Тавантолгойн ТАВАН ХУВИЛБАР

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ТАВАН ХУВИЛБАР

Тавантолгойн ТАВАН ХУВИЛБАР

Тавантолгой нүүрсний орд нь найман лицензэт талбайгаас бүрддэг.  Үүний долоо нь  буюу  011953, 011954, 011955, 011956, 016881, 016882, 016883 лицензэт талбай “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байдаг. Энэ долоон лицензэт талбайг эдийн засгийн эргэлтэд хэн,  хэзээ, хэрхэн оруулах нь Монголын улс төрийн долоо, найман жилийн хэрүүл болж буй. Тавантолгойг эргэлтэд оруулах амлалтыг нам болгон өгдөг ч энэ нь засаг болгоны хувь заяатай нягт холбогддог.  Ерөнхий сайд бүхэн наанаа коксжих нүүрсээ төмөр замаар зөөх тухай ярьдаг ч цаана нь дандаа сандал суудалтай нь холбоотой эрх ашиг яригддаг.

Үйл явдлыг өрнөлийг эргэн сөхье. 2010 онд С.Батболдын үеэс эхэлж тооцвол, сүүлийн таван засгийн мөрийн хөтөлбөрт Тавантолгойн эргэлтэд оруулах амлалт багтжээ.  “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг байгуулж, олон улсын тендер зарласан боловч ялагчийг нь тодруулж амжилгүй 2012 оны сонгуулиар засаг солигдсон. Хамтарсан засгийн дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх “даалгавар” Н.Алтанхуягийн засагт оногдсон юм. 2013 оны сүүлээр Тавантолгойн  тендерийг үргэжлүүлэн зарласан ч ялагчийг тодруулж чадалгүй Шинэчлэлийн Засгийн газар огцров. Ингээд Тавантолгойн хувь заяа Н.Алтанхуягаас Ч.Сайханбилэгт шилжиж ирлээ. Шийдлийн засгийн тэргүүн Ч.Сайханбилэг эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд Тавантолгойг эргэлтэд оруулахаар санал асуулга явуулж, тендерийг ялагчийг тодруулав. Гэвч, Тавантолгойн тендерт ялсан “Энержи ресурс” эрх баригч намын зарим гишүүдэд таалагдаагүй тул гэрээг үзэглэхээр ирсэн хөрөнгө оруулагчид ганзага хоосон буцлаа. 2015 оны хавар Тавантолгой улс төрөө даахгүй унахад, төслийг гацаасандаа баярласан гишүүн Л.Эрдэнэчимэгээр тогтоогүй юм.

Ж.Эрдэнэбатын засаг “Шинхуа”-н төлөөлөгчидтэй Улаанбаатарт уулзалдсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн “Тавантолгойг хөдөлгөнө” гэсэн мэдэгдлээс хэтэрч чадалгүй гэртээ харьцгаалаа. Таван засаг дамжсан Тавантолгойн хувь заяа У.Хүрэлсүхийн танхимд шилжин ирсэн ч кабинетийн сайдуудын зөрчилдөөн нэгэнтээ эхэлжээ.

Хамтарсан засаг

2010 оны зургадугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойг хөдөлгөх Засгийн газрын байр сууриа УИХ-д танилцуулж байв. Тэрбээр “Юмгүй үед гачигдах дутагдахын зовлон байдаг бол юмтай үед эзэн байж чадахгүй бол зовлон учирдаг. Эрснээ олоогүй хүн хоосон буцдаг бол эзэн болж чадаагүй нь хоосорч үлддэг гашуун сургамжтай”-г онцлоод “Хамтарсан засгийн үед Тавантолгойн асуудлыг шийдэхгүйгээр уул уурхай, төмөр зам, орон сууц, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажил олон жилээр ухрах урхагтайг улс төрд ойр хүн болгон сайн ойлгож буй”-г сануулж байлаа.

Хувилбар: Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны тендерийг зарлаж, 15 хөрөнгө оруулагч уг төсөлд оролцох саналаа ирүүлсэн байдаг. Тухайн үед Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн тендерт оролцогчтой хэлэлцээрийн ширээний ард дөрвөн сар суусны эцэст АНУ-ын “Пибоди Энержи”, Хятадын “Шинхуа Энержи”, ОХУ-ын “Оросын төмөр замын нэгдэл” болон Монгол гэсэн хувилбараар ялагчийг тодруулсан ч парламентаар хэлэлцэж чадалгүй өнгөрсөн юм.

Шинэчлэлийн засаг

Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа Тавантолгойг эргэлтэд оруулах тендерийг дахин зарласан юм. Тэрбээр 2013 онд  “…Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51-ээс багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байна” гэсэн  “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268 тоот тогтоол гаргаж байв.

Хувилбар:  Тавантолгойг төслийг эргэлтэд оруулахдаа төмөр замын бүтээн байгуулалтаа төр өөрөө хариуцахаар болж 280 сая ам.долларыг Чингис бондын хөрөнгөөс зарцуулж байв. “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн хэрэгжүүлж байгаа шинэ төмөр замын төслийн гүйцэтгэгчээр “Samsung C and T” корпораци ажиллаж байлаа.

Шийдлийн засаг

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсныхоо дараа ард нийтээс хоёр асуулттай санал асуулга явуулсан нь “томоохон төслүүдээ явуулах уу, хэрэглээгээ танах уу”. Иргэдийн дийлэнх нь 1 дүгээр замыг сонгосон ч Ч.Сайханбилэгийн Тавантолгойг эргэлтэд оруулах төлөвлөгөө бүтэлгүйтсэн юм. М.Энхсайханы боловсруулсан Тавантолгой төслийг үзэглэх мөчид УИХ-ын дарга З.Энхболд “Хэрэв УИХ-аар хэлэлцүүлэхгүй Тавантолгойн төслийн гэрээг байгуулбал Засгийн газрыг огцруулна” гэснээр Ардчилсан нам доторх нүүрсний их хэрүүл эхэлсэн билээ.

Хувилбар: Шийдлийн Засгийн газар 2015 оны нэгдүгээр сарын 5-нд Тавантолгойн тендерийн шинэ ялагчаар Хятадын “Шинхуа Энержи”, Японы “Сумитома”, Монголын “Энержи ресурс” гэсэн гурвалсан нэгдлийг тодруулснаа М.Энхсайхан төслийг хариуцагчийн хувиар зарлаж байв. Дээрх гурвалсан нэгдэлтэй, Чалкогийн өрийг төлөх, төмөр зам барих, нийтдээ 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тохиролцоонд хүрсэн нь зөвхөн засаг дээр боловсруулсан хувилбар.

Хувилбар: УИХ-ын нэр бүхий 40 гишүүний гарын үсэгтэй өөр нэг хувилбарыг  Л.Эрдэнэчимэг  танилцуулсан нь ‘Хазсан алим’. Түүний санал болгосон нь “Монголын төмөр зам төрийн өмчит компани 51 хувь, зүүн чиглэлийн болоод урагшаа явах төмөр замд хувь эзэмших ёстой. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн төсөл дээр 51 хувийг эзэмших ёстой гэх хувилбар.

Мэргэжлийн засаг

Томоохон төслүүдээ хөдөлгөнө гэсэн амлалтай гарч ирсэн Мэргэжлийн засаг Ч.Сайханбилэгийн үед Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан өмнөх консорциумтай гэрээ хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсноо мэдэгдсэн. Зам тээврийн сайд Д.Ганбат “Шинхуа” компани төмөр зам болон уурхай дээр оролцохоор болсныг дуулгав.

Хувилбар: Хэдийгээр тодорхой хувилбар санал болгоогүй ч “Шинхуа” компанийг Тавантолгойн төсөлд оролцуулах, төмөр замыг барьж байгуулах ажилд Монголын төмөр зам компани оролцох, 49 хувийг нь Шинхуад зарах асуудал засаг дээр яригдаж байв.

Ардын засаг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойг  төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэр зэрэг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ид ярьж байна.

Засгийн газар дээр ямар хувилбар боловсруулж буй нь тодорхойгүй ч кабинетын сайдууд нь Тавантолгойгоос бол эрх мэдлээ булаацалдаж эхэлсэн нь нэн ойлгомжтой болсон. Эрх баригчид эвлэлдээгүй цагт цогцоор нь ч, багцаар нь ч эргэлтэд оруулна гэдэг үлгэр.

Үндсэндээ энэ ордыг хэн, хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулахыг таашгүй. Эрх ашгийн эрэмбэ алдагдсан цагт Тавантолгойг хөдөлгөнө гэдэг тэнэг бөгөөд тэс хөндлөн сайдын хийх ажил болжээ. Их санасан газар есөн шөнө хоосон хонуулсан Тавантолгойн таван оролдлого нэг иймэрхүү л.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж