УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт холбогдох байгууллагын удирдлага, албан тушаалтнууд оролцлоо. Тус хуулийн төсөлд гэмт хэрэг зөрчлийг тогтоох, арилгах, шинээр бий болохоос урьдчилан сэргийлэх тухай нарийвчлан тусгасан байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар зөвхөн нүдэнд ил харагдаж буй ахуйн хүрээний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан. Тэгвэл дээрх боловсруулсан хуулийн төсөл ил болон далд үйлдэгддэг бүхий л гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгажээ. 2016 онд 32 мянган гэмт хэрэг үйлдэгдсэнээс 37 мянган иргэн хохирчээ. Үүнээс болж аж ахуй нэгж байгууллага, иргэдэд 200 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Хэрэв гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг тэрбум төгрөгийн төсвөө нэмэгдүүлж, ажлаа сайжруулбал гарч байгаа хохирол, зардал багасч, хохирч буй иргэдийн тоо тэр хэмжээгээрээ буурах боломжтой юм байна.
Мөн хууль сахиулагчдад зөвхөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмц гэж үүрэг өгөх биш тэднийг бэлтгэдэг, сургадаг, техник тоног төхөөрөмж, ажиллах баталгааг нь хангадаг, эрх зүй, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байхаар хуулийн зохицуулалт хийжээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг 1997 онд баталсанаас хойш 20 гаруй жил өнгөрч байна. Тус хуульд хүний нүдэнд ил үйлдэгддэг буюу гудамж талбайд үймээн самуун гаргах, танхайрах гэх мэт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн тэмцэх талаар тусгаж зохицуулсан байсан. Өнгөрсөн хугацаанд тодорхой бодлогын, томоохон зохицуулалтууд буюу гэмт хэрэг үйлдэгдэх, гэмт хэргийн золиос болох нөхцөл шаардлага, шалтгааныг хэрхэн арилгах талаар зохицуулалтгүй явсаар ирлээ. Өөрөөр хэлбэл, МУ-ын эдийн засгийн өсөлт муу байна, ард иргэдийн амьдрал ядуу байна гэдэг бол гэмт хэрэг үйлдэгдэх, өртөх, золиос болох нэг шалтгаан болж буй. Учир нь ажилгүйдэл, ядуурлын улмаас хүмүүс амьдрахын эрхэнд гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бий болгоод байна. Тиймээс гэмт хэрэгтэй зөвхөн хуулийн байгууллага бус монголын төр анхаарах ёстой гэж үзэж хуулийн төслийг боловсрууллаа. Мөн хуульд орж байгаа зохицуулалт бол гэмт хэрэг гарсны дараа гэмт хэргийг илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорьж цагдан ард нь ар гэр үр хүүхэд нь хохироод, нөгөөтэйгүүр гэмт хэргийн золиос болсон хүн нь эрүүл мэнд, эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирохоос өмнө нь сэргийлэх нь чухал гэж үзсэн явдал.
ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл:
-1997 онд батлагдсан хуульд зохицулагдаагүй маш олон асуудал байгаа тул тус хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага байгаа. Учир нь 20 жилийн өмнөх гэмт хэргийн нөхцөл байдал,төрөл, техник технологийн хөгжлийн энэ үед гэмт хэргийн төрөл цахим орчинд шилжиж үйлдэгдэж байна. Иймээс гэмт хэргээс урьпчилан сэргийлэх хуульд нарийвчилсан золхицуулалт хийх шаардлагатай байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэдэг бол зөвхөн сурталчилгаа биш юм. Гэмт хэрэгтнүүдийн үйлдэл илүү нарийссан тул энэ төрлийн байгууллагууд илүү нарийн мэргэшсэн байх шаардлагатай байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, зардал мөнгийг хэрхэн яаж зарцуулж, үр дүнг тооцох, олон нийт рүү чиглэсэн ажлаас гадна гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг болон хорихоос суллагдсан иргэдэд хэрхэн хяналт тавьж, дахин гэмт хэрэг үйлдэлхгүй байхад бүхий л талаар анхаарал хандуулах хэрэгтэй байна.
ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг:
-Одоогийн хэрэгжиж байгаа хуульд урьдчилан сэргийлэх ажлыг хэт ерөнхий байдлаар тусгасан, зардал мөнгийг тавьсан хэдий ч хангалтгүй, бодит амьдралд процессийг зааж өгөөгүй гэх мэт ерөнхий чиг үүргийн ажлууд нь явж өгөхгүй байна гэх мэт асуудлууд байна. Цагдаагийн байгууллагаас одоо мөрдөгдөж буй хуулийн төсөлд гарч буй алдаа дутагдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд учир буй хүндрэл бэрхшээлийг хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх явцад саналаа гаргаж энэ нь хуулийн төсөлд тусгагдсан байна. Тухайлбал урьдчилан сэргийлэх талаар иргэн бүрт хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг тул энэ ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж өгөх хүсэлтийг хэлэлцүүлгийн үеэр гаргалаа.
Ш.ЧИМЭГ