Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацааг дууссан гэж үзээд АТГ-ын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн саналыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд хууль зүйн хувьд УИХ-аар авч хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн юм.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын даргын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг нарын байр суурийг ‘VS’ буландаа хүргэж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: |
| УИХ-ын даргын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг: |
Нөхөн томилогдсон хүн бол өмнөх даргынхаа ажилласан хугацааг хасч, үлдсэн хугацаанд нь ажиллана. 10 гаруй хуулиар ингэж зохицуулсан байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байгаа. Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулгын оронд нэг гишүүн томилогдвол 2020 он хүртэл л УИХ-ын гишүүнээр ажиллана биз дээ. Үүнтэй л ижил асуудал шүү дээ. Хуулийг нэг мөр ойлгох ёстой. Тусгай чиг үүрэг байна уу, Төрийн албаны зөвлөл байна уу ялгаагүй. Хэрвээ томилогдсон хүн болгон зургаан жилээр ажиллана гэвэл Авлигын эсрэг хуулийн 21.5 дугаар заалт байхгүй байх ёстой юм. Нөхөн томилогдоно гэдэг гарц байхгүй. Хуулийн талаар ямар ч маргаангүй. Ерөнхийлөгч хуулиар хугацаа нь дууссаныг дурьдахын зэрэгцээ ажлаа хийхгүй байна гэж дүгнэж байгаа. Х.Энхжаргал АТГ-ыг удирдаж эхэлснээс хойш манай авлигын индекс маш олон байраар ухарсан. Энэ бол тэднийг ажлаа хийж чадахгүйг илтгэж байгаа юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийнхаа дагуу ажиллаж байна. Ард түмэн төрийн эрх мэдлийг барина гэдэг заалтыг хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч яахаар буруудах ёстой гэж.
|
| Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно’ гэсэн байгаа. Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж байдаг. 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа гэдэг нь зургаан жилийг хэлж байгаа юм. Тэгэхээр хэрвээ нөхөн томилогдсон тохиолдол гарвал зургаан жилийн хугацаатай байна гэдэг утга санаа байна. Хэн Ерөнхийлөгч болно, аль нам нь УИХ-д олонхыг бүрдүүлж байгаагаас үл хамааран зургаан жил байна гэснийг баталгаажуулж өгсөн хэрэг. Гэтэл цагаан дээр хараар биччихсэн зүйлийг эсрэгээр нь тайлбарлаад байгаа нь сонин байна. “Пи Ар”-даа сайн байж болно. Нийгмийн давалгаалуулдаг үйл ажиллагаандаа улстөрчид сайн байж болно. Харин цагаан дээр хараар биччихсэн хуулийг улайм цайм буруу тайлбарлаад нийгмийг хагаралдуулаад байгаа нь өөрөө улсын тогтвортой байдал, хөгжилд хорио тээг болно гэдгийг хэлмээр байна.
|
Бэлтгэсэн: Т.НОМИН