Монгол нүүрлээд удаж байгаа засаглалын болоод эдийн засгийн хямралын “хар овоохой” нь улс төрийн намууд. Хөх тэнгэрийн дээр нам заларсан нөхцөлд хулгай авлига, хэрүүл, талцал дуусахгүй гэдгийг улстөрчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг.
Тэгвэл муу, муухай бүхний үүр овоохой болсон, зарчимгүй, бодлогогүй, үзэл баримтлалгүй болцгоосон намуудыг яаж цэгцлэх вэ. Монгол Улсад жилээс жилд нэг хүний, нэг компанийн, нэг фракцийн намууд бий болж байгаа нь Улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой гэдгийг судлаачид ярилаа.
Өнгөрсөн 25 жил хамгийн хөгжөөгүй хамгийн хуучинсаг, хоцрогдсон зүйл бол нам. Нам хөгжихгүй, шинэчлэгдэхгүй байгаа нь Монголын хөгжлийн садаа болжээ. Учир нь улс төрийн намуудын санхүүжилтийг зохицуулсан эрхзүйн орчны шинэчлэлт өнөөг хүртэл орхигдсоор ирсэн. Өнгөрсөн хугацаанд улс төрийн өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон нь өнөөх намын санхүүжилттэй холбоотой.
УИХ-аас Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэх ажлын хэсэг байгуулаад байгаа. Энэхүү үйл явцад судалгаа мэдээллээр дэмжлэг үзүүлэх, оролцогч талуудыг мэдээллээр хангах зорилгоор “Улс төрийн санхүүжилт: ёс зүй, оролцоо, хариуцлага” төслийн нээлт өнөөдөр /2018.05.09/ Нээлттэй нийгэм форумд боллоо.
Улс төрийн намуудын санхүүжилтийн /сонгуулийн болон сонгуулийн бус үеийн/ эрхзүйн орчин болон хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмэр оруулахаас гадна эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр дэх мөнгөний нөлөөг багасгах нь төслийн гол зорилго аж.
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг энэ талаар хэлэхдээ “ Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол, нөлөөллөөс ангид байлгах асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, улс төрийн намуудын санхүүжилт, түүний тайланг олон нийтэд ил тод нээлттэй болгох чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, УИХ-д суудалтай улс төрийн намын санхүүгийн тайланд хяналт шинжилгээ үнэлгээ хийж мэдээлэх тогтолцоог бүрдүүлнэ. Мөн УИХ-д суудалгүй намуудыг төлөвших, санхүүгийн хувьд ашиг сонирхлын бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллана. Авлигыг нар тусгаж, нян бохирдлыг арилгаж байж бууруулна гэж ярьдаг. Гэтэл манай улсад хамгийн хаалттай мэдээлэл нь улс төрийн намуудын санхүүжилт” гэлээ.
Лийна Рикила Таман Ардчилал Сонгуульд туслах олон улсын хүрээлэнгийн Номхон далайн бүсийн хөтөлбөрийн захирал:
Улс төрийн намын санхүүжилтийн асуудал нь улс орон бүрт шийдэхэд төвөгтэй асуудал. Улс төрийн намууд өөрсдөө санхүүжилтээ ил тод болгохыг хүсэх хэрэгтэй. Амьдралд хэрэгжүүлэхийн тулд юуны түрүүнд хуультай болох цаашлаад олон нийт, иргэний нийгмийн төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар байнга мэдээлэх нь үр дүнтэй. Улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой мэдээлэл ил тод байх нь эргээд олон нийтийг мэдээллээр хангах ач тустай. Олон улсад улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлыг Сонгуулийн хороо хариуцдаг. Өөрөөр хэлбэл тус байгууллага нь тухайн улс төрийн намуудын санхүүжилт болон сонгуульд оролцсон нэр дэвшигчдийн санхүүжилтийг ил тод мэдээлэх үүргийг хүлээсэн байдаг. Тухайн мэдээллээ улс төрийн намууд болон нэр дэвшигчид нь ч тусгай үүрэг бүхий байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. Энэ нь иргэдэд зөв сонголт хийх боломжийг бүрдүүлдэг.
АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд:
Улс төрийн намын санхүүжилт бол тухайн намын таван үндсэн тулгуурын нэг юм. Энэ нь тухайн намын үйл ажиллагааны тунгалаг байдалтай шууд холбоотой. Үүнийг шийдэх ганц гарц хууль батлах явдал юм. Өнөөдөр улс төрийн намууд энэ чиглэл рүү бага багаар орж байгаа гэж бодож байна. Хуульгүйн улмаас намууд санхүүжилтээ хууль бус замаар босгодог. Тухайлбал, 60 тэрбумын схем. Өнөөдөр нийгэмд гарч байгаа зарим баривчилгаанууд ч үүнтэй холбоотой. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг батлахын тулд намууд өөр хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал. Мөн бусад иргэний нийгмийн төлөөллөө сонсох учиртай. АН-ын хувьд намын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох асуудалд эргэлт буцалтгүй орсон. АН-ын Үзэл баримтлалын ажлын хэсгийг миний бие ахалж байгаагийн хувьд 21 аймаг, бүх сумдад АН-ын тухай үзэл баримтлалын тухай хэлэлцүүлэг өрнүүлнэ.
“Дөнгөж Их, дээд сургуулиа төгссөн залуучууд нийгэм дахь оролцоогоо нэмэгдүүлье гэтэл цөөн тооны эрх мэдэлтэй хүмүүс боломжийг нь олгодоггүй. Энэ нь залуусын оролцоог улам хааж байна. Энэхүү оролцоог тэлэх гарц руу төслийн зорилго чиглэгдэж байгаа нь нүдээ олсон шийдэл” гэдгийг төслийн нээлтийн үеэр залуус хэлж байлаа.
Ш.Адъяамаа