“135 мянган оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдана”

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

“135 мянган оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдана”

“135 мянган оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдана”

Оюутан залуусыг эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлага тавьж байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Нармандахаас тодрууллаа.


-Оюутнуудад эрүүл мэндийн даатгал төлөх шаардлага тавьж байгаа. Үүнд хувийн болон улсын бүх сургуулийн оюутнууд хамрагдаж байгаа юу?

-Улсын хэмжээний их дээд сургууль ба хувийн хэвшлийн, улсын гээд бүх  их дээд сургуульд суралцагч оюутнууд хамрагдана. Энэ оны хувьд 135 мянга орчим оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулна гэж тооцож байна.

-Оюутнуудаа даатгалд хамруулаагүй сургуульд ямар хариуцлага тооцох вэ?

-Оюутнуудаа даатгалд хамруулаагүй бол торгоно гэсэн мэдээлэл гадуур байна лээ. Гэхдээ сургуулийг торгох зохицуулалт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд их дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь оюутны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлнэ гэж заасан байдаг. Мөн Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын  сайд гээд гурван  сайдын хамтарсан тушаалд “Оюутан суралцагчдын  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу төлүүлэхийг их дээд сургууль коллеж политехник коллеж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нарт үүрэг болгосугай” гэсэн тушаалыг сургуулиуд мөрдөн ёстой юм.

-Оюутнууд эрүүл мэндийн даатгалд хэрхэн хамрагдах вэ. Мөн жилдээ хэдэн төгрөг төлөх вэ?

-Оюутан эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө төлөх үед сургуулийн тодорхойлолтыг авч  тухайн сургууль нь байрлаж буй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст төлнө. Шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу 28800 төгрөг төлнө.

-Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан оюутнууд ямар үйлчилгээ авах боломжтой болсон вэ?

-Эрүүл мэндийн даатгалд хамргадсан оюутан нь эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх бүх төрлийн тусламж үйлчилгээг авах эрхтэй. Үүнд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн IX зүйлд заасан доорх тусламж үйлчилгээг авна.

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ
  • Өдрийн эмчилгээ, үйлчилгээ
  • Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ
  • Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ
  • Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл
  • Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт;
  • Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ
  • Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ
  • Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж