‘Цензургүй яриа’ нэвтрүүлэгт Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцож С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нөлөөлж байна, хавтаст хэрэгтэй хууль бусаар танилцсан гэх утга бүхий ярилцлага өгсөн.
Энэ ярианаас үүдэж Төрийн ордонд нэлээд хэдэн гишүүн хаалттай уулзалт зохион байгуулсан. Тэрхүү уулзалтын үеэр “Энэ хэрэг дээр ажилласан өмгөөлөгч нартай уулзаж, мэдээлэл авах нь зүйтэй гэж үзсэн” талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.
Тэрбээр ‘Өмгөөлөгчдөөс нь яагаад мэдээлэл авъя гээд байгаа юм бэ гэвэл, тэд “Бид их сонин шүүх хуралд суусан. Асар их дарамттай байсан. Шүүх хуралд ороод сууж байхад хойд талд нь хар масктай, буу барьсан тусгайгийнхан зогсож байсан. Ариун цэврийн өрөө рүү дагаж орж байсан. Хэргийг уншаад тэмдэглэл хийхээр тэмдэглэлийг хурааж авч байсан” гэж ярьсан. Одоо хүртэл тэр тэмдэглэлүүд тагнуул дээр хадгалагдаж байгаа. Ийм л байдалтай шүүх хурал болж, мэтгэлцэх зарчим алдагдсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурор өөрөө толгойлсон нь бүх алдааны суурь болсон. Тэр Г.Эрдэнэбат толгойлсон. Г.Эрдэнэбат прокурор ч хүн биш. Их сургуулийн багш байж байгаад танил тал, үнэнч байх гэдэг шалгуураар Ерөнхий прокурорын орлогч болчихсон хүн. Ярьж байгаа зүйлийг нь мэргэжлийн үүднээс үзвэл инээдтэй зүйл их ярьж байна лээ. Жишээлбэл, Б.Булганыг энэ хэргийн хамжигч байсан гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байгаа юм. Гэтэл дөнгөж сая Б.Булганыг яллагдагчаар татаж, байцааж байна гэдэг дүгнэлт гаргасныг харлаа. Энэ хэргийн хамжигч гэж жил хорьчихоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгочихоод өнөөдөр яагаад дахиад яллагдагчаар татаж байгаа юм. Хамжигч байсан учраас шүүх хуралд оролцуулж болохгүй байсан юм гэж ярьж байна лээ. Гэмт хэрэгт зохион байгуулагч, хамтрагч, хамжигч, гүйцэтгэгч гэж байдаг. Ер нь энэ нэвтрүүлгийг үзээд би их харамссан” гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэлийнхэнд өгсөн яриандаа онцлов. Мөн тэрбээр С.Зоригийн хэргийн материалтай танилцаагүй гэж Г.Эрдэнэбат прокурорын яриаг үгүйсгэсэн байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлага тавьсан. Үүнээс гадна Ц.Нямдоржийг буруутгасан маш олон буруутгал сошиалаар ч, сонин хэвлэлээр ч цацагдаж байгаа. Энэ бүхний хариуд тэрбээр “Монголд ийм адал, балмад явдал гаргуулахгүйн төлөө би байдаг бүхнээрээ дэнчин тавина. Энэ улсын амьдрал өнөөдөр дуусахгүй цааш үргэлжилнэ. 1937 оныг бид мартаагүй. Тэр үйл явдал амилах гээд байна. 1937 оныг дахин давтахгүйн тулд би бүх зүйлээрээ дэнчин тавьж байна. Намайг замаасаа зайлуулах нь зарим хүний хувьд нэг номерын асуудал болоод байгаа учраас сүрдүүлж байх шиг байна” гэжээ.
Т.НОМИН