Төрийн алба данхайсан ч нэг хүнд ногдох мэс заслын эмчийн тоо буурав
Монголчууд 2045 онд таван саяулаа болно. Бид 1988 онд хоёр сая дахь, 2015 онд гурван сая дахь иргэдээ хүлээн авсан гэхээр нэг сая иргэнтэй болохын тулд 27 жил зарцуулжээ. Харин дараа дараагийн сая дахь иргэдээ угтахад тийм ч удаан хүлээхгүй нь. Монгол улс 2031 онд дөрөв, 2045 онд таван сая иргэнтэй болох таамгийг үндэсний статистикийн хорооноос гаргасан. Судлаачид ирэх жилүүдэд хүн амын өсөлт хэвийн үргэлжилнэ гэдгийг хэлж байна. Өнөр олуулаа болох нь сайхан. Гэвч хэт төвлөрлөөс шалтгаалсан олон асуудлаа шийдэж чадалгүй улам даамжруулсаар дөрөв, таван сая дахь иргэдээ хүлээн авах шинжтэй. 2045 онд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 2.3, ерөнхий боловсролын сургуульд элсэх насны хүүхэд болон ахмад настны тоо хоёр дахин өсөхөөр байна. Ингэвэл боловсрол, эрүүл мэндийн салбарт асар хүнд ачаа ногдохоор байгаа юм. Энэ их ачааг үүрэхэд улс бэлэн үү гэвэл үгүй. Тэртээ 2045 он байтугай өнөөдөр ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний салбарууд хүн амынхаа өсөлтийг гүйцэхгүй туйлдаж байна. Бага ангийн нэг багш стандартаас хоёр дахин олон сурагчид хичээл зааж буй. “18 жил багшаар ажиллахад миний цалин дөнгөж 40 мянган төгрөгөөр нэмэгдсэн. 600 мянга хүрэхгүй цалингаар амьдрах үнэхээр амаргүй” хэмээн нийслэлийн 84 дүгээр сургуулийн багш Б.Цэрэндолгор бухимдангуй өгүүлсэн.
Ийнхүү боловсролын салбарт хүн хүч, цалин мөнгө асар хүнд байгаа бол төрийн албаны нөгөө тал улам данхар болсоор. Нөгөө тал гэдэгт улс төр, захиргааны болон тусгай албан хаагчид орно. Өнөөдрийн байдлаар төрийн албанд 192.5 мянган хүн ажиллаж байна. Энэ нь 2008 оныхоос 48.5 мянган хүнээр нэмэгдсэн тоо. Үе үеийн улстөрчдийн “төрийн албан хаагчдын тоог бууруулна” гэдэг чихэнд чимэгтэй амлалт сүүлийн 10 жилд эсрэгээрээ биеллээ. Улс төрийн албан тушаалтны зөвлөх, туслах болон бүх шатны засаг дарга нарын тоо 2005-2016 онд 535-аар нэмэгдсэн байна. Нөгөө эрх мэдэлтнүүдийн ярих дуртай төрийн албаны үр ашигтай байдал энд алга. Ерөнхийлөгч Х.Баттулга “татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг төрийн албаныхны тоо баялаг бүтээгчидтэйгээ бараг тэнцүү байна гэдэг нь эдийн засгийн хувьд яав ч эрүүл зүйл биш. Хэрэв төрийн албан хаагчдыг чадваржуулж чадвал орон тоог 90 мянга хүртэл бууруулах бодит бололцоо байгаа” хэмээсэн.
Гэвч сонгуулиар бялуу хуваах албан тушаал нь цөөрөх учраас үүнийг сонсох хүсэлтэй эрх мэдэлтэн алга. Цагаан захтнууд гэгддэг төрийн захиргааны албан хаагчдын тоо 2004 оныхоос хоёр дахин нэмэгдэж, өнөөдөр 19 мянгад хүрсэн. Хэрэв ийм цагаан захтнууд олширсноор Монголын нийгэм урагшилдаг, татвар төлөгчдийн амьдрал сайжирдаг бол өчнөөн олноор нь нэмэхсэн. Даанч цагаан захтнууд дундаас л төрийн албыг шат, шатанд нь хүндрүүлдэг, авлига, албан тушаалын хэрэгт орооцолддог “этгээд”-үүд ол ноороо төрдөг нь гутармаар. Үүнийг нь мэдсээр байж цагаан захтнуудын тоог нэмж, эрх ямбыг нь ахиулсаар байгаа нь харамсмаар. Сонгуулийн дараах халаа, сэлгээ энд л жинхэнэ утгаараа өрнөдөг. дөрөв, заримдаа нэг, хоёр жилийн мөчлөгтэй солигддог яам, агентлагийн дарга нар олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнийг хүртэл хайр найргүй халдаг. харин намын заавар, дэмжлэгээр томилогдсон нь ажлаа мэдэхгүйгээс төрийн албаны нэрийг шороотой хутгаж байна. Сэргэлэн нэгэн нь нам солигдохоос өмнө яаж суусан газраасаа шороо атгах вэ гэдгээ бодно. Эцэст нь, цалингаасаа хумсалж татварт өгсөн иргэд төрийн үйлчилгээг бүрэн авч чадахгүй хохирдог шүү дээ.
• Улс төрийн албан тушаалтны зөвлөх, туслах болон бүх шатны засаг дарга нарын тоо 2005-2016 онд 535-аар нэмэгджээ.
• Энхийн цагт дайны талбар шиг болоод байгаа эрүүл мэндийн салбарт чадварлаг эмч нар дутагдаад байна.
• Монголчууд дөрөв, таван саяулаа болоход нийгмийн үйлчилгээний салбар бэлэн үү.
Уг нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг албан хаагчдын тоо нэмэгдэх нь тийм ч муу зүйл биш аж. Норвегид ажил хийж буй иргэдийн 30.3 хувь нь төрийн албан хаагч байдаг бол Данид 29.1, швед 28.6, Францад 21.4 хувьтай байдаг аж. Эдгээр орон иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд төрийн үйлчилгээнд асар их анхаарч, хөрөнгө хүч хаядаг. Харин манайд ажил хийж буй иргэдийн 16.2 хувь нь төрийн албан хаагч байгаа нь дундаж үзүүлэлт аж. гэвч төрийн алба яг иргэдийнхээ амин чухал наад захын хэрэгцээг хангах салбартаа хүчээ хаяж чадахгүй байна. Иргэдэд ширээний ард суугаад бичиг цаас хөтөлдөг захиргааны ажилтнаас илүү эрүүл мэнд, амь насыг нь аврах эмч, хүүхдэд нь чанартай боловсрол олгох чадварлаг багш хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Цэрэг, цагдаа зэрэг тусгай хүчнийхний тоо өсөөд байдаг.
Гэтэл энхийн цагт дайны талбар шиг болоод байгаа эрүүл мэндийн салбарт чадварлаг эмч нар дутагдаад байна. Манай улс элэг, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд эхний байрт ордог. Гэтэл 10 мянган хүнд ногдох дотрын их эмчийн тоо сүүлийн хоёр жилд буурч, 3.4-3 болжээ. Түүнчлэн мэс заслын эмчийн тоонд 2011 оноос хойш ямар ч өөрчлөлт гараагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл 2011 онд 10 мянган хүнд ногдох мэс заслын эмчийн тоо 1.4 байсан нь өнөө ч хэвээр. Эрүүл мэндийн салбарт бичиг, цаасны ажил хийдэг удирдах ажилтны тоо хоёр мянгаар нэмэгдсэн бол их эмчийн тоо дөнгөж 600-гаар ахив. Энэ бол төрийн алба дээрээ данхайж байхад, иргэдэд амин чухал хэрэгцээтэй хэсэгтээ давжаарч буйн тод жишээ. Тиймээс цагаан захтнуудын тоог цөөрүүлж, ядаж эмч, багш нарынхаа цалинг нэмж, төрийн анхан шатны үйлчилгээг чанаржуулмаар байна. Цаашлаад тэр хэмнэсэн мөнгөөрөө төрийн албаны халаагаа бэлддэг болохсон. Ингэж сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албыг “зарж идсээр” байтал нийгмийн үйлчилгээний салбар хүн амынхаа өсөлтийг гүйцэж чадалгүй сөхрөх вий.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ