Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү цэцэрлэг хүрээлэн нь Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн болох бөгөөд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Дамбардаржаад байрлах Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт байгуулагдаж байгаа юм. Ёслолын үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон, БНСУ-ын Ойн ерөнхий газрын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөллүүд оролцлоо. “Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 2016-2022 хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газрын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжинэ.
Улаанбаатар хотын ой нь нийт 3 тэрбум воны санхүүжилттэй, 40 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийнэ. Мөн цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай зэргийг байгуулах бөгөөд 100 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарьж, хотын ой байгуулах, ногоон байгууламжийг хөгжүүлэх, иргэдийн соёл, амралтын ногоон байгууламж байгуулах юм гэж Сүхбаатар дүүргийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.