ утгаараа сийрэгжүүлэлт хийх ёстой юм. Жишээ нь Алтанбулагт очиход тэндээс 10000-20000 мод шилжүүлж суулгахаар харагдаж байгаа. Ойгоос авчирсан мод ургана, хамгийн гол нь арчилгаа чухал юм. Үүнд усалгааг маш дутуу хийдэг, шилмүүст модны бордоо, үндэс сайжруулагчыг түлхүү хэрэглэх мөн шилмүүсийг нь бороожуулан усалж хурц нарнаас болон хуурайшилтаас хамгаалах хэрэгтэй. Өвөл утаа шороо, дуу чимээнд дарагдсан моднуудаа шүршиж угаах арчилгаанууд хийгддэггүй. 5 дугаар сарын ид хуурайшилтад 2-3 удаа шүрших буюу үндсэн усалгааг хийх нь нэн шаардлагатай. Харамсалтай нь, байгаль орчны байцаагч нар айгаад зөвшөөрөл өгөхөө больсон.
-Юунаас айгаад гэж … ?
-Улаанбаатар хотод ногоон мод оруулж ирээд байгаа нь бизнес юм гэсэн ташаа ойлголтоос болоод гэх үү дээ. Зөвшөөрлийг нь өгөх л ёстой байхгүй юу. Хамгийн гол нь мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагууд энэ ажлыг хийх ёстой. 3 жил арчилгаа тордлогоо хийж улсад 100 хувь ургалттай хүлээлгэж өгөх ёстой. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас мод авсан бол тоогоор нь бүртгээд, бүртгэлд оруулсан байх ёстой юм.
Алтанбулагт эхэлж тарьсан тужийн нарс өнөөдөр 4-5 метр өндөр ургасан байна. Хүмүүс маш сайн ажиллаж байна, ойгоо хамгаалж байна. Ойг ашиглаж байх ёстой. Улаанбаатар хот нэг ч модгүй л байсан. Тарьсаар байгаад өдий зэрэгтэй болж байна.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд 1 метрээс дээш өндөр ургасан мод тарих ёстой. Хөрсний бохирдол, агаарын бохирдол туйлдаа хүрчихсэн, хар тугалга, тоосонцорын хэмжээ дээд цэгтээ тулчихсан энэ үед хамгаалах юм мод шүү дээ. Навчит моднууд тарих нь илүү тохиромжтой. Шар хуайс, тэхийн шээг, моносыг ч тарих хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотын ногоон байгууламжинд өнгө оруулахын тулд навчит модыг хэлбэржүүлэн засч байна. Энэ нь эсрэгээрээ ногоон масс болон хүчил төрөгчийг багасгаж байна.
Ямар ч газар ямар ч хөрсөнд бүх төрлийн мод бут ургана. Хамгийн гол нь юуг хэлэх гээд байна вэ гэхээр усалгаа бордоо, арчилгаа хамгийн чухал зүйл юм. Үүнийг иргэн бүр, аж ахуйн нэгж бүр хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй байна. Мод улам сагсайж ургаж байж, хүчилтөрөгч ялгаруулна, дуу чимээ шингээнэ. Шинжлэх ухаанчаар хандах ёстой.
Өмнө нь хотыг Э.Бат-Үүл дарга удирдаж байхад модыг бороожуулж усалдаг байсан. Бороо орохоор агаар ямар сайхан болдог билээ. Модыг усалж байж өнгө орж, ургалт сайжирна. Өвөлжингөө утаанд идэгдсэн мод бороо орохоор хортой бодис нь урсаж цэвэр агаар ялгаруулах боломжтой болдог.
-Нийслэлд нарс ихээр тарьж байна, ургахгүй гэсэн үг үү?
-Арчилгаа дутвал ургахгүй. Маш цэвэрхэн орчинд ургадаг мод. Ер нь хэн сэтгэл гаргаж байгаа газар л мод ургадаг юм. Улаанбаатар хот дахь элчин сайдын яамд болон хувийн аж ахуй нэгжүүдийн хашаан дахь модыг хараарай, өлгийдсөн мод хардаг болсон. Сэтгэл дутаад байна л даа.
-Ерөнхийлөгчийн зарлигийн үр дүн гарч байна гэж үзэж болох нь ээ дээ?
-Үр дүн маш сайн байгаа, мод тарих ёстой гэдгийг хүн бүр мэддэг болсон. “Эко” телевиз байгуулагдлаа, сонин хэвлэлүүд гарлаа. Одоо цааш нь үргэлжлүүлэх л шаардлагатай. Алдсанаа дахин алдахгүйн төлөө ажиллах ёстой. Гурван жилийн өмнөөс би нэг юм ярьж эхэлсэн. Мод тарьсан бол эргээд арчлаач ээ. Амралтын өдрөө усаа, бордоогоо аваад оч. Тарьсан моднуудыг пайзжуулах ёстой гэдэг шаардлага ч тавиад байгаа юм.
Их, дээд сургуулийн оюутнууд төгсөлтийн баяраараа мод тарих хэрэгтэй. Гандангийн лам нар мод тарьж байна лээ, их зөв харагдсан. Нийслэлийн гэр хорооллын иргэд жорлонгийнхоо хажууд хөрс, агаарыг цэвэршүүлдэг монос, өрөл мод тарих хэрэгтэй. Улаанбаатар хотод хүн нутаглуулдаг газар нэлээн байна. Бурхан болоочдоо зориулж ам бүлийнхээ тоогоор мод тарьдаг болбол орчин цэвэрлэгдээд буянтай ажил болно.
Төр ч мод тарьсан хүмүүсийг урамшуулдаг үнэлгээгээ нэмэх хэрэгтэй. Ойн нөхөн сэргээлтийг маш муу хийж байна. Өнөөгийн байдлаар аж ахуйн нэгжид нөхөн сэргээлт хийхэд нь хангалттай мод бутыг тарьж байна.
Манайх мод импортоор оруулж ирэхийг зөвшөөрдөг үү?
-Ургаж байгаа модыг импортоор оруулж ирэх хориотой. Туршилтын журмаар мод оруулж ирэхийг л зөвшөөрдөг. Уг нь ургах боломжтой модыг гадаадаас оруулж ирэх шаардлагатай л байгаа юм.
-Монголын нөхцөлд аль улсын мод ургах чадвартай байдаг вэ. Танай компани туршиж үзсэн үү?
Импортын мод л гэвэл буруу гэж туйлширч болохгүй. Жишээлбэл, чацарганы сортууд байна, үхрийн нүд, давжаа алимны сортууд байна. Увсын чацаргана гээд л байдаг яг үнэндээ “Чуйская, Алтайская” гээд Оросын Барнаулд гаргаж авсан л сортууд байдаг юм. Гоёл чимэглэлээс гэвэл агч байна, голт бор, шар хуайс гээд л. Аль социализмын үеээсээ л Оросоос оруулж ирсэн моднууд шүү дээ. Бид томроод хэдэн зуун мянгаар нь мод гаргатал өдий тул импортоор тарих модыг оруулж ирэх шаардлагатай. Оросын мод Монголд илүү тохирч ургах боломжтой. Энд нь дахиад үржүүлж болдог юм. Хятадаас бол Дорнод чиглэлийн моднууд тохирно.
Хятад бол үнэхээр бодлоготой. Эдийн засгийн хөшүүргээр модны аж ахуйг гайхамшигтай хөгжүүлж, тариан талбайгаа хамгаалж, элсний нүүдлээ зогсоож чадаж байна. Тохирох модыг сонгоод хяналт дор оруулж ирэх нь зөв. Шинжлэх ухааны байгууллагууд ч аль мод нь ургах боломжтой вэ гэдгийг судалсан байх шаардлагатай.
Манай компани жишээ нь хүмүүсээ Япон, Хятад, Орост явуулж туршлага судлуулж байна. Тодорхой хэмжээний нарс, гацуур, арц модыг гурван жил нутагшуулан судалгаа хийж 86 хувийн амжилттай ургаж байна.
Ярилцсан Г.ХОРОЛ