Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Галд үйсэн амь

Гурван сарын өмнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт гэр бүлийн дөрвөн хүн гэртэйгээ шатаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан бол уржигдар Сүхбаатар дүүрэгт гэр бүлийн дөрвөн иргэн угаартаж амиа алджээ.  Цагдаагийн байгууллагаас өгсөн урьдчилсан мэдээгээр зургаан настай хүүхэд гал алдсанаас гэр бүлийн дөрвөн хүн угаартаж амиа алдсан байж болзошгүй аж.

Онцгой байдлын албаныхан галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа юм. Ойр орчмынх нь иргэдийн яриагаар 10.00 цагийн орчимд байшин шатаж байсан тул Онцгой байдлынханд дуудлага өгсөн. Гал унтраагчид хэргийн газарт ирэхэд 8х6 харьцаатай байшин шатаж байсан бөгөөд 54-61 насны дөрвөн иргэн угаартан амиа алдсан байжээ.

Учир мэдэхгүй хүүхэд гал алдсан, алдаагүй ч бай гал түймэрт хүний амь эрсдэнэ гэдэг ноцтой хэрэг. Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар галд гэр бүлээрээ амиа алдсан харамсалтай хэрэг хоёр дахь удаагаа гарч байгаа нь энэ юм. Өмнөх жилүүдэд мөн 5-10 насны гурван хүүхэд Сонгинохайрхан дүүрэгт гэртэйгээ шатаж, амиа алдсаныг сануулбал, зүрх шимшрэм хэргүүд олон гарсан. Одоо эрдэнэт хүнийхээ амийг галд алдахгүйн тулд хэлж ирдэггүй гамшгаас мэргэжлийн байгууллагууд иргэд хэн, хэн нь сургамж авах цаг иржээ.

Тэр тусмаа онцгой байдлын албаны зүгээс орон байрт гарч байгаа галын шалтгааныг тодорхой мэдээлж, болзошгүй аюулаас хэрхэн сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө өгч, шалгалт хийж, галын аюулгүй байдлыг хангуулахгүй бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангагдахгүй байна.

Наад захын жишээ татахад, нийслэлийн гэр хорооллуудын цахилгааны шит цоожтой, цоожгүй янз бүр л байдаг. Цахилгаан тасарвал хүүхэд ч очоод онгичих тохиолдол гардаг. Шитэнд хүрэх нь хүүхдийн ажил биш шүү гэдгийг бага насны хүүхдүүддээ хэлж ойлгуулсан нэгэн байхад анхааруулга өгөөгүй эцэг, эхчүүд ч олон бий. Хэдийгээр цахилгааны шитээс болж, гал алдаагүй байж болох ч арваад жилийн өмнө зургаан айлын дунд нэгийг байршуулсан цахилгааны шитэд аюул нүүрлэснийг мэргэжлийн байгууллагууд анхаарахад илүүдэхгүй л болов уу.

Дээр нь ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг томчуудын хувьд гэрийнх нь цахилгааны холболт аюулгүй байдал хангаж чадаж байгаа юу гэдгийг ч бодолцох цаг ирсэн. Эзгүйд тань гэрийн цахилгаанаас гал авалцвал хүүхэд юу болох вэ, эргэцүүлээд нэг бодоорой. 

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ гэдэг зөвхөн онцгойгийнхны үүрч дүүрэх ажил биш. Эрчим хүчний салбарынхан ч анхаарал хандуулах учиртай.

Зөвхөн цахилгаан тасарвал гэмтлийг нь завсарлахаар, эсвэл цахилгааны төлбөрөө хийгээгүй айлын тоолуурыг нь таслах зорилгоор л  монтёр ажилладаг болохоос биш болзошгүй аюул гарахаас сэргийлж, ажилласан тохиолдлыг ойрын жилүүдэд санахгүй нь. Хааяа нэг дуудлага өгөхөд ирэхгүй цаг алдана. Шалтгааныг тодруулахаар орох айл олонтой, ачаалал ихтэй байна гэдэг хариуг өгдөг. Хүлээхээс л өөр зам байдаггүй.

Орон сууцанд амьдардаг иргэд цахилгаан масслаад байгаа тухай дүүргийнхээ Эрчим хүчний салбарт хандахад “Сууц өмчлөгчдийн холбоондоо ханд. Манайд холбогдолгүй асуудал”  гэх хариу өгөх нь бий. Гэтэл тус холбоонд нь цахилгааны гэмтэл мэддэг мэргэжлийн хүн байдаггүй.  Хэрэв байрны нэг айлд цахилгааны гэмтлээс болж, гал гарвал байраараа биш юмаа гэхэд орцоороо аюулд орох эрсдэл бий.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2017 оны мэдээгээр обьектын түймрээс 44 хүн амиа алджээ. Бага насны хүүхдүүдээс эхлээд томчууд ч амиа алдсан байгаа юм. Иймээс цаг алдалгүй улсаараа галын аюулгүй байдалд анхаарал хандуулахгүй бол галд халуун ам үйсээр байж болзошгүй эрсдэл бий болсныг дахин сануулъя.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж