Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ гарна

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ гарна

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ гарна

Цагаан ордны экс ерөнхийлөгч Барак Обамагийн үед Европын холбоотнууд болон Тегераны талтай хамтран байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ гарахаар болжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоотнуудын зөвлөгөө, анхааруулгыг үл хайхран Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гаргахаа лхагва гаригт мэдэгдэв. Тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг ялзарч, муудсан, муу гэрээ хэмээн шүүмжилжээ. Дональд Трамп цөмийн хөтөлбөрийн гэрээ нь Ираны цөмийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд хязгаарласнаас бус баллистик пуужин хөгжүүлэлтийг зогсоож чадаагүй гэж үзжээ. Мөн Иранд 100 тэрбум ам.долларын төлбөр төлөх болсон нь Ойрхи-Дорнод даяар терроризм, зэр зэвсэг, хэт даврагчдыг санхүүлэх хөрөнгө болж очих болно гэсэн байна.

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг 2015 онд байгуулснаар Тегеран баяжуулсан ураны үйлдвэрлэлээ багасгаж, олон улсын шинжээчдийн хяналт дор цөмийн зэвсгийн нөөцөө устгалд  оруулсан билээ. Харин Дональд Трампын мэдэгдлийн дараа Иран улс цөмийн зэвсэг болон эрчим хүчний зорилгоор уран баяжуулалтаа дахин эхлүүлэхээр бэлтгэж эхэлснээ мэдэгджээ. Гэхдээ тэрбээр цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулахад оролцсон Европын холбоотнуудтай хэлэлцэх хүртэл уран баяжуулалтаа эхлэхээ хэдэн долоо хоног харзнах аж.

Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулснаар Ираны эсрэг тавьсан НҮБ, АНУ болон Европын холбооны орнуудын эдийн засгийн хоригийг цуцалсан байв. Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ гарсны дараа Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ 90-180 хоногийн дотор эргэн сэргэх аж. Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ нь нисэх онгоцны экспорт, газрын тосны салар, металлын арилжаа, ам.доллар худалдан авах зэргийг хязгаарлах аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж