
Оксфордын их сургуулийн шувуу судлаач эрдэмтэн Жан Ньютан ярихдаа “дэлхийн цаг уурын дулаарлаас шалтгаалан олон төрлийн шувуу нүүдэллэх хугацаагаа урагшлуулж байгааг судлан тогтоосон болно” гэжээ. Британийн эзэнт гүрний Одонгоор шагнуулсан энэ эрдэмтэн нүүдлийн шувууд олон зууны турш тогтож заншсан нүүдлэх хугацаандаа өөрчлөлт оруулж байгаа нь нөхөн үржилт явагдах тэр үеэр хоол хүнсний хомсдолд орох аюултай тулгарч байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Хугацаанаасаа өмнө нүүдэллэн ирсэн сая сая шувуу хооллох хорхой шавьж, жимс зэрэг хүнсний зүйл нь ховор тачир байх үетэй тулгарч байгаа ажээ. Нүүдлийн шувуудын дэгдээхэйн тоо хэмжээ жил ирэх тусам цөөрч байгаа судалгааг гаргасан байна.
Зарим төрлийн нүүдлийн шувуу тив дэлхий алгасан асар хол зайнд нүүдлэн очдог. Нүүдлэн очсон газрын цаг агаар хүйтэн, хооллох хорхой шавьж, өвс ногоо хомс байдалтай тулгарч байна. Иймээс өсөн үржилт нь удааширч, амьд үлдэх үү үгүй юу гэдэг асуудалтай тулгарах болжээ. Мөн нүүдлийн асар хол замын туршид үхэж үрэгдэх нь олширсон байна. Сүүлийн үеийн судалгаагаар нүүдлийн шувууд холын зам туулахаа өөрчилж, хүрч болох шинэ газарт очин суурьшиж, олон зууны туршид мөрдөж ирсэн амьдралын хэв заншлаа өөрчилж байгаа тухай “Мигрес” сангийн ерөнхийлөгч Мигель Феррер онцлон тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, нүүдлийн шувууд “суурьшмал амьдрал”-ын хэлбэрт шилжин орж байгаа эхлэлийг тавьж буй үзэгдэл юм.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг