Монголын Үндэсний музейн урд Хэлмэгдэгсдийн хөшөө байрладаг. Уг хөшөөг 1921-1990 оны хооронд улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн 30 мянга гаруй хүний дурсгалд зориулан бүтээсэн түүхтэй. Олон жилийн тэртээх хэлмэгдэгсдийн зовлон шаналал, гомдол цөхрөл, дотоод хүсэл эрмэлзлийг харуулсан энэхүү хөшөөгөөр түүхийг гэрчилж үлдээсэн нь энэ.
Эдгээр хүмүүст зориулан есдүгээр сарын 10-нд буюу хүний эрхийн өдрөөр төр засгийн хүндтэй хүмүүс хөшөөнд цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнтэй уулздаг уламжлал тогтсон.
Уг хөшөөний дөрвөлжин хар өнгөтэй төмөр хүрээ бүхий хана нь хүний эрх чөлөөг хааж боож, хязгаарлаж байгааг илэрхийлсэн утга санаатай бол, дотор нь байгаа хүний дүрс нь тэрхүү ханыг нураахыг хүссэн, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгсдийн дүрийг илэрхийлжээ.
Харин хананы дотор талд ‘Цаазын ялгүй Монгол Улс’ хэмээх уриалга бүхий үг байдаг. Гэвч саяхан энэ үг алга болсонд олон хүмүүс гайхширалд оров.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Эрдэнэбатаас тодрууллаа. Тэрбээр “Хөшөө нь соёлын өвд хамаардаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар хөшөө дурсгалыг анхны хэлбэрээр нь байлгах ёстой. Уг хөшөөг бүтээсэн Л.Болдын хувилбараар бол “Цаазын ялгүй Монгол Улс” гэсэн бичиг байгаагүй. Мөн энэ бичгийг хэзээ бичсэнийг ч мэдэхгүй. Ийм бичиг бичсэн нь хөшөөний анхны хувилбараас өөр, хууль зөрчсөн байсан тул энэ бичгийг авсан юм” гэлээ.
Хэлмэгдэгсдийн хөшөөг 1997 онд уран барималч Л.Болд бүтээж байжээ. Одоогоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын хамгаалалтад байдаг юм байна. Хөшөөг тухайн үеийн ханшаар 24.6 сая төгрөгөөр бүтээж байжээ.
Р.Ренчиндулам