Бага үд гэхэд тус авто цогцолборт хүний хөдөлгөөн харьцангуй цөөхөн эл хуль байлаа. Манай сурвалжлах баг очих үед ченж нар “Ямар машин сонирхож байна. Банкны лизингээр үү, хувь лизингээр үү” гэсэн асуулт тавьсаар угтав.
Захын үүдээр ороход машины зогсоолын цаахна талд “Нэг цэгийн үйлчилгээ”, “Түргэн хоол”, Хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Дугаар олголт”, “Банк бус санхүүгийн байгууллага” гэсэн хаягтай нэг давхар байшингууд эгнэжээ. Мөн Нэг цэгийн үйлчилгээний хаалгаар олон хүн орж гарч байхтай таарсан юм. Цааш явбал цементэн зогсоол дээр эгнүүлэн тавьсан олон машин харагдаж байв.
Авто худалдааны цогцолбор нь ашиглалтад ороод жил гаруйн хугацаа өнгөрчээ.
Тус төвийн ажилтнуудаас дараах зүйлийг тодруулсан юм. Тэд хэлэхдээ “Манай авто цогцолбор нь нийт 6375 машины хүлээн авах хүчин чадалтай 25 га талбай бүхий авто зогсоолтой. Өнөөдрийн байдлаар тус цогцолборт нийт 71 байгууллага, 400 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд газар худалдан авч, түрээслэн бизнесийн үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулсан. Манай төвд бизнес эрхлэгчид ам сайтай байгаа. Энд нэг машинд 18 метр квадрат зай талбай оногддог юм. Бидний зүгээс энэ жилдээ багтааж сэлбэгийн зах, гаалийн бүртгэлийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа’ гэв.
Мөн авто машинтай холбоотой бүх үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, дугаар олголт, татвар, даатгал, банк, нотариатын цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. Ингээд нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж буй иргэдийн байр суурийг сонслоо. Энд авто машины бүртгэлтэй холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдсэн ажээ. “Импортын авто машин” гэсэн цонхон дээр дугаарлан зогсож буй хүмүүс цөөнгүй байв. Тэдний нэг болох иргэн Ц.Бат-орших “Хотоос ирэхэд бэрхшээл алга. Өчигдөрхөн манай эхнэр шинэ машин авсан юм. Тэгээд бичиг баримтаа шилжүүлэх гээд зогсож байна. Хотод байхад түгжрэл, саатал гээд иргэдийг бухимдуулсан зүйл олон байсан. Гэтэл энд тийм юм алга байна” гэлээ. Бид цааш авто худалдааны бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчидтэй цөөн хором уулзлаа.
Авто вокзал болон, авто сэлбэгийн битүү зах баригдахаар төвлөгдсөн
Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр тусгасан байдаг. Тиймээс нийслэл хотын төвлөрлийг сааруулж, замын хөдөлгөөний ачаалал, агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулан, нийслэл хотдоо иргэд таатай нөхцөлд тайван амгалан ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бий болгосон билээ.
Энэ оны нэгдүгээр сарын найманд Зам тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан ажлын хэсэг 1000 машины зогсоол, циркийн авто зогсоолын газрыг чөлөөлөх арга хэмжээг авсан байдаг. Энэ ажил нүдээ олж 1000 машины зогсоолыг нүүлгэснээс хойш авто зогсоолын захиалга эрс нэмэгдэж, Авто цогцолборт 400 гаруй бизнес эрхлэгчид, худалдаа үйлчилгээ эрхлэх болжээ. Дашрамд, авто машины зогсоолууд Япон, Америк, Солонгос улсаас орж ирсэн дугааргүй гэсэн ангилалтай байдаг аж. Цаашид тус цогцолборт авто вокзал болон, авто сэлбэгийн битүү зах баригдахаар төвлөгдсөн байгаа юм.
Хүмүүс ихэвчлэн хямдхан машин авч байна
Авто машины ченж Б.Баттөрөөс зарим асуултад хариулт авлаа.
-Та хэзээнээс эхлэн энэ төвд авто машин борлуулж байна вэ?
-Хуучин би вокзалын хажуу талын 1000 машины захад худалдаа явуулдаг байсан. Одоогоос таван сарын өмнө нүүлгэх шийдвэрийн дагуу энд хөөгдөөд ирсэн. Одоо харьцангуй гайгүй, машин ихтэй болсон байна.
-Хотоос зайдуу газар нүүж ирснээр ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарч байна уу?
-Энд ганцхан Үндэсний хөрөнгө оруулалтын банк ажиллаж байна. Ихэвчлэн хүмүүс машин авахдаа мөнгөө дансаар шилжүүлдэг болохоор бага зэрэг бэрхшээлтэй байдаг. Төв рүү дөхөж байж өөр банкнаас мөнгөө авдаг. Ядахдаа АТМ хүртэл тавиагүй байна. Би 1000 машины захын ойролцоо хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт өгдөг болохоор нааш цаашаа явахад бэрхшээл үүсдэг. Автобус гэхэд өдөрт гуравхан удаа явдаг.
-Өнөөдрийн байдлаар хүмүүс ихэвчлэн ямар машин сонирхож байна вэ? Иргэдийн худалдан авах чадвар сайн байна вэ?
-Хүмүүс ихэвчлэн хямдхан машин хайгаад явж байна. Дандаа өндөр хүүтэй банк бусаар дамжуулан машин худалдаж авч байна. Ихэвчлэн Приус маркын машин сонирхож асуудаг. Эдгээр машинууд километрийн гүйлт, орж ирсэн оноосоо хамааран 12.5 саяас 18 орчим сая төгрөгийн үнэтэй байгаа. Өвөл энд их хүйтэн байдаг юм билээ. Тэр үед машинууд хөлдчихсөн асаах гэж их зүдэрсэн. Хотод байхад тийм зүйл болдоггүй байсан.
Бензин бага иддэг машин их асуудаг
Б.Нямдорж “Хүмүүс голцуу дунд оврын “Hybrid” хөдөлгүүртэй машин худалдаж авч байна. Ихэвчлэн приус их зарагддаг юм. Иргэдийн зүгээс бензин бага иддэг машин их асуудаг. Миний бодлоор энэ төв нь улсын хэмжээний зах гэхэд хэцүү юм. Банк, дэд бүтэц бараг байхгүй. Яваандаа гайгүй болох байх гэж бодож байна. Ерөнхийдөө иргэд банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан машины зээл авч байна. Бэлэн мөнгөөр машин худалдан авч байгаа хүмүүс маш цөөхөн байна. Гэхдээ 1000 машины захыг бодвол зогсоол зай талбай чөлөөтэй байгаа” гэв.
Банкны АТМ байдаггүй, заавал төв рүү ордог
Э.Сүхболд “Машин авч байгаа хүмүүс ихэвчлэн машингүй ирдэг. Тийм болохоор энэ хавиар нийтийн тээвэр явуулах ёстой. Хоёрдугаарт оношилгооны төвд ямар ч зохион байгуулалт байхгүй. Байгаа ганц банк нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк байдаг. Одоогоор ‘приус 20, 30” сайн борлогдож байна. Үнэ нь харилцан адилгүй байгаа. Мөн сэлбэгийн худалдаа байхгүй. Энэ жилдээ багтааж ашиглалтад орох байх. Гуравдугаарт, манай энд цэвэрлэх байгууламжийн үнэр маш их үнэртдэг. Заримдаа өдөржингөө муухай үнэртдэг. Саяхнаас зогсоол дүүрч байна” гэв.
Э.Ариун