Сангийн яам 2019 онд төсвийн зарлагыг 10 их наядаар төсөөлжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Сангийн яам 2019 онд төсвийн зарлагыг 10 их наядаар төсөөлжээ

Сангийн яам 2019 онд төсвийн зарлагыг 10 их наядаар төсөөлжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2018.05.09/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Гааль болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслүүд нь ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа нимгэн давхаргатай гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг татваруудаас чөлөөлөхөөр хуулийн хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон учраас ийнхүү Засгийн газраас хуулийн хугацааг сунгахаар оруулж ирж байгаа юм байна. Хуулийн төслийг баталснаар 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хурааж авсан гааль, НӨАТ-ын албан татварыг иргэд, аж ахуй нэгжид буцаан олгох нөхцөл бүрдэх юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн О.Батнасан түлшний модны импортыг мөн татвараас чөлөөлөх санал гаргасан бөгөөд гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.  Төслийн хүрээнд Мянганы сорилтын сангаар дамжуулан авах зээлийн асуудлыг хэлэлцсэн юм.

Мөн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төлсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсвийн зарлага их байна. 2019 онд төсвийн зарлага 10 их наяд, 2020 онд бараг 12 их наяд орчим байхаар төсөөлсөн байна. Төсвийн орлогоо хэр зэрэг бодитойгоор тусгасан бэ. Уул уурхайн бүтээгдэхүүндээ найдаж орлого төлөвлөхгүйгээр бодитойгоор төсөөлмөөр байна. Төсөв хэлэлцэж байхад орлого бүрдүүлэх тал дээр төлөвлөсөн зүйл харагдахгүй байна. Ер нь жил бүрийн төсөв алдагдалтай батлагддаг. Тиймээс төсвийн алдагдлаа бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 -Төсвийн алдагдлыг бууруулах бодлого барьж байгаа. Алдагдлыг шууд тэглэсэн бодлого баримтаж болохгүй. Төсвийн алдагдлыг бууруулах талаар тооцоолж байна. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн турш агшсан эдийн засгийг тэлэх шаардлагатай. Өнгөрсөн жилээс аж ахуйн нэгжүүд идэвхжиж, үйл ажиллагаа нь сэргэх хандлагатай байна.  Хөнгөлөлттэй зээлээр санхүүжих хэмжээгээр төсвийн алдагдал буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон.  Орлогыг шахаж, тооцож оруулж байгаа. Зэс, нүүрс, алтны үнийг өндөр тооцож оруулж байгаа.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-2016 оны сонгуулийн дараа Засгийн газар бүрдэхэд эдийн засаг дефолт зарлахад ойрхон байсан. Санхүүгийн дампуурлаас бултахын тулд ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр аргагүй байсан. Ийм арга шийдвэрийг гаргахад 2012-2016 оны парламентын буруу бодлогын үр дүн байсан. Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байж шийдвэр гаргасан хүмүүс, одоо асуудлаа мартсан явж байна. Түүнээс гадна 2011-2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ОХУ-ын талд ногдол ашиг олгоогүй, 100 хувь төрийн өмч болсон учраас орлогыг хэрхэн тооцож байгаа зэрэг олон асуудал байна. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг УИХ-аа хэлэлцэх ёстой.

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хурааж, олонх нь дэмжсэн учраас 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Үүгээр өнөөдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж