Хятадын төр “Роснефть”-ийн “дам” эзэмшигч болох уу

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Хятадын төр “Роснефть”-ийн “дам” эзэмшигч болох уу

Хятадын төр “Роснефть”-ийн “дам” эзэмшигч болох уу

Төрийн өмчит компаниудаа хувьчлах уу, энд хэн хамгийн гол рольтой ажиллах вэ. Эсвэл Төрийн өмчийн хороог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болгоод өөрчилснөөр энэ чигийн “реформ” өндөрлөх үү. Өнгөрсөн он жилүүдэд Сингапур улсын Тэмасек корпорацийн үйл ажиллагааны үндсэн зарчим Монголд хамгийн тохиромжтой гэж нэлээд зүтгэсэн.  Тухайлбал, Тэмасекийн монгол хувилбар нь холдинг хэлбэртэй байж төрийн өмчлөлийн бодлогыг хэрэгжүүлж улс төрөөс ангид байлгах зорилготой боловч Монголд улстөрчид нь “ямар нэг” сиймхийгээр ТУЗ-д нь шургалах эрсдэлтэй тул өнөөг хүртэл зохимжтой арга хэлбэрийг олоогүй л явна. Тиймээс энэ “мөрөөдлөө” түр орхиж өнөөгийн байдлаар төрийн өмчит компаниудаа үр ашигтай ажиллуулах арга замыг хайсаар ирэв.

Харин одооноос бид нүүр бардам “ашигтай” гэж хэлж чадахаар болж ирж байна. Монгол Улсын хэмжээнд 2017 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 72 хувь нь ашигтай ажиллаж, 859 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Төрийн өмчит компаниут нийт дүнгээрээ 300 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж нийт 7 их наяд төгрөгийн орлого олсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 1.6 их наяд төгрөгөөр буюу 54.7 хувиар, цэвэр ашиг 2.6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь төрийн өмчит компаниудын хувьд “сэргэлтийн үе” ирлээ гэж хэлж болохоор байна.

Үүнд олон нийтийн хамгийн сайн мэдэхээс “Эрдэнэс Тавантолгой” компанийг нэрлэж болно. Өнгөрсөн онд тус компани олборлолтоо 33 хувь, борлуулалтаа 13 хувиар өсгөж борлуулалтаасаа нэг их наяд төгрөгийн орлого оруулснаас улсын төсөвт 243 тэрбум төгрөг төвлөрүүлж 438.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд болж компанийнхаа дүрэмд өөрчлөлт оруулсан. Тухайбал энэ өөрчлөлтөөр 933 төгрөгөөр нэрлэсэн үнэтэй 12 тэрбум ширхэг хувьцаа бүхий 11.19 их наяд төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байхаар дүрэмдээ тусгажээ. Энэ бол Монголын төрийн өмчит компаниудаас ашиг орлогоороо тэргүүлж реформ хийж байгаагийн жишээ бөгөөд олон нийтэд хамгийн их хамааралтай компаниар жишээ татлаа.

Тэгвэл хөрш орнуудын хувьд төрийн өмчит компаниуд нь хэр ашигтай ажиллаж буйг сонирхоё. Ингэхдээ бүтэн жилээр нь харахын тулд мөн л 2017 оны тайланг харьцуулах нь зүйтэй байх. Хятадын төрийн өмчит байгууллагын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого нь 50 их наяд юань буюу найман их наяд ам.долларт хүрч цэвэр ашиг нь 25.3 хувиар өссөн байна. Мөн энэ оны эхний хоёр сард төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 22.6 хувиар өсч өмнөх таван жилтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлттэй ажиллаж байгаагаа зарласан юм. Сонирхолтой нь, БНХАУ-ын төр нь “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хийж буй ажил гэх нэрийдлээр ОХУ-ын дэд бүтэц, уул уурхайн салбарт ихээхэн хөрөнгө оруулах болсон. Тухайлбал Орос компаниудын 6.5 тэрбум ам.долларын хувьцаа БНХАУ-ын мэдэлд шилжсэн нь дуулиан тарьж байсан. Энэ талаар ОХУ-ын эрх баригчид эдийн засгаа сэргээхийн тулд гаднын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлагатай гэсэн тайлбар хийж байгаа ч ОХУ-ын эдийн засгийн аюулгүй байдал, салбарын манлайлалд хохирол учруулахуйц хэмжээнд хүрснийг шинжээчид сануулаад эхэлсэн.

Хятадын төр “Роснефть”-ийн “дам” эзэмшигч болох уу

 ОХУ-ын хувьд төрийн өмчийн оролцоотой компаниуддаа нэлээд халгаатай ханддаг байдал ажиглагдсаар ирсэн. Тухайлбал төрийн өмчит компаниуд дахь хяналт нь суларч, технологийн болон менежментийн шинэчлэл хийхгүй байгаагаас алдагдалтай ажиллах болсноор “олигарх төрүүлэх объект” гэж адлах байдал харагддаг, улмаар хувьчлах алхам хийхэд хүрдэг байлаа. Харин сүүлийн үед Хятадын төрийн өмчит компаниуд 2015 онд тус улсын том компаниудаас 6.5 тэрбум ам.долларын хувьцаа авсан бол 2017 онд энэ нь 9.1 тэрбум болж нэмэгджээ. Эдгээр хэлэлцээрийн ихэнх нь газрын тос, байгалийн хийн салбарт явагдсан байна.

Америкчууд БНХАУ-ын эдийн засгийн түрэмгийллээс бизнес, стратегийн салбаруудаа хамгаалж эхэлсэн бол ОХУ-д эсрэгээрээ. Жишээ нь, БНХАУ-ын төрийн өмчит компани CITIC групп эрчим хүчний CEFC группийн хувьцааг худалдаж авахаар хэлэлцэж эхэлсэн. СEFC нь Хятад улсын эхний аравт бичигддэг хувийн өмчийн компани ч ОХУ-ын “Роснефть”-ийн хувьцааны 14 хувийг худалдан авахаар хэлэлцэж буй юм. Тэгэхээр уг хэлэлцээр бүтвэл Хятадын төр “Роснефть”-ийн “дам” эзэмшигч болох магадлалтай. Энэ нь цаашлаад “Роснефть”-ийн шатахуунаас шууд хамааралтай манай улсын эдийн засагт ч нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Харин энэ хооронд газрын тосны үйлдвэрээ бушуухан бариад авах нь чухал. Хэрэглээг бүрэн хангах боломжтой гэж амлах аргагүй ч бүрэн хамааралтай байснаас хавьгүй дээр хамгаалалт болно гэж найдах ганц зүйл нь энэ билээ.

Төрийн өмчит компаниудыг хувьчлахгүйгээр шинэ зохион байгуулалтад оруулснаар өндөр үр ашигтай ажиллуулж, улс орныхоо эдийн засгийн хөгжилийн гол түлхүүр болгож болдгийг харуулсан жишээ бол Сингапур улс юм. Олон улс орон Сингапурын төрийн өмчит компанийн менежментийн загварыг авч ашигласнаар амжилтад хүрч байна. Сингапурын Сангийн яам нь Тэмасекийн хувьцааг 100 хувь эзэмшдэг бөгөөд сүүлийн гучаад жил Тэмасекийн хөрөнгө оруулалтын өгөөж жилд дунджаар 11-15 хувь байсан ба энэ хугацаанд жилд нэг тэрбум орчим ам.долларын ногдол ашгийг Засгийн газарт хуваарилж байжээ.

Төрийн өмчит компаниудыг нэг удирдлага дор оруулснаар өөр өөр яам, агентлагийн харьялалаас хамааран гарч байсан зөрчилдөөн арилж, төр эзэмшлийн болоод бизнесийн удирдлагын бодлогоо компаниудад жигд хэрэгжүүлэх боломж бүрджээ. Нийт төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн 71 хувь нь хараат бус гишүүд, 15 хувь нь гадаадын иргэн, долоон хувь нь л Тэмасекийн ажилтнууд байгаа нь компаниудын бие даасан байдлыг илэрхийлж буй юм. Тэгэхээр “Монгол маягийн Тэмасек”-ийг хөгжүүлэхийн тулд засаглалын тогтолцоогоо “эмчлэх” нь чухал болоод байна. Ялангуяа төрийн өмчит компаниудын ашиг өсч, сэргэлтийн үе ирж буйтай холбогдуулан улстөрчдөөс “хамгаалах” нь хамгаас чухал болоод байна.

У.ОЙДОВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж