Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Сингапур дахь монголчуудын дунд Элчин сайдын нэрэмжит Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Бямба гарагт амжилттай зохион байгуулав.
Зургаа дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж буй уг тэмцээнд Сингапур Улсад ажиллаж, амьдарч, сурч буй 100 гаруй монголчууд гэр бүл, хүүхдүүдийн хамт оролцсон юм. Тэмцээнийг Монгол Улсын Соёлын элч Энди Вонг, “Resorts World Sentosa” зэрэг байгууллагууд ивээн тэтгэж оролцов.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж тэмцээнийг нээж, багуудад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв. Нийт 4 эрэгтэй, 4 эмэгтэй баг оролцсоноос нэгдүгээр байр болон Элчин сайдын нэрэмжит Сагсан бөмбөгийн аваргын цомын эзнээр эрэгтэйчүүдээс “EXPAT 2” баг, эмэгтэйчүүдээс “ЦОГЛОГ” баг тус тус шалгарав. Хоёрдугаар байрыг эрэгтэйчүүдээс “BEST TEAM” баг, эмэгтэйчүүдээс “Embassy” баг, гуравдугаар байрыг эрэгтэйчүүдээс “EXPAT 1”, эмэгтэйчүүдээс “Аваргууд” баг тус тус эзлэв. Спортын уран чадвар, авхаалж самбаагаараа бусдыгаа манлайлж, хамгийн олон оноог цуглуулсан н.Чимидбаатар, Э.Ганганчимэг нарыг шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогчийн Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг уг тэмцээнд Сингапур дахь монголчууд идэвхтэй оролцож, гэр бүл, үр хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирдэг. Хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулж, нийт хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав.
Тэмцээний үеэр хүрэлцэн ирсэн нийт хүмүүсийн бүртгэлийг явуулж, шинээр хүрэлцэн ирсэн иргэдээ бүртгэлд хамруулав.
Элчин сайдын яамны зүгээс Монголчуудынхаа дунд жил бүр сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулснаар эрүүл, спортлог орчноор дамжуулж гадаадад буй монгол иргэдийнхээ дунд эв нэгдэл, найрсаг харилцааг хөгжүүлэх зорилгыг агуулдаг.
Эх сурвалж: ГХЯ