БНХАУ дахь мансууруулах бодисын хэрэглээ:
2016 онд БНХАУ-ын хэмжээнд мансууруулах бодис хэрэглэгчид 2 сая 505 мянга орчим болж энэ тоо өмнөх оноос 6.8 хувиар өсчээ. Үүнээс:
18 насанд хүрээгүй хүмүүс 220 мянга буюу 0.9 хувийг
18-35 насны хүмүүс 1 сая 460 мянга буюу 58.4 хувийг
36-59 насны хүмүүс 1 сая буюу 40 хувийг
60-аас дээш насны хүмүүс 160 мянга буюу 0.7 хувийг тус тус эзэлж буй аж.
Эдгээр иргэдийн 1 сая 515 мянга буюу 60 хувь нь химийн нийлмэл мансууруулах бодис, 955 мянга буюу 38.1 хувь нь опиум, 35 мянга буюу 1.4 хувь нь гашиш, кокаин хэрэглэдэг аж.
2016 онд БНХАУ-ын хэмжээнд мансууруулах бодис шинээр хэрэглэгчдийн тоо 445 мянгад хүрч, үүнээс химийн нийлмэл мансууруулах бодис хэрэглэгчид 81 хувь, героин гэх мэт бодис хэрэглэгчид 15.8 хувь, гашиш, кокаин хэрэглэгч 3.2 хувь байгаа аж.
Мөн онд Хятадын мансууруулах бодисын лабораторид шинжлүүлсэн бодисын 22 хувь нь шууд хэрэглэж болох сэтгэц мэдрэлд нөлөөлөх шинэ бодис байжээ.
Харин манай улстай хил залгаа Өвөрмонголд гар аргаар хийсэн кокаиныг хэрэглэж, өсвөр насны залуучууд ханиад томууны эсрэг хэрэглэдэг “Ке те ин” хэмээх эмийн уусмалыг хэрэглэх болсон нь анхаарал татаж байна.
Мансууруулах бодисын эх үүсвэр:
БНХАУ мансууруулах бодисын эх үүсвэрийг гадаад, дотоод гэж ангилан үзэж байна. Гадаад эх үүсвэрт “Алтан гурвалжин”-ы бүс нутаг болон “Алтан шинэ сар”-ны бүс нутаг, түүнчлэн Өмнөд Америкийн кокаин орж ирдэг зам сувгийг багтааж байна.
Харин дотоод эх үүсвэрт хлортаминикетон, нийлмэл бодисууд, сэтгэц мэдрэлд нөлөөлөх шинэ бодисын үйлдвэрлэл, зарим бүс нутаг дахь түүхий эд хууль бусаар тариалах явдлыг нэрлэж байна.
Мансууруулах бодис үйлдвэрлэж буй байдал:
БНХАУ-д сэтгэц мэдрэлд нөлөөлөх шинэ бодис үйлдвэрлэх явдал их байгаа ба үйлдвэрлэх газар, бүс нутаг нь улам өргөжжээ. 2016 онд энэ төрлийн бодис үйлдвэрлэсэн 583 гэмт хэргийг илрүүлж, үйлдвэрийн 438 уурхай, голомтыг устгажээ.
Хятадын цагдаагийн байгууллага нэг тонноос дээш хэмжээтэй мансууруулах бодисын 33 хэрэг, 100 кг-аас дээш хэмжээтэй мансууруулах бодисын 78 хэргийг илрүүлэн таслан зогсоожээ.
Мансууруулах бодисын үйлдвэрлэл нутгийн гүн рүү шилжиж, 2016 онд 26 муж, хотоос мансууруулах бодис үйлдвэрлэх гэмт хэргийг илрүүлсэн байна.
Ялангуяа химийн төрлийн мансууруулах бодисын үйлдвэрлэл хүчээ авч, мансууруулах бодисын үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт зохион байгуулалттай, мэргэжлийн түвшинд хүрч, зарим газар нийлүүлэгч, борлуулагчтай, тоног төхөөрөмж, түүхий эдээр хангах төрөлжсөн хэлбэрт шилжсэн, төрөл зүйлээ богино хугацаанд өөрчлөн, түгээмэл хэрэгцээний химийн бүтээгдэхүүнийг ашиглах явдал ноцтой хэмжээнд хүрчээ. Мөн хилийн чанадад түүхий эдийн хэрэгцээ нэмэгдсэнтэй уялдан дотоодод хийхэд хялбар химийн бүтээгдэхүүнийг хил давуулах үйлдэл ихсэх хандлагатай болсон талаар албан эх сурвалж мэдээлж байсан.
2016 онд Хятад улсын мансууруулах бодисын шинжилгээний төв олон газраас ирүүлсэн дээжнээс сэтгэцэд нөлөөлөх шинэ төрлийн 1529 ширхэг бодис илрүүлжээ. Гэмт этгээдүүд химийн бодисын бүтцийг өөрчлөх, тасралтгүй шинжлэх аргаар сэтгэцэд нөлөөлөх шинэ төрлийн бодис үйлдвэрлэсээр байна.
Өнгөрсөн онд Хятадын Мансууруулах бодистой тэмцэх хороо хиймэл дагуул, нисгэгчгүй онгоц ашиглан “Тянь Му-16” хэмээх хорыг устгах ажиллагаа явуулж, мансууруулах ургамал тариалсан 5578 гэмт хэргийг илрүүлж, 5345 сэжигтнийг баривчилж, намуу цэцгийн 84 га тариалангийн талбай, 1 сая 160 мянган үрслэг устгасан нь өмнөх оныхоос 70.9 хувиар, гашишийн 147 га тариалангийн талбай, 1 сая 139 мянган үрслэг устгасан нь өмнөх оныхоос 92 хувиар тус тус буурсан үзүүлэлт аж.
Мансууруулах бодис нууцаар тээвэрлэх:
Олон улсын мансууруулах бодис нууцаар арилжих бүлэглэл, хувь хүмүүс янз бүрийн аргаар мансууруулах бодисыг хил давуулан оруулах, мансууруулах бодис нууцаар арилжих дотоодын бүлэглэл, хувь хүмүүс гадныхантай хамтран үйл ажиллагаа явуулах нь идэвхжиж, интернет, буухиа шуудан ашиглах нь нэмэгдэж, гэмт үйлдэл нь мөнгө угаах гэмт хэрэгтэй уялдах болжээ. Энэ үйл ажиллагаа улам мэргэшсэн, зохион байгуулалттай, сүлжээ бүхий, хүч түрэмгийлсэн ноцтой шинжтэй болж байна. Зөвхөн 2016 онд БНХАУ-ын хэмжээнд 1 кг-аас дээш мансууруулах бодистой холбогдох 5458 гэмт хэргийн 5459 сэжигтэн, 20 кг-аас дээш мансууруулах бодистой холбогдох 197 гэмт хэргийн 13 мянган сэжигтэн, эдгээрийн зохион байгуулагч, оролцогч 1138 хүнийг илрүүлж баривчилсан байна.
Мансууруулах бодис нууцаар арилжих бүлэглэлийн зохион байгуулалт, чадвар улам дээшилж, зарим нь сүлжээний 10 мянга гаруй дамлагч, борлуулагчтай төдийгүй хилийн гаднах бүлэглэлүүдтэй холбогдож, улс дамнасан сүлжээг бий болгосон байна.
Хятад руу мансууруулах бодис оруулах ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр Юнь Нань, Гуан Ши мужийн хилийн бүсэд мансууруулах бодис нууцаар арилжих явдал ноцтой хэмжээнд хүрч, 2016 оны байдлаар дээрх мужуудын мансууруулах бодистой тэмцэх албад “Алтан гурвалжин”-ы бүсээс орж ирсэн 6.6 тонн героиныг илрүүлэн хураажээ. Энэ нь тус улсын дотоодод хураагдсан нийт героины 75 хувийг эзэлж байгаа аж.
Хятад руу мансууруулах бодис зөөвөрлөх үйл ажиллагаанд гадаадын иргэд, гадаад дахь цагаач хятад иргэд оролцох нь мэдэгдэхүйц ихэсч, Африк, Зүүн өмнөд Азийн худалдаачид гэх мансууруулах бодис нууцаар арилжих олон улсын бүлэглэлийнхэн Хятад руу “Алтан шинэ сар”-ын героиныг нууцаар оруулах ажиллагаа идэвхжиж байгаа аж.
Өнгөрсөн онд Хятад улс гадаадын иргэд холбогдсон мансууруулах бодисын 1481 гэмт хэргийг илрүүлж, сэжигтэн 1876 гадаадын иргэнийг баривчлан, 6.6 тонн героин хураан авчээ.
Хилийн дотор мансууруулах бодис нууцаар арилжих гадаадын бүлэглэлүүд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, халдварт өвчтэй, бие даан амьдрах чадваргүй, хүнд өвчтэй, тахир дутуу, ДОХ өвчтэй хүмүүсийг мансууруулах бодис нууцаар арилжих гэмт үйл ажиллагаандаа татан оролцуулж, энэ үйлдэл нь орон нутаг дахь нутгархах, гэр бүлсэх, шилжилт хөдөлгөөн, мөн байнга давтагдах шинжтэй болсон нь уг гэмт үйлдлийг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагааг нэн хүндрүүлдэг байна.
Сүлжээ ашиглан мансууруулах бодис нууцаар арилжих ажиллагаа хурдан өргөжиж, нууц далд онцлог шинж нь улам ноцтой болж, хилийн дотор болон гадна сүлжээгээр мансууруулах бодис, түүхий эд зарлах, захиалах, борлуулах, мөн буухиа болон олон улсын шуудан, каргогоор нууц арилжаа хийх, тээвэрлэх сүлжээнийхнийг ашиглах үйлдэл нь хурдан өргөжих төлөвтэй байгаа аж. Энэ гэмт үйл ажиллагааны нууцлал нь нарийсч, улам далд болсон нь илрүүлж шалгах ажиллагаанд үлэмж бэрхшээл учруулж байна. Өнгөрөгч 2016 онд Хятадын хууль сахиулах байгууллагууд мансууруулах бодисын сүлжээний ажиллагаанд цохилт өгч 210 мянган сэжигтэнг баривчилж, 10.8 тонн мансууруулах бүтээгдэхүүн, 52 тонн хялбар хийж болох химийн бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, сүлжээгээр дамжуулсан мансууруулах бодисын 12 мянган мэдээллийг устгаж цэвэрлэжээ.
Мансууруулах бодис нууцаар арилжих зэвсэглэсэн гэмт хэрэг хүч түрэмгийлсэн онцлогтой болж, мансууруулах бодисын наймааг зэвсгийн хүчээр хамгаалах үйлдэл улам бүр нэмэгдэв. Хятад улс 2016 онд энэ төрлийн 446 гэмт хэрэг илрүүлсэн нь тус улсын хэмжээнд 29 муж, хотыг хамарч байгаа аж. Ялангуяа Гуан Дун, Сы Чуан, Гуй Жоу, Юнь Нань мужид мансууруулах бодисын хууль бус эргэлтийг хязгаарлах хууль сахиулах үйл ажиллагаанд эрсдэл бий болж байна.
Гэмт этгээдүүд мансууруулах бодис нууцаар арилжиж олсон асар их хэмжээний мөнгөө банк санхүүгийн байгууллагаар дамжуулан хөрөнгө оруулалт, худалдаа, нууц хэлбэрээр шилжүүлэх зэргээр мөнгө угаах арга нь улам нарийсав. Хятадын Гуан Дун, Жянь Ши, Фү Жян мужид мансууруулах бодис нууцаар арилжиж мөнгө угаасан гэмт хэргийг илрүүлж 200 сая юань хураан авчээ.
Мансууруулах бодисын хууль бус эргэлтийн олон улсын нөхцөл байдал:
“Алтан гурвалжин”, “Алтан шинэ сар”-ын бүс нутгийн мансууруулах бодисын хууль бус эргэлтийн хэмжээ өсч, Хятад, Бирм, Лаосын мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх байгууллагуудын хамтарсан судалгаагаар 2015-2016 оны ургац ид авч буй үеийн байдлаар Бирмийн хойд бүс нутгийн намуу цэцгийн тариалангийн талбай 665 мянган га-д хүрсэн нь өмнөх жилийнхээс 3.7 хувиар өсч, 600 гаруй тонн хар тамхи, 60 гаруй тонн героин үйлдвэрлэх боломжтой болсон байна. Мөн энэ бүс нутагт үйлдвэрлэдэг мөсөн хэлбэрт мансууруулах бодисын үйлдвэрлэлийн жилийн дундаж хэмжээ героины хэмжээнээс үлэмж давж гарчээ. Лаосын хойд бүс нутгийн намуу цэцгийн тариалангийн талбай 80 мянган га-д хүрсэн нь өмнөх жилийнхээс 13.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Хятадын мансууруулах бодисын шинжилгээний төвийн тооцоогоор гаднаас оруулж ирж буй “Алтан гурвалжин”-ы бүс нутгийн героин, мөсөн хэлбэрт мансууруулах бодисын хэмжээ Хятадын дотоод дахь хэмжээнээс 95.2 ба 87 хувиар тус тус их байгаа аж.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар, Афганистаны мансууруулах бодистой тэмцэх байгууллагын хамтран гаргасан судалгааны мэдэгдэлд дурдсанаар 2016 онд Афганистаны намуу цэцгийн тариалангийн талбай 3 сая 150 мянган га-д хүрсэн нь өмнөх үеийнхээс 10 хувиар өсч, 4800 гаруй тонн хар тамхи, 500 тонн героин үйлдвэрлэх боломжтой болж байна. 2016 онд Хятад улс “Алтан шинэ сар”-ын героин хил давуулсан 22 гэмт хэргийг илрүүлж, 24 кг героин хураан авчээ.
Өмнөд Америкаас Хятад руу кокаин оруулах гэмт хэрэг ихэвчлэн Хятадын Гуан Дун, Хонконгоор дамжиж байна. Африк, Өмнөд Америк, Хонконгийн иргэд буухиа шуудангаар бараа илгээх, зорчигчийн гар тээшинд хавчуулах зэрэг олон хэлбэрээр Гуан Дун, Хонконгд кокаин оруулахыг оролдсоор байна.
Дүгнэлт:
Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох албадаас мэргэжлийн ур чадвар, байгууллага хоорондын төдийгүй бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх шаардлага тулгамдаж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ухуулга сурталчилгаа явуулах, тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Жишээ нь, БНХАУ өсвөр насны хүүхэд залуусыг мансууруулах бодис хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх “6.27” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2017 оны эхний улиралд мансууруулах бодис хэрэглэгчдийн дотор 35-аас доош насны залуусын эзлэх хувь 2.6 хувиар буурчээ. Мөн 2016 оны сүүлээр Хятад, Лаос, Бирм, Тайланд, Камбож, Вьетнам улсууд “Аюулгүй гарц” томъёолсон нэртэй хамтарсан ажиллагаа явуулснаар энэ төрлийн 6476 гэмт хэргийг илрүүлж, 9927 сэжигтэнг баривчлан, 12.7 тонн мансууруулах бодис хураан авчээ.
Цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хэрхэн үр дүнтэй тэмцэх, гадаад улс дахь ДТГ-аас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон өөрийн иргэдэд эрх зүйн туслалцаа хэрхэн үзүүлэх талаар гарын авлага бэлтгэж түгээх нь зүйтэй гэж үзнэ.
Ашигласан эх сурвалж:
World drug report 2016 /UNODC research/
2016 年中国毒品形势报告
UNODC, Responses to Annual Report Questionnaire and Individual Drug Seizure Database.
Г.Төмөрбаатар
Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР