Бүгд Найрамдах Солонгос Улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Бүгд Найрамдах Солонгос Улсын шигшээ баг

Бүгд Найрамдах Солонгос Улсын шигшээ баг

Хөлбөмбөгийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д эхлэхэд 36 хоног үлдлээ. Орос-2018 ДАШТ-нд оролцох 32 шигшээ багийг цувралаар танилцуулж байна. Энэ удаа бид Азийн төлөөлөл БНСУ-ын шигшээ багийг танилцуулж байна.


  • Дасгалжуулагч: Шин Тхэ-ён
  • Багийн ахлагч: Ки Сон-ёун
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Ча Бум-кун 138 тоглолт
  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Ча Бум-кун 59 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 61
  • ДАШТ-нд оролцсон тоо: Ази тивээс хамгийн олон буюу 9 удаа оролцож байсан
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 2002 онд 4-р байранд шалгарсан

Москва хүрэх замд:

Ази тивийг төлөөлөн хөлбөмбөгийн ДАШТ-нд хамгийн олон удаа тоосоо өргөж буй шигшээ баг бол Өмнөд Солонгосын шигшээ баг юм. Анх 1954 онд Швейцар улсад болсон ДАШТ-нд оролцож байсан бол 1986 оны Мексикийн ДАШТ-нээс хойш тасралтгүй оролцсоор байна. Энэ удаагийн ДАШТ-нд мөн л Азийн бүсээс 3 дахь эрхийг авсан. Азийн шатны сонгон шалгаруулалтанд А хэсэгт багтан тун амаргүй байдлаар эрхээ авсан. Сонгон шалгаруулалтыг Герман дасгалжуулагч У.Штиликегийн удирдлага дор эхлүүлсэн ч 2017 оны 6 сард Катарын шигшээ багт хожигдсны дараа Герман дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлж Шин Тхэ-ёнг томилсон. Солонгос дасгалжуулагч шигшээ багаа удирдан ДАШТ-ний сонгон шалгаруулалтын сүүлийн 2 тоглолтонд оролцохдоо тэнцсэн ч Оросыг зорих эрхээ авч чадсан. Үүгээр ч зогсохгүй Шин Тхэ-ён шигшээ багаа удирдан 2017 оны 12 сард болсон Зүүн Азийн АШТ-нд амжилттай оролцож алтан медаль хүртсэн.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Шин Тхэ-ён дасгалжуулагчийн мэдэлд 50 гаруй тоглогчид бий. Тэр дундаа дотоодын лиг болон Солонгосын лигийн тоглогчид олон байгаагаас гадна Европын шилдэг клубуудэд тоглодог сайн тоглогчид ч байгаа.

Хаалгач: Ким Сюун-гю (Японы Виссель Кобе), Ким Жин-Хён (Церезо Осака), Чо Хён-во (БНСУ-ын Дэгү), Квон Сун-тае (Кашима Антлерс). Ерөнхийдөө Японы лигт тоглодог хаалгачдаас сонголт хийнэ. Одоогоор Японы Виссель Кобе багт тоглодог Ким Сюун-гю хамгийн №1 сонголт байх болов уу?

Хамгаалагч: Квак Таэ-хви (БНСУ-ын Сөүл), Ким Ён-гуон (Хятадын Гуанжоу Эвэргранде), Жан Хюн-су (Японы Токио ФС), Ким Жин-су (БНСУ-ын Чонбук Хьюндай Моторс), Хон Жён-хо (Чонбүк Хьюндай Моторс), Ким Чан-Со (БНСУ-ын Ульсан Хьюндай), Ли Ён (Чонбүк Хьюндай Моторс), Ким Кэ-хэ (АНУ-ын Сэтл Соундерс), Го Ё-хан (БНСУ-ын Сөүл), Ким Мин-во (БНСУ-ын Санжу Санму), Хон Чул (Санжу Санму), Юн Сук-ёнг (Японы Кашива Реусол), Чой Чул-сүн (Чонбук Хьюндай Моторс), Ким Мин-жэй (Чонбук Хьюндай Моторс), Юн Ён-сун (БНСУ-ын Сёнгнам). Мөн л дотоод болон Азийн лигт тоглодог хамгаалагчдаас бүрдэж байгаа. Эдгээрээс талыг нь эцсийн шатны 23 тоглогчид багтаах учиртай.

Хагас хамгаалагч: Ки Сон-ён (Суонси Сити), Ли Чун-ён (Кристал Сити), Ко Жа-чёл (Аугсбург), Ёт Ки-хун (БНСУ-ын Сувон Самсунг Блювингс), Хан Кок-ёнг (БНСУ-ын Гангвон), Нам Тэ-хэ (Катарын Аль-Духайл), Ким Бо-кюун (Японы Кашива Реусол), Пак Жо-хо (БНСУ-ын Ульсан Хьюндай), Ли Жэ-сун (Чонбук Хьюндай Моторс), Жун Во-ёнг (Японы Виссель Кобе), Квон Чан-хүн (Францын Дижон), Ли Чхан-мин (Чежу Юнайтед), Ле Сеунг-жи (Чонбук Хьюндай Моторс), Ли Мюун-жо (БНСУ-ын Асан Мугунхва)

Довтлогч: Ле Дон-гүүк (Чонбүк Хьюндай Моторс), Ле Кеун-хо (БНСУ-ын Ганвон), Сон Хён-мин (Тоттенхэм Хотспур), Ким Шин-вүүк (Чонбук Хьюндай Моторс), Хван Хэ-чан (Ред Булл Зальцбург), Жи Дон-вон (Дармштадт), Ле Жён-хюун (Японы Шонан Беллмаре), Хван Уй-жо (Японы Гамба Осака). Мэдээж багийн довтолгооны гол “хөзөр” бол Английн Прьемьер лигт амжилттай тоглож байгаа Тоттенхэм Хотспур клубын Сон Хён-мин байгаа. Чухам түүнд багийнх нь нөхдүүд хэрхэн боломж олгох нь цаашид хэр хол явах нь шалтгаалах болов уу?

ДАШТ-ний хэсэг:

Тун хүнд хэсэгт багтсан. Тэмцээний F хэсэгт Герман, Швед болон Мексикийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан нь тэдний боломжийг бараг л үгүй хийж байгаа гэвэл буруудахгүй болов уу? 2014 оны ДАШТ-нд харьцангуй боломжийн хэсгээс ердөө 1 тэнцээ авч хэсгийн сүүл мушгиж байсан БНСУ-ын шигшээ баг Оросод болох тэмцээнээс хожил авах нь яг үнэндээ эргэлзээтэй юм.

Түлхүүр тоглогч:

Мэдээж Английн Премьер лигийн Тоттенхэм Хотспур клубтээ Х.Кейний ард мэргэн буучийн дэд байранд бичигдэж буй Сон Хён-мин юм. Клубынхээ довтолгооны салшгүй нэг хэсэг болоод буй Сон Хён-мин энэ удаагийн ДАШТ-нд амжилттай тоглохын тулд шилдэг клубуудын эсрэг сайн тоглох ёстой. Гэхдээ амаргүй даваа түүний өмнө байгаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж