Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа.
Аж ахуйн нэгж, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг татварын ямар хуулиар зохицуулдаг вэ?
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах, уг татварын төсөвт төлөхтэй харилцааг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар зохицуулдаг.
Татварын ерөнхий хууль, Иргэний хуульд зааснаар Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үлхөдлөх эд хөрөнгөд хамаардаг гэж тодорхойлсон байдаг. Тухайлбал: барилга, байгууламж гэх мэт зүйлийг үл хөдлөх хөрөнгө гэж үзнэ.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч гэж хэнийг хэлэх вэ ?
Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа өмчийн бүх төрлийн компани, хоршоо, нөхөрлөл, ТББ, төрийн болон ОНӨҮГ мөн МУ-ын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн бүгд хамаардаг.
Бизнесийн байгууллага, иргэд шинээр үл хөдлөх эд хөрөнгө барих, бусдаас худалдан авах, өмчлөлөө бусдад шилжүүлэх тохиолдолд татварын албанд заавал очиж бүртгүүлэх үү?
Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэж нэмэлт, өөрчлөлт хийлгэнэ.
Иргэд амьдран суух зориулалтаар худалдан авсан байрандаа татвар төлөх ёстой юу?
Хуулинд тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг энэ төрлийн татвараас чөлөөлөх заалт байдаг.Үүнд: иргэдийн амьдран сууж байгаа орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламж зэрэг орно.
Бизнес эрхэлж байгаа ААН, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээг татварын алба хэрхэн тодорхойлж бүртгэдэг вэ?
Үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулахдаа холбогдох хуульд заасан 3 үнэлгээг ашигладаг үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, хэрвээ байхгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлж байгаа.
Эдгээр хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаантай асуудал хэр гардаг вэ?
Сүүлийн жилүүдэд татвар төлөгч ААН, иргэдэд үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн үнээс хэт багаар тодорхойлох, үнэлгээний байгууллагаар багаар үнэлүүлэхтохиолдолгарчбайгаа. Иймээс татварын албаны зүгээс хөндлөнгийн мэдээлийг ашиглан ажиллаж байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого нийслэлийн төсвийн хэдэн хувийг эзэлдэг вэ?
Нийслэлийн төсвийн 11 орчим хувийг эзэлдэг.
Төрийн байгууллагатай хамтарч ажилладаг уу ?
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай тогтмол хамтарч мэдээлэл солилцон ажилладаг.
Татвар төлөгчид татвараа төлөх хандлага ямар байна вэ?
Нийгмийн хариуцлагаа биелүүлэн шинээр барьсан болон худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө татварын албанд хуулийн хугацаанд бүртгүүлэх, татварын тайлангаа хуулийн хүрээнд үнэн зөв тодорхойлох, татвараа хуулиар заасан хугацаанд төлөх, татварын албанаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр татвар төлөгчдийн татвар төлөх хандлага өсөж байна. 2017 онд нийслэлийн хэмжээнд шинээр 1168 татвар төлөгчийн 1345 үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж 516 тэр бум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгөнд 5 тэр бум орчим төгрөгийн татвар ногдуулан ажилласан байна.
Үл хөдлөх эд хөрөнгөнд хэдэн хувиар татвар ногдуулдаг вэ?
НИТХ-ын 2012 оны 5/18 дугаар тогтоолдагуу 1-р бүсэд 1% , 2,3-р бүсэд 0.8%, 4,5-р бүсэд 0,6% тус тус тооцон татвар ногдуулна.
Татвар төлөгчид тайлангаа хэзээ татварын албанд гаргаж өгдөг вэ?
Жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны байдлаар тооцон улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор төлөх татвараа тэнцүү хэмжээгээр тооцон төлнө.
Сүүлийн үед аж ахуйн нэгж, хувь хүний газар эзэмших, ашиглах эрхээ үнэ төлбөргүйгээр бусдад шилжүүлэх тохиолдолд татвар ногдуулдаг болоод байгаа энэ талаар тайлбар өгнө үү ?
ААНОАТ-ын тухай хуулиар хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийг бусдад шууд шилжүүлэх, борлуулах тохилдолд 30 хувиар татвар ногдуулна. Харин хувь хүн ХХОАТ-ын тухай хуулиар 10 хувиар татвар ногдуулна.
Төлөх татварыг газар эзэмших, ашиглах эрхээ шилжүүлж байгаа тал төлнө гэсэн үг үү.
Орлого олж байгаа тал татварыг суутгаж, төсөвт төлнө.
Иргэн, ААНнь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газар дээр барьсан барилгаа борлуулсан эсвэл шилжүүлсэн тохиолдолд хэдэн хувиар татвар ногдуулах вэ?
2 хувиар албан татвар ногдуулна.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn