НБА-н Хьюстон Рокетс баг өнөө өглөө өөрсдийн “Тоёота Центр” ордондоо Юта Жаз багтай цувралын 5 дахь тоглолтоо хийж 112-102 харьцаатай ялалтж байгуулснаар плэй-оффын хагас шигшээд буюу бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Ингэснээр Хьюстон Рокетс багийн лидер К.Пол НБА-н карьертаа анх удаагаа плэй-оффын хагас шигшээ буюу бүсийн аваргын төлөө тоглох гэж байна. Өмнө нь тэр 2007-2008 оны улиралд хуучнаар Нью-Орлеан Хорнетс буюу одоогийн Нью-Орлеан Пеликанс багийн хамтаар плэй-оффын 2-р шатанд Сан-Антониод Спөрс багт 4-3 харьцаатай хожигдож байсан бол Лос-Анжелес Клиперс багийн хамтаар плэй-оффын 2-р шатанд 3 удаа шалгарсан ч мөн л Сан-Антонио Спөрс багт 4-0, Оклахама Сити Тандер багт 4-2, Хьюстон Рокетс багт 4-3 харьцаатай хожигдож байсан юм. Ийнхүү К.Пол анх удаагаа Хьюстон Рокетс багийн хамтаар бүсийн аваргын төлөө шалгарч байна.
Өнөө өглөө болсон хоёр багийн цувралын 5 дахь тоглолтонд К.Пол шилдэг нь байж оноо авалт, самбар болон оновчтой дамжуулалтаараа багаа тэргүүлсэн юм. К.Пол энэ өдөр 41 оноо, 7 самбар, 10 оновчтой дамжуулалт өгсөн бол түүнд Пи.Жи.Такер 19 оноо, Ж.Харден 18 оноогоор тус хүргэсэн байна. Харин зочин баг Юта Жаз багаас гараанд гарч тоглосон Д.Митчел 24 оноо, 9 оновчтой дамжуулалт, Р.О’Нил 17 оноо, Ж.Инглес, Р.Гобер нар тус бүр 12 оноо авсан бол сэлгээнээс А.Бёркс 22 оноо авсан ч баг нь хожил байгуулах хэмжээнд байж чадсангүй.
Б.БЯМБАБАЯР