О.Чулуунбилэг: Хөрс хамгаална гэдэг амьдралыг хамгаална гэсэн утгатай

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

О.Чулуунбилэг: Хөрс хамгаална гэдэг амьдралыг хамгаална гэсэн утгатай

О.Чулуунбилэг: Хөрс хамгаална гэдэг амьдралыг хамгаална гэсэн утгатай

“Ногоон бүс” төрийн бус байгууллагын тэргүүн О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Энэ жилийн хөрс хамгаалах өдөр тавдугаар сарын 5-нд болж өнгөрлөө. Танай “Ногоон бүс” төрийн бус байгууллагынхан оюутнуудтай хамт экологийн олимпиад зохион байгуулсан мэдээлэл гарсан. Энэ тухай жаахан дэлгэрэнгүй тайлбарлаач?

-МУИС-аас санаачлан жил бүр Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Экологи клуб, Хүрээлэн буй орчны судалгааны төв  зэрэг олон газрууд оролцон их дээд сургуулийн оюутнуудын дунд экологийн олимпиадыг хамтран зохион байгуулдаг юм. Энэ жилийнх буюу экологийн XVI олимпиадыг зохион байгуулах хугацаа нь хөрс хамгаалах өдөртэй давхцаж байсан учраас манай “Ногоон бүс” төрийн бус байгууллагынхан олимпиадыг санаачлагчидтай ярилцаад “Хөрсөө хамгаалъя” уриан дор дэмжигчдийн нэг болж оролцсон. Ер нь “Ногоон бүс” төрийн бус байгууллагын санаачлагч, дөрөвдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеэсээ уг олимпиадын санаачлагч, зохион байгуулагч МУИС-ийн багш нартай хамтарч ирсэн уламжлалтай. Энэ жилийн  XVI олимпиадаас эхлэн түрүүлсэн багт манай ‘Ногоон бүс“ ТББ-аас шилжин явах цом өгч эхэлж байгаа юм. Улаанбаатар, хөдөө орон нутгаас нийлээд 113 оюутнуудаас бүрдсэн баг оролцлоо.  Олимпиадыг сайн зохион байгуулсан  н.Сономдагва тэргүүтэй МУИС-ийн багш нар, зочин илтгэгч академич Д.Доржготов гуай нарт талархал илэрхийлье.  

-Хөрс хамгаалах өдөр жил бүрийн тавдугаар сарын 5-нд болдог. Анх 2016 онд ерөнхийлөгчийн 58-р зарлиг гарч байсан санагдах юм. Энэ жил өргөн тэмдэглэж мэдэгдсэнгүй.

-Тийм. 2016 онд тодорхой тооны эрдэмтдийн санаачилгаас үүдэж, судалгаа хийсний үндсэн дээр Ерөнхийлөгчийн хөрс, бэлчээрийг хамгаалах 58-р зарлиг гарч байсан. Уг зарлигийн гол зорилт нь манай улсад хөрс, бэлчээр хамгаалах ажлыг шууд хариуцсан төрийн тусгай нэгж байдаггүй, олон яамдад ганц ганц мэргэжилтэн хариуцсан тархай байдалтай, эзэнгүй байгаагаас үүсэж буй эрсдэлийг бууруулж, нөхөж хариуцлагажуулахад чиглэж байсан. Засгийн газар ч дэмжиж 149-р тогтоол гарснаар жил бүрийн 5-р сарын эхний долоо хоногийн бямба гарагийг хөрс хамгаалах өөр болгож, энэ өдөр бүх нийтээр хөрсөө хамгаалах ажил хийх, сургалт сурталчилгаа явуулах  үүргийг байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол гэсэн дөрвөн яам хийх үүрэгтэй.  Энэ жил энэ дөрвөн яамнаас хөрс хамгаалах өдрөөр ямар нэгэн тодорхой ажил хийлээ гэж надад ч бас сонсогдсонгүй. Дотооддоо бол ядаж мэдээллээ нэгтгэж байгаа байлгүй дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөө яваа сурагтай байсан. Малчид, иргэд түүнээс уулзалтан дээр хөрс, бэлчээрээ хамгаалах талаар юу хийж байгааг нь лавлаж асуух хэрэгтэй.

-Хөрс хамгаалах тухай иргэдийн төдийгүй шийдвэр гаргагчдын ч ойлголт нэлээд сул байх шиг

-Иргэдийн ялангуяа залуучуудын ойлголт тун сайн байна гэж олимпиадын хүүхдүүдийн илтгэлээс харж ойлгож суулаа. Хөрс хамгаална гэдэг бол гоё үг, намын уриа лоозон, попролт биш юм. Хөрс хамгаална гэдэг бол амьдралыг хамгаална гэсэн утгатай. Ялангуяа монгол шиг уур амьсгалын өөрчлөлтөд хурдацтай өртөж буй үндэстний хувьд хөрсөө хамгаалахгүй бол амьдралын өртөг огцом нэмэгдэнэ. Энгийнээр хэлэхэд хэрвээ хөрс, бэлчээрээ хамгаалахгүй бол монгол эдийн засгийн хувьд ядуу буурай ч хүн амьдрахад хамгийн өндөр өртөгтэй улс болж хувирах бодит эрсдэл нэгэнт ирсэн. Хөдөө бэлчээр хомсдож  олон сая малын даацаа дийлэхгүй, газар тариалангийн хөрс хийссэнээр хар хөрс дайжиж, хотод хөрсний бохирдлоос болж өвчин тасардаггүй, нарийн шороогоор халуунаар шуурсан ийм л ирээдүйг ямар ч монгол хүн хүсэхгүй байх.

Хөрс, бэлчээрээ хамгаална гэдэг бол зөвхөн төрийнхний хийх ажил биш. Иргэдийн оролцоо маш чухал. Энэ асуудал дээр иргэд маань нэгдэж бидэнтэй хамтраасай гэж урьж байна. Ажил эхлэхэд оройтоогүй. Энэ долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарих ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх өдөр болно. Танай сайтын уншигчдыг мод тарьж хөрсөө хамгаалаарай гэж уриалж байна.    

 

Б.СОНДОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж