Ялалтын баярын шинэ “зочид”

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Ялалтын баярын шинэ “зочид”

Ялалтын баярын шинэ “зочид”

Нацист Германийг бут цохиж, Дэлхийн II дайн төгссөний түүхт 73 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ялалтын баярын энэ өдөр уламжлал ёсоор Оросын Холбооны Улс цэрэг армийн сүр хүчээ илтгэсэн баярын жагсаалыг Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар 10.00 цагт зохион байгуулна.

Жагсаалын бэлтгэлийг сар гаруйн өмнөөс Санкт Петербург  хотын төв талбайд  хангаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд туршилтын журмаар зэр зэвсэг, сөнөөгч онгоцуудаа хэд хэдэн удаа туршин бэлтгэл хийжээ. Харин Москва хотод энэ сарын 6-ны өдөр нэгдсэн журмаар сүүлчийн удаа бэлтгэл хийснээр үндсэндээ баярын жагсаалыг зохион байгуулах бэлтгэлийн ажил шувтарсан нь тэр юм.

Жагсаалын бэлтгэлийн үеэр /Москва, Цверская гудамж/

Жагсаалын бэлтгэлийн үеэр /Москва, Улаан талбай/

Цэргийн жагсаалд зориулж өнгөрсөн Ням гарагаас өнөөдрийг дуустал Оросын агаарын замын ачааллыг хөнгөлж, нислэгийн тоог бууруулах төлөвлөгөө гарсан бөгөөд жагсаал эхлэх үед Москвад үйл ажиллагаа явуулж буй гурван нисэх буудал цөөн минутийн туршид түр зогсолт хийх юм.

Сүр жавхлант цэргийн парадын үеэр Орос улсын шинэ үеийн болоод үе үеийн дэвшилтэт цэргийн зэвсэг техник хэрэгслүүдийг улаан талбай дээр олны өмнө толилуулна.

Санкт Петербург хотод болох энэ жилийн жагсаалд ойролцоогоор 4500 цэрэг оролцох бол Москва хотноо болох их жагсаалд нийт 13000 цэрэг 60 гаруй нисэх онгоцны хамтаар оролцохоор бэлтгэлээ базаагаад буй юм. Тэдгээрийг дурдвал:

  1. Хоёр СУ-57 (Сухой) /анх удаа танилцуулагдаж буй/
  2. Нэг МИ-26 (Мил)
  3. Дөрвөн МИ-8 (Мил)
  4. Дөрвөн МИ-28 (Мил)
  5. Дөрвөн КА-52 (Камов)
  6. Дөрвөн МИ-35 (Мил)
  7. Хоёр ТУ-160 (Туполев)
  8. Дөрвөн ТУ-22М3 (Туполев)
  9. Нэг АН-124 (Антонов)
  10. Гурван ИЛ-76 (Илюшин)
  11. Гурван ТУ-95 (Туполев)
  12. Нэг ИЛ-7 (Илюшин)
  13. Дөрвөн ЯК-130 (Яковлев)
  14. Дөрвөн СУ-24М (Сухой)
  15. Дөрвөн СУ-34 (Сухой)
  16. Дөрвөн МиГ-31(Микоян)
  17. Есөн МиГ-29 (Микоян)
  18. Зургаан СУ-27 (Сухой) зэрэг агаарын техникүүд оролцох мэдээлэл гарчээ.

Эдгээрийн дундаас энэ жил анх удаа дэлхий нийтийн өмнө дэлгэгдэх шинэ загварын агаарын болон газраар явагч техникүүдийн талаархи товч мэдээллийг хүргэж байна.

1. 5-р үеийн шинэ СУ-57

Энэ жилийн дебют гэж хэлж болох үзүүлбрийг 5-р үеийн хоёр Су-57 сөнөөгч онгоцууд үзүүлэх нь. Эдгээр СУ-57 нь хамгийн сүүлийн үеийн сайжруулсан загвартай, агаараас газар луу болон агаар луу пуужин харвах чадвартай. Хамгийн жолоодлого сайтай хэмээн үнэлэгдэж буй 5 дахь үеийн Су-57 нь өөртөө 6 ширхэг дуунаас хурдан BrahMos-A пуужинг зөөвөрлөх хүчин чадалтай аж.

2. “Кинжал” пуужин

Энэ жил анх удаа олны өмнө гарч буй бас нэгэн шинэ зэвсэг бол чинжаал хутгыг бэлгэдсэн Кинжал нэртэй пуужин юм. Дайсны ямар ч агаарын хамгаалалтыг нэвтрэх өндөр чадалтай энэхүү пуужин нь мэдээж дуунаас хурдан. МиГ-31 сөнөөгч онгоцонд тээвэрлэгдэн 2000 км хүртэл зайд байндаа тусах боломжтой, цагт 10,000 км хурдаар нисэх чадалтай гээд олон талаараа энэ пуужин анхаарал татаж байгаа.

3. “Терминатор”

Уралийн вагон үйлдвэрийн шинэ бүтээл “Терминатор” тодотголтой танк дэмжигч байлдааны машин нь мөн энэ жил анх удаа олны өмнө гарна. Атака нэртэй 4 ширхэг танк эсэргүүцэгч пуужингуудтай, 30мм-ийн 2 их буутай, хоёр гранат харвагчтай, мөн бууны ам нь 7,62мм голч бүхий пулемёт зэргээр тоноглогдсон. Өмнө нь Сирид жихадистуудын эсрэг туршилтын журмаар ашиглагдаж байжээ.

4. Жолоочгүй робот зэвсгүүд

Энэ жилийн жагсаалд шинэ төрлийн онцгой 4 техник оролцож байгаагийн хоёр нь газраар, хоёр нь агаарт нисэхэд зориулагджээ. Жолоочийн шаардлагагүй буюу операторийн тусламжтай үүргээ гүйцэтгэх Уран-6 болон Уран-9 танкууд нь овор хэмжээний хувьд харьцангуй жижиг болсон байна. Уран 9-ийг Москва дахь цэргийн дэвшилтэт зэвсэг үйлдвэрлэгч JSC 766 UPTK үйлдвэр зохион бүтээсэн ба энэхүү робот систем нь тагнуул  хийх болон тагнуулын хэрэгслүүдэд гал нээн дэмжлэг үзүүлэхэд зориулагдан бүтээгдсэн учир байлдааны явцыг цаг хугацаанаас үл хамааран оператор төв рүү илгээх зориулалттай.

Алсын зайны удирдлагатай энэхүү робот нь дайралтын далайцад хүч нэмэгдүүлэх болон байлдааны үеэр цэргийн алба хаагчдын амиа алдах явдлыг бууруулах зорилготой юм.

“Уран-6” танк

Уран-9 нь мина илрүүлэх болон хураах зориулалттай Уран-6 робот танкийн хамтаар Сирид туршигдаж байсан. Эдгээр шинэ загварын хоёр робот нь дайсны хуяг луу довтлох танк эсэргүүцэгч пуужин болон гал шидэгч зэргээр тоноглогдсон нь оновчтой шийдэл болсон байна.

5. Нисгэгчгүй робот зэвсгүүд

Өмнө дурдсан нисгэгчгүй хөөрөх хоёр шинэ техник өнөөдрийн жагсаалаар танилцуулагдаж байгаагийн нэг нь цаг агаарын ямар ч нөхцөлд нисэх чадвартай Корсар нэртэй дрон юм. Сонгогдсон байг хамгийн хурднаар онилох чадамжтай, газарт байгаа цэргийн хүчинд гэрлээр дохио өгөх зэрэг давуу талтай нисэгч юм. Мөн түүнчлэн, удирдлагын төвөөсөө 100 км хүртэл зайд ажиллахаар зохион бүтээгдсэн энэхүү тактикийн дрон нь хаана үйлдвэрлэгдсэн нь одоо болтол нууц хэвээр байгаа бөгөөд бусад зэвсгүүдийн адилаар Сирид анхны галын адисаа хүртээж байжээ.

“Корсар” дрон Москва дахь бэлтгэлийн үеэр

Хамгийн сүүлд танд танилцуулах өөрөө нисэгч техник бол 2км хүртэл өндөрт хөөрөх чадвартай, цагт 130 км цаг хурдлах алсын удирдлагатай нисгэгчгүй дрон Катран юм. Катран нь мөн л цаг агаарын бүхий л нөхцөлд үүргээ гүйцэтгэх хүчин чадалтай. Мэдээ дамжуулах тагнуулын журмаар ашиглагдах Катран нь 120 кг хүртэлх ачааны даацтай гэдгээрээ давуу өмнө танилцуулсан Корсараас давуу талтай аж.

“Катран” дрон Москва дахь бэлтгэлийн үеэр

Г.Сүмбээ

Эх сурвалж: CNN, Sputnik News

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж