"Зөрчлийн хууль эдийн засагт гай болж байна"

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

"Зөрчлийн хууль эдийн засагт гай болж байна"

"Зөрчлийн хууль эдийн засагт гай болж байна"

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эдийн засгийн өсөлт 5,1 хувьтай гарсан ч иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байна. Энэ юутай холбоотой вэ?

Цугларсан нийтийн мөнгийг дахин хуваах нь шинжлэх ухааны үндэслэлтэй хийгддэг ажил юм. Манайд дахин хуваарилалтыг дарга нар, эрх мэдэлтэй хүмүүс хийж байгаа нь том алдаа. Энэ нь коммунист эдийн засгийн гол шинж юм. Хоёрдугаарт, макро эдийн засгийн ололт микро эдийн засгийн хаалгаар орохын тулд татварын систем, мөнгөний систем хоёроор ордог. Эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдээгүй юм шиг санагдаж магадгүй. Жишээ нь, НӨАТ-ын 20 хувийг иргэд буцааж авснаар тухайн иргэнд жилдээ 120-150 мянган төгрөг буцаж ирж байгаа боловч улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр НӨАТ-ын хуулийн систем 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зөв ажиллаж эхэлсний үр дүн юм. Одоо Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулийг баталж чадах юм бол дээр дурьдсан 5,1 хувийн макро эдийн ололт иргэдийн аж ахуй нэгжид очно. Гэхдээ 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол маш их бэрхшээл давж, УИХ-аар дөрвөн удаа зүтгүүлж байж батлагдсан. Тухайн үед хямралын оргил үе байсан учраас л нэг юм батлагдсан. Бид өнгөрсөн дөрвөн жил эдийн засгийн дайныг туулаад гарлаа. Одоо 5,1 хувийн өсөлт гэдэг бол харьцангуй амжилт. Энэ бүх мөнгө макро эдийн засгийн алдаа хийсэн нөхдүүдийн өрөнд явж байна. Өнөөдөр улсын төсөвт орж ирж байгаа орлогын нэлээд хувиар өр ба түүний хүүг төлж байна.

Ард түмний өгсөн 65 суудлыг Ардын нам ашиглаж, том төслүүдээ зоригтой хөдөлгөх хэрэгтэй. Чаддаг юм бол төмөр замаа барьчих, Тавантолгой дээр цахилгаан станц барьчих л даа.  2018, 2019 он бол макро эдийн засгийн таатай үе тохионо. Энэ үеийг ололт болгох нь одоогийн эрх баригчдаас хамаарна. Дээр дурдсан ололтууд төгрөгөөр гарч байгаа тоонууд шүү. Үүнийг ам.долларт юм уу еврод шилжүүлэхэд нэг их зөрүү гарахгүй байгаа. Учир нь, төгрөгийн огцом уналтын зөрүү нөгөө талаас дэлхий дээр валютын дайн эрчимтэй өрнөөд дууслаа. Жишээ нь, евро ам.долларын эсрэг 15 хувь чангарсан. Энэ нь манайд далд утгаараа маш том цохилт болдог. Үүнийг бага хохиролтой давах нь Төв банкны ажил юм. Тэгэхээр эндээс улбаалаад мөнгөний бодлого гэдэг бол макро эдийн засгийн ололтыг микро эдийн засагт шингээхэд маш чухал систем. Өнгөрсөн онд банкны багц хуулийг өөрчилсөн. Энэ нь монголчуудад ашигтай байгаасай гэж хүсч байна.

-Одоо татварын дөрвөн том хуулийг шинэчлэх ажил явагдаж байна. Хууль эрх зүйн шинэчлэл аж ахуй нэгжид ач тусаа өгч чадах уу?

-Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн бол НӨАТ-ын систем, татварын системийг томоор нь харж чадаагүй. Тэр утгаараа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нэрийн доор зарим төрлийн татварыг нэмж, татварын системийг хойш нь татсан асуудал бий. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газартай хамтраад татварын гурван хуулиа боож өгч байна. Татварын шинэ хуулийн гол зорилго бол орлогыг компанид үлдээхэд оршиж байгаа юм.

-Х тайлан өгдөг аж ахуй нэгжээс улиралд 60 мянган төгрөг авахаар хуулийн төсөлд тусгасан байсан. Орлого олоогүй компани жилд 240 мянган төгрөгийн татвар төлнө гэхээр хэр зохимжтой вэ?

-Ер нь аж ахуй нэгжүүд байгалийн жамтай адилхан. Үүсдэг, хөгждөг, өтөлдөг. Энэ асуудлыг УИХ-ын гишүүд цэцэн цэлмэг ухаанаар шүүх байх. Эрүүгийн болон Зөрчлийн хууль бол аж ахуй нэгжийг хамгаалдаг маш том зэмсэг юм. Гэтэл өнгөрсөн жилийн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн эдгээр хууль эдийн засагт гай чирч байна. Яагаад гэвэл Зөрчлийн тухай хуулиар прокурорт хэт давамгай байдал өгсөн. Уг нь Эрүү, Зөрчлийн хууль чинь Х.Тэмүүжингийн хууль шүү дээ. Х.Тэмүүжин өөр маягаар хийсэн ч жил гаруй хэрэгжээгүй ингээд Х.Нямбаатар гишүүн авч ажилласан. Тэр үеэс философийг нь өөрчилсөн болов уу гэж харж байгаа. Өнөөдөр юм л бол прокурор дээр очдог болсон. Монгол Улсад татварын, гаалийн, нийгмийн даатгалын, мэргэжлийн хяналтын нийлээд 8800 байцаагч байна. Тэд дандаа прокурор дээр очиж акт тавьсан асуудлаа шийдэх зохицуулалттай болчихсон.

Монгол Улсад эдийн засгийн асуудал эрхэлсэн 66 прокурор бий. Гэтэл 8800 байцаагч асуудлаа шийдвэрлүүлэхээр прокурорт хандахад 66-хан хүн хаанаа ч хүрэхгүй. Х тайлантай компани хоёрдугаар сарын 15-нд тайлангаа өгөөгүй байхад татварын байцаагч Зөрчлийн тухай хуулиар 1,5 сая төгрөгөөр торгох заалттай. Торгохгүй бол байцаагч өөрөө прокурор дээр асуудалд орно. 1,5 сая төгрөгийн торгууль ногдуулна гэхээр орлогогүй компани алуулна биз дээ. Жинхэнэ алуур чинь татварын хууль биш ээ, Зөрчлийн тухай хууль шүү. Эрүү, зөрчлийн хуулийг эргэн харах хэрэгтэй. Эцэс сүүлдээ татварын байцаагч нар жижиг авлигач болно гэсэн үг шүү.

-НӨАТ-ын системийн бааз суурь аюулд ороод байна гэж та өмнө нь ярьж байсан. Одоо энэ асуудал нэг тийш шийдэгдсэн үү?

Өнгөрсөн хавар НӨАТ-ын систем дээр ажиллаж байсан толгой залууг халаад, оронд нь IT тал дээр ямар ч мэдлэггүй хоёр нөхрийг тавьсан. Тэд НӨАТ-ын ДАТА баазыг хамгаалалтгүй хаясан. Мэдэхгүйгээсээ болоод НӨАТ-ын системд бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн мэдээллийг гадагш гаргах шахлаа. Намын нэр зүүсэн цүнх баригч нараас болоод НӨАТ-ын систем өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх хөгжил нь зогссон. Ч.Хүрэлбаатар сайд бид хоёр Р.Отгонтулгад үүрэг өгөөд “зах дээр уншдаг НӨАТ-ын машин хий” гэхэд хийгээд ирсэн. Өнөөдөр QR кодын тусламжтайгаар захын нэг наймаачны орлогыг бүртгэж боломжтой. Гэтэл нөгөө нөхдүүд нь мэдэхгүй учраас хэрэгжүүлж чадахгүй байна. Түүгээр ч барахгүй НӨАТ-ын систем дээр ажиллаж байсан залуучуудад эрүү үүсгэчихлээ.

-Ямар учраас НӨАТ-ын систем дээр ажиллаж байсан залууст эрүү үүсгэж байгаа юм бэ?

-Эрүүл мэндийн яамны урилгаар залуус очиж ажиллаад, НӨАТ-ын систем дээр суурилж хөнгөлөлттэй эмийг олгох систем хийж өгсөн юм. Гэтэл НӨАТ-ын улсын үйлдвэрийн системийг өөр газар өглөө гэдэг үндэслэлээр таван залууд эрүү үүсгүүлчихсэн. Энэ бол солиотой үйлдэл. Ийм солиотой үйлдлийг эрх мэдэлд шунасан, эрдэм мэдлэггүй хүмүүс хийдэг. Иймэрхүү цүнх баригчдаа зайлуулахгүй бол би хэвлэлийн хурал хийнэ.

Манайх 1927-1937 он хүртэл ийм хогийн шааруудыг бэлтгэж байгаад 1937 онд хүн алуулж байсан. 1927 онд эрдэм мэдлэгтэй хүнийг алаад өгөөч гэхэд алах хүн олдохгүй байсан. Тиймээс хогийн шааруудыг бэлдэж байгаад 1937 онд тийм үйлдэл хийлгэсэн. Одоо ийм шаарууд гарч ирж байна.

-Та олон удаа НӨАТ-ын системийн мэргэшсэн хүмүүсийг халлаа гэж шүүмжилсэн. Байнга нэг зүйл яриад байгаа нь таныг ашиг сонирхолтой мэт харагдуулаад байгаа юм биш үү?

-Би 2005 оноос хойш НӨАТ-ын системийг нийгэмд гаргаж тавьсан. Ингээд 10 жилийн дараа хууль батлагдлаа. ДАТА систем дээр ажилласан залуус З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын  дэмжлэгтэйгээр бүрдсэн. Тэд миний 10 жил ярьсан ажлыг IT технологиор гайхамшиг болгосон. Тиймээс энэ залуучууд үнэ цэнэтэй.

-Иргэдийн гар дээр байгаа 1072 ширхэг хувьцааг хэрхэн эргэлтэд оруулах вэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК олсон ашгаасаа иргэдэд хүртээнэ гэж шийдлээ. Энэ зөв шийдвэр болж чадсан уу?

-Өнгөрсөн хугацаанд баахан өр ширээ дарж байгаад арай гэж 480 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Үүнийг 2,5 сая хүн амдаа тарааж өгнө гэвэл нэг хүнд 3000 төгрөг ногдоно. Эдийн засгийн хөгжил нь төвлөрсөн капиталын үр дүнд бий болдог. Тараах гэж байгаа 480 тэрбумаар Тавантолгойд цахилгаан станц барьж болно. Мөнгөө төвлөрүүлж байгаад төмөр замд хөрөнгө оруулалт хийж болно.  Төвлөрүүлсэн жоохон мөнгөө “тараана” гээд зогсож байгаа хүмүүсийг гэмт хэрэг хийж байна гэж би харж байгаа. Ний нуугүй хэлэхэд 1072 ширхэг хувьцаагаар дамжуулсан хөрөнгийн төвлөрлийг хэн удирдах, захирах талаар ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Ийм үед хүмүүс үнэ цэнэтэй зүйлээ хэдэн хувьцааны наймаачдад зарж болохгүй. Одоо 1072 ширхэг хувьцааг хямд үнээр худалдаж авах гээд байгаа том эдийн засагчид дөрвөн тэрбум ам.долларын Оюутолгойн гэрээг зурах үед дуугарахгүй яасан юм бэ. Одоо л араас нь том том юм яриад байгаа болохоос тухайн үед хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын талаар нэг үг ч дуугараагүй шүү.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нэлээд хэдэн хүнийг баривчилсан. Гэтэл Оюутолгойн гэрээг хий гэдэг зөвшөөрлийг УИХ-аас өгсөн шүү дээ?

-Эдийн засгийн хямралыг давахын тулд удирдагч хүнээс улс төрийн эр зориг, ухаан шаарддаг. Хямралын үеийн шийдвэрийг нэлээд сэргэлэн толгойтой хүн л гаргана. 1990 онд коммунист нийгэм нурсан. Дараагийн системд орохын тулд Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай иргэдэд гадаад паспорт олгосон байдаг. Тухайн үед жилийн 360 хувийн инфляцитай, банкны хүү жилийн 250 хувь байсан. Хүнд үеийг эдийн засгийн эрх чөлөөгөө олж авсан иргэдийн хүсэл тэмүүлэл авч  гарсан. Д.Бямбасүрэн гуай алдарт 20 дугаар тогтоол гаргаж байсан. Энэ тогтоол хүнд байсан ч одоо харахад чухал шийдвэр юм. Дараа нь 1997 онд Азийн хямрал болсон. Азийн хямралыг бид яагаад мэдрээгүй өнгөрсөн бэ гэхээр малаа хувьчилсан байсан. Дээр нь төвлөрсөн эдийн засгийн үед чөдөрлөгдөж байсан үнэ, ханшийг М.Энхсайхан чөлөөлсөн. М.Энхсайханы тэр шийдвэр Азийн хямралаас авч гарсан. Дараа нь 2009 онд манайд аймшигтай хямрал нүүрлэсэн. Манайд шатахуун, улаан буудай байгаагүй. Ганцхан сарын хугацаанд ам.доллар 1200-1750 хүрсэн. Энэ юунаас болсон бэ гэхээр 2008 оны УИХ-ын сонгуулийг угтаад зэсийн орлогоо урьдчилаад авчихсан чинь зэсийн үнэ хоёр дахин унасан. Ингээд оны сүүлээр зэсийн баяжмалаа үнэгүй шахам зөөсөн. Үүнээс үүдэж Монгол Улс ямар ч орлогогүй болсон. Тухайн үед С.Баяр Эрдэнэтийн баяжмалаа явуулах, Оюутолгойн гэрээг зурах шийдвэр гаргасан. Хамгийн эмгэнэлтэй нь энэ гэрээнд оролцсон хүмүүсийг нийгмийн хог шаар болгож процесс далд утгаар явж байна.

Оюутолгойн гэрээг сайжруулахаар болвол С.Баяр, С.Батболд, Д.Зориг, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Г.Амартүвшин нар баг болж ажиллаж байж гайгүй гэрээ хийж мэдэх юм. Бусад нь бол нэг үг ч сольж чадахгүй. ОХУ-ын өмчлөд байсан Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсад худалдан авч ирсэн үйл явцыг судлаад үзэхэд энэ бол зүгээр нэг хувьцааны бизнес биш. Харин цэвэр улс төрийн шийдвэрээр хийгдсэн ажил. Тиймээс энэ улс төрийн шийдвэрийг гаргасан эрх баригчид мэдэгдэл хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол шал утгагүй юм болж байна.

Одоо бидэнд хэрэлдэж хэмлэлдэх зав алга. Энэ бий болсон эдийн засгийн таатай уур амьсгалыг даруй ажил хэрэг болгохын төлөө хамтран зүтгэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж