“Эрдэнэс Монгол” ХХК-ийг татан буулгах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг татан буулгах хэрэгтэй гэв

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг татан буулгах хэрэгтэй гэв

Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангагч Багануур, Шивээ-Овоо төрийн өмчит уурхайнуудын эдийн засгийн байдал хүндэрч үүд хаалгаа барих дээрээ тулаад байна. Техник тоног төхөөрөмж хуучирсан, татвар болон нийгмийн даатгал, аж ахуйн нэгжүүдэд өгөх өр, төлбөртөө баригдсан, хайгуул болон ашиглалтын талбайгаа бусдад алдсан, олборлолт явуулахад хүндэрсэн гэх олон асуудал хүндэрчээ. Эдгээр охин компаниудын толгой компани, стратегийн ордуудыг эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үрэлгэн зардын талаар “Ардын заргын товчоо” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ. “Зууны мэдээ” мэдээллийн төвд болсон хуралд “Ардын заргын товчоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга С.Зоригтбаатар, тэргүүн А.Гантөмөр нар оролцсон юм.

Өнөөдрийн хурлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ий үрэлгэн зардал болон уурхай дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан талаар мэдээлэл өглөө.

“Ардын заргын товчоо” төрийн бус байгууллагаас дараах нэн яаралтай дараах гурван нөхцөлд шаардлага тавиад байгаагаа хэллээ. Нэгдүгээрт, Багануур, Шивээ-Овоо уурхайн үйл ажиллагаа доголдолд хүрсэн учраас техникийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Хоёрдугаарт, эдгээр компанийн татвар, нийгмийн даатгал, банкны урт хугацаат зээл, бэлтгэн нийлүүлэгчдийн өрийн дарамт үүссэн байна. Эдгээр өрүүдийг төрөөс өөрсдийн эзэмшиж байгаа хувьцааг хөрөнгө оруулах маягаар шийдэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Гуравдугаарт, Багануур, Шивээ-Овоо компанийн эзэмшиж байсан лицензтэй холбоотой маргаан байна. Улсын төсвөөс хийсэн нийт хайгуулын талбайн дийлэнх хувь нь хувьд шилжжээ. Тодруулбал, Багануур компаний 53 хувь, Шивээ-Овоо уурхайн 4/3 нь хувийн компанид шилжсэн. Энэ маргааныг шийдэж төрийн өмчит компанид 100 хувь эзэмшүүлэх гэсэн асуудлыг тавьж байгаа ажээ.

Мөн “Багануур” ХК,  “Шивээ-Овоо” ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой тансаглалыг бууруулж, үр ашиггүй зардлыг бууруулах шаардлага тавьж байгаа аж. Хэрвээ энэ асуудлыг шийдэж чадахгүй бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийг татан буулгаж, хуучин систем рүү шилжүүлэх шаардлагатайг хэлж байв. 

Шаардлагыг долоон хоногийн хугацаатай “Эрдэнэс Монгол” ХХК болон Засийн газарт тавьжээ. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай шийдвэрлэхгүй бол эсэргүүцлийн дараагийн алхамаа хийх болсноо хэллээ.  

“Эрдэнэс Монгол” ХХК-д хийсэн аудитийн шалгалтаар автомашин авахад нэг тэрбум 36 сая төгрөг, урамшуулалт цалинд нэг тэрбум 448 сая төгрөг, зар сурталчилгаанд 1 тэрбум 958 сая төгрөг, оффисын түрээсэнд 718 сая төгрөгийг зарцуулжээ. Мөн Төрийн өмчит ‘Багануур’ ХК 162,4 тэрбум, ‘Шивээ-Овоо’ ХК 112.4 тэрбум төгрөгийн өртэй байгаа юм байна. ‘Багануур’ ХК татварт долоон тэрбум, Нийгмийн даатгалд гурван тэрбум, шатахууны төлбөрт 15 тэрбум төгрөгийн өр төлбөртэйн улмаас ажилчид нь цалин, орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй байгаа талаар хэллээ. Тэд мөн дээрх уурхайнуудад ажиллаж, нөхцөл байдал ямар түвшинд байгаа мэдээллийг авчээ. 

Хурлын үеэр “Ардын заргын товчоо” ТББ-ын Удидах зөвлөлийн дарга С.Зоригтбаатараас дараах асуултанд хариулт авлаа. 

-Төрийн өмчит компанийн талбай дээр хувийн компани хайгуул хийхэд хуулийн ямар заалтыг зөрчөөд байна вэ? Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Улсын төсвийн хөрөнгөөс хайгуул хийсэн талбай дээр хувийн компани давхар хайгуул хийсэн асуудал гарч байна. Энэ нь төртэй хувилдаад хайгуул хийсэн талбай дээр давхар хайгуул хийсэн болж харагдаад газрын төлбөрийг нь төлөлгүйгээр лиценз авчихсан байгаа юм. Хуучин социализмийн үед оросуудын хөрөнгөөр хайгуул хийгээд нүүрсний орд газар гэдгийг тогтоочихсон. Бидний хэлдгээр “их өр”-д төлөгдсөн учраас Монгол Улсын өөрийн өмч юм. Бэлэн материал дээр үндэслээд луйврын аргаар авсан лицензийн асуудлаа зогсоо гэж шаардаад байгаа. Хуулийн цоорхой ашиглаад байна. Үүнийг өөрийн болгон авч байгаа хүмүүсийн лоббигоор батлагдсан хуулиудаа эргэж харах ёстой гэж хэлж байгаа юм.

-“Эрдэнэс Монгол” ХХК ажиллахгүй байх ямар шалтгаан байна вэ?

-“Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдаад 12 жил боллоо. Монгол Улсад үр ашгаа өгч чадахгүй байна. Энэ хугацаанд үрэлгэн зардал гаргаж, ашигтай ажиллаж чадахгүй байна. Харьяанд нь байдаг охин компаниуд дампуурч эхэллээ. Үүнийг яаралтай зогсоо. Хэрвээ зогсоож чадахгүй бол татан буулга. Өөрийн харьяанд байгаа өмч хөрөнгөө хувийн өмчид алдаад, буруу менежмент явуулснаас болж улсын төсөвт үр дүнтэй орлого өгч чадахгүй байна. 3 сая хувьцаа эзэмшигчддээ ашиг өгч чадахгүй бол энэ компани байх шаардлагагүй гэж үзэж байна.

-Та бүхэн өнөөдрөөс эхлэн Засгийн газар болон “Эрдэнэс Монгол” ХХК-д шаардлага хүргүүлнэ гэлээ. Шаардлагын гол санаа юу вэ?

-Бид үндсэндээ таван шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, энэ компанийн үйл ажиллагааг сайжруул, эсвэл татан буулга. Сайжирч чадахгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан учраас татан буулгаад Удирдлагын цомхон бүтэц байгуулах хэрэгтэй. ‘Багануур’ ХК, ‘Шивээ-Овоо’ ХК дээр хуримтлагдсан нийгмийн даатгал, татвар зэрэг газарт өр төлбөрийг яаралтай төлж дуусгах. Техникийн шинэчлэлийг яаралтай хийх. Нүүрсний өртөг өндөр байгаа шалтгаан нь техникийн элэгдэл орсонд байгаа юм. Улсаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, техникийн шинэчлэлийг хийх цаг нь болсон. Үүнээс гадна хувийн компанид алдсан лизенцийг буцаагаад авах тал дээр Засгийн газар санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. 

“Ардын заргын товчоо” төрийн бус байгууллагад иргэний нийгмийн 11 байгууллага байгаа аж. Тус байгууллагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг татан буулгаж, төрийн өмчид “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудыг үр ашигтай ажиллуулах, хөрөнгө оруулалт хийх тухай долоон хоногийн хугацаатай шаардлагыг хүргүүлжээ.  

Засгийн газарт дараах таван шаардлагыг хүргүүлсэн байна. Үүнд: 

  1.  Удирдлага, зохион байгуулалт, менежмент, зарлагын хувьд алдаатай бодлого явуулж буй “Эрдэнэс Монгол” ХХК-ийг татан буулгах
  2. “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-иудад техникийн шинэчлэл яаралтай хийж, олборлох зардлыг бууруулах арга хэмжээ авах
  3. “Багануур”, “Шивээ-Овоо” хувьцаат компаниудын өр төлбөрийг төр өөрийн эзэмшлийн хувьд нийцүүлэн хөрөнгө оруулалт болгон барагдуулах
  4. Төрийн өмчид компаниудын менежментийг сайжруулах, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах үүднээс төрийн эзэмшлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, удирдлага чиг үүргийг Эрчим хүчний яаманд хариуцуулахыг шаардаж байна.
  5. Улсын төсвөөр хайгуул хийсэн Багануур, Шивээ-Овоо уурхайн хууль бусаар шилжсэн “Алтайн Гянт” ХХК, “Эйкүсора” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг яаралтай төрд буцаан авах зэрэг таван шаардлагыг хүргүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж