“Волксваген” групп алдаанаасаа суралцаагүй бололтой. ХБНГУ-ын тээврийн яамны мэдээлснээр “Волксваген” группийн эзэмшлийн “Ауди” компани люкс салон бүхий А6 болон спорт загварын А7 загварын машинуудын 6 цилиндртэй дизель хөдөлгүүрт хууль бус программ суулгасан хэргээр ийнхүү шалгагдаж байгаа ажээ.
Ойролцоогоор 60,000 машин энэ төрлийн зөрчилтэй байгаагийн 33,000 орчим нь Германд байгаа бол АНУ руу нэг ч машин гараагүй гэдгийг холбогдох байгууллагын хийсэн мэдэгдэлд дурджээ.
Стандартын дагуу худалдаанд гаргах машинуудыг түгээгдэхээс өмнө тусгай шалгалтад оруулан баталгаажуулдаг ба дээрх машинуудын хөдөлгүүр шалгалтын үеэр үзүүлж байсан үр дүнгээ бодит зам дээр туршиж үзэхэд хадгалж чадахгүй байсан байна. Тиймээс, тэдгээр машинууд ямар аргаар шалгалтыг амжилттай давсан нь тодорхой биш байна.
Волксваген группийн хувьд гурван жилийн өмнө ижил шалтгааны улмаас 11 сая ширхэг дизель хөдөлгүүртэй машинуудаа эргүүлэн татаж, ихээхэн хэмжээний хохирол амсаж байсан гашуун туршлагатай билээ.
Г.Сүмбээ
Эх сурвалж: CNN