Ерөө сумын бэлчээрийн даац хэтрээд байна

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Ерөө сумын бэлчээрийн даац хэтрээд байна

Ерөө сумын бэлчээрийн даац хэтрээд байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд малын бэлчээрийг хамгаалах тал дээр анхаарал хандуулах цаг болжээ. Нийт нутгийн бэлчээрийн даац хэтэрсэн, малын тоо жил ирэх тусам нэмэгдэж нийт сумдын малын бэлчээр доройтолд орсон гэсэн судалгаа хүртэл гарсан байна. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс малын бэлчээрт тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлага  гэж үзэж байгаа юм.

13 мянган малтай Ерөө сумын хувьд гэхэд л бэлчээрийн даац хэтэрчихсэн. Малчин өрхүүд нэг газраа жилийн дөрвөн улирлыг өнгөрөөдөг. Нэг ёсондоо бэлчээр сэлгэх ямар ч боломжгүй болчихсон гэж ойлгож болно. Энэ байдлаас болоод сумын нийт нутгийн бэлчээр доройтолд орж буурцагт ургамалын тархац ч багассан байна. Тиймээс хөнжлийнхээ хэрээр хөлөө жий гэдэг шиг бэлчээрийнхээ даац хэмжээнд таарсан эрчимжсэн мал ахуй эрхлэх нь хамгийн зөв алхам гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна.

Сангийн аж ахуйн үед Ерөө сумын нэг айл өрх 25 толгой мал, нэгдэлд 150 толгой мал ноогддог байжээ. Үүнээс хэтэрвэл байгаа бэлчээрийн даац хэтэрнэ гэж үздэг байсан байна. Гэтэл өнөөдөр энэ сумын мал бэлчээрийнхээ хэмжээнээс 1,2 дахин хэтэрчээ. Тиймээс бэлчээрээ хамгаалахын тулд малын хөлийн татварыг тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Малын тооны хэт өсөлт, бэлчээрийн даацын хэтрэлт, хүний буруу ажиллагаанаас шалтгаалж бэлчээрийн доройтол цаашид ч хүрээгээ тэлээд байвал малчдын амьжиргаа улам муудна. Малчид бэлчээрийг үнэ төлбөргүй, даацыг нь хэтрүүлж ашиглан доройтуулсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй одоогийн тогтолцоонд бэлчээрийн эрх зүйн зохицуулалт хийж бэлчээр ашиглалтын төлбөр тогтоох нь хамгийн зөв алхам гэж малчдын зүгээс ч гэсэн үзэж байна.

 Малчид малынхаа тоог бие биеэсээ өрсөж өсгөхөд л анхаарч, чанарт нь анхаарахгүй байна. Малчдын сэтгэлгээг малын толгойн тоогоор хөөцөлдөх биш харин малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэн, чанарыг эрхэмлэхэд чиглүүлэн өөрчлөх бодит шаардлага тавигдаж байна. Иймд бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулахаас өөр аргагүй. Үүнд төрийн зүээс ч, малчдын талаас ч анхаарах цаг нь болсон гэдгийг ерөө сумын малчид хэлж байна.  

Д.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж