Д.Одгэрэл: Шинжлэх ухаан, технологийн салбарт залуу судлаачид олон байна

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Д.Одгэрэл: Шинжлэх ухаан, технологийн салбарт залуу судлаачид олон байна

Д.Одгэрэл: Шинжлэх ухаан, технологийн салбарт залуу судлаачид олон байна

“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд “ICIED-2018: Залуу судлаачдын BPA-2018” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУТИС дээр боллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран гурав дахь жилдээ энэхүү магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Уг хурлын зорилго нь магистрант, докторант оюутнуудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, залуу судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох, нөгөөтэйгүүр шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэхэд оршиж байгаа юм.

Энэ үеэр эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол, үзүүлэх үр дүн, залуу судлаачид олон улсад гарах боломжийн талаар БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэлээс тодрууллаа.

-Магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлын гол ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

 – Монголын залуу эрдэмтдийн холбооны санаачилгаар инновацийн 7 хоногийн хүрээнд “Best paper award” арга хэмжээг гурав дахь жилээ зохион байгуулж байна. Энэхүү хуралд эхний шатанд шалгарсан магистрант, докторант оюутнууд өөрсдийн судалгааны ажлаа англи хэлнээ танилцуулж хэлэлцүүлдэг юм. Улмаар ШУА, ШУТИС, МУИС зэрэг их сургуулийн эрдэмтэн, судлаачид оюутнуудын бүтээлийг шүүж, шилдэг залуу эрдэмтнийг шалгаруулдаг уламжлалтай.

Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхийн тулд гадаад харилцааг давхар авч явах ёстой байдаг. Үүний тулд залуу судлаачдыг дэмжих, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг нь олон улсын сэтгүүлд гаргах хэмжээнд хүргэхийн тулд уг эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг. Залуу судлаачид гадаад хэл дээр өгүүлэл бичиж, гадаад хэл дээр хэлэлцүүлэг явуулах чадвартай болсноор гадаад харилцаа хөгжих үндсэн суурь бүрдэж, улмаар шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа өргөжиж, дэлхийн түвшинд үнэлэгдэх боломж бүрдэх юм.

-Хэдэн оюутан, ямар сэдвийн хүрээнд судалгааны бүтээлээ танилцуулж байна вэ?

-Өнөөдрийн түвшинд гадаад хэл дээр тухайлсан чиглэл заачихвал цөөн оюутан бүтээлээ ирүүлэх байх гэж бодсоны үндсэн дээр сэдвийн хүрээнд хязгаарлалт тогтоогоогүй.  Анагаах ухаан, хөдөө аж ахуй, техник, технологийн салбарын судлаачид түлхүү оролцож байна. Энэ жилийн бүтээлийг хоёр үе шаттай шалгаруулсан. Эхний шатанд оюутнуудын судалгааны бүтээлийг хүлээн авч, дараагийн шатанд тэнцэх шалгуур хангасан бүтээлийг шалгаруулсан. Харамсалтай нь, эхний шатанд маш олон судалгааны бүтээл ирсэн ч зохиогчийн эрх буюу бусад хүмүүсийн бүтээлийг хуулбарласан нэлээдгүй судалгаа байсан. Тэдгээрийг шүүж, сонгон шалгаруулалтын түвшинд 10 бүтээлийг шалгаруулсан. Ингээд өнөөдрийн хурлаар тус 10 бүтээлээс магистрант болон докторант оюутны тус бүр нэг, нийт хоёр бүтээлийг шалгаруулж, шилдэг эрдэмтний шагнал олгох юм.

-Залуу судлаачид шинжлэх ухаан, инновацийн салбарт шинээр гарч чадаж ирж байна уу?

-Залуу судлаачдын оролцоо шинжлэх ухаан, технологийн салбарт нэмэгдэх хандлагатай байна. Бодлогын түвшний бичиг баримт боловсруулах, судалгааны ажил хийх, өөрсдөө удирдан зохион байгуулах тал дээр шинэ эрин үе гарч ирж байна гэж харж байгаа. Тухайлбал, докторын  зэрэг хамгаалсан залуу судлаачид салбарын яамнаас хэрэгжүүлж буй суурь судалгаа, захиалгат төслүүд дээр ажиллахаар орж ирж байгаа нь шинэ хандлага юм. Түүнчлэн өнөөдөр эрдэм шинжилгээний байгууллагад гол төлөв 35 эргэм насны залуу судлаачид ажиллаж байна. Энэ бол эрдэм шинжилгээ, судалгаа хийх залуусын тоо нэмэгдэж байгааг харуулж буй маг сайн үзүүлэлт юм.

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж