Д.Наранчимэг, Н.Жанцан,Т.Лхагва, Д.Сугарыг хэзээ солих вэ?

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Д.Наранчимэг, Н.Жанцан,Т.Лхагва, Д.Сугарыг хэзээ солих вэ?

Д.Наранчимэг, Н.Жанцан,Т.Лхагва, Д.Сугарыг хэзээ солих вэ?

Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох эрхтэй.

Үүнээс дөрвөн гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болжээ. Тодруулбал, Д.Наранчимэг, Н.Жанцан нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн жил дуусгавар болж, Т.Лхагва, Д.Сугар нарын бүрэн эрх өнөөдөр /2018.05.09/ дуусч байна.

Тэгвэл Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны аравдугаар сард санал болгож, тухайн үед Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн ч дэмжээгүй юм. Ингээд Ерөнхийлөгч хүсэлтээ эргүүлэн татаж, Д.Наранчимэг одоо хүртэл цэцийн гишүүнээр ажиллаж байна. Үндсэн хуулийн цэцэд хамгийн удаан ажиллаж байгаа Н.Жанцан. Тэрбээр 1992 оны долдугаар сарын 1-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Түүний бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу 2017 оны тавдугаар сарын 5-нд дууссан юм. Өөрөөр хэлбэл, Н.Жанцан хуулийн дагуу Цэцэд алба хаших хугацаанаасаа нэг жилээр хэтрүүлсэн гэсэн үг.

Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч бүрэн эрхтэйгээ үлдээх шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ” гэсэн заалттай холбоотой билээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг УИХ-аас нэр дэвшүүлж байсан бол Т.Лхагва, Д.Наранчимэг, Н.Жанцан нарыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлж байсан билээ. Ингээд Ерөнхийлөгчийн санал болгосон гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусан тул хэнийг томилох талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад “Хуулийн шаардлагад нийцсэн хүнийг олж дэвшүүлнэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж