Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой

УИХ-ын сонгуулийн өмнөх жил улс төрийн намуудын хувьд маш хариуцлагатай жил. Найр наадам, амралт зугаалга дуусаад АН-ынхан ажилдаа шуурхайлан орж байгаа энэ үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Та сайхан зусч байна уу. Амраад орж байгаа гэсэн. Амралтаа хэрхэн өнгөрүүлэв?

-Сэлэнгэ нутгийнхаа 80 жилийн ойд урилгаар оролцлоо. Үлдсэн хэд хоногтоо хөдөө явж амраад ирлээ дээ.

-Олон тэгш ой тохиосон улсын баяраар танай аймгаас шинэ арслан төрөөд нутгийн ард түмэнд сайхан байсан байх. Төрсөн нутгийн 80 жилийн ойн наадам сайхан болсон уу?

-Манай нутгийн наадам нэлээд өргөн болсон. Сэлэнгэ аймгийн байгаль, цаг уурын нөхцөл нь ерөөсөө зах зээлдээ зохицсон газар шүү дээ. Их хөдөлмөрч уламжлалтай, газар шорооныхоо үр шимээр амьдраад сурсан хүмүүс. Социализмын үед ч зах зээлээр амьдарч байсан, зах зээлийн эдийн засгийн үед ч амьдрал нь цэгцэрч байгаа ард түмэн. Тэр хэмжээгээр, бас сонгуулийн өмнөх жил болоод ч тэр үү 80 жилийн ой нэлээн нүсэр болох шиг боллоо.

Ер нь ой тэмдэглэнэ гэдэг зарчмын хувьд буруу юм биш л дээ. Гэхдээ энэ ойн баяр наадмыг улс төрийн хувьд ашиглана гэдэг сайн зүйл биш. Би гэхдээ Сэлэнгийнхнийг ашигласан гэж ойлгохгүй байгаа. Ерөнхийдөө нэлээн ч хөрөнгө оруулалт орж, их зүйл бүтээж байгаа юм байна. Манай нутаг угаасаа бахархах зүйл олонтой газар. Хүн амын суурьшил нь өргөн болсон. Ялангуяа баруун аймгаас хүмүүс их ирсэн. Манай Сэлэнгийг бөхгүй, муу аймаг гэж их шүүмжилдэг байлаа. Далан хэдэн жилийн дараа дахин улсын арслан цолтой бөхтэй боллоо. Бөх их сонирхдог болсон байна. Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 20 жилийн хугацаанд Сэлэнгэ аймаг бас л их олон үндэстэн ястнуудын цугларал газар болсон байна. Сэлэнгэ аймаг дээр үеэсээ их интернационалч газар, нутгархах, жалга довны үзэл багатай. Газрын хөрсний үржил шимийг дагаад орос, хятадууд их амьдарч байсан. Тэр утгаараа манай Сэлэнгийнхнийг сонин талаас хардаг байсан байгаа юм. Баруун аймгийнхан их ирж суурьшсан байна. Энэ утгаараа манай Сэлэнгийнхэнтэй цус холилдож байгаа юм болов уу. Бас л нэг интернационал. Сэлэнгэ  нутгийнхаа цаашдын хөгжлийг эергээр төсөөлж байна.

-Намар болж намууд УИХ-ын сонгуулийн сунгаандаа бэлдэх нь зүй ёсны хэрэг. АН-ын зүгээс хамгийн түрүүнд хийх ажил юу вэ?

-Манайхан нэг сар амарсан. Намын удирдлагууд ярьж байгаад хэрэг эрхлэх газрынхаа ажилтнуудыг бүгдийг нь амраасан. Зун тэртээ тэргүй амралтын цаг.  Амралтын цагаар улс төрийн байгууллага, намууд улс төржөөд байх шаардлага ч байхгүй. Ер нь монголчууд ихэвчлэн зун амардаг шүү дээ. Албан байгууллага ч гэсэн сонин шүү дээ. Тал нь амарсан, тал нь ажил хийсэн хийгээгүй хоёрын хооронд ямар ч хөдөлмөрийн бүтээмжгүй өнгөрдөг. Бид үүн дээр дүгнэлт хийгээд бүгдийг нь амраасан. Ажилдаа ороод удаагүй байна. Намын аппарат одоо хийх ажлынхаа төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа. Энэ намар юу хийх ёстой вэ. Сонгууль ойртож байна. Намынхаа бодит байдалд дүгнэлт хийх цаг бол яах аргагүй тулсан. Сонгуулийн бэлтгэл ажилд хүссэн хүсээгүй орно. Гүйцэд хийгээгүй ажлаа хийнэ. Жишээлбэл “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг үлдсэн долоон аймагтаа зохион байгуулна. Бид он дуустал намынхаа дотоод болон зохион байгуулалтынхаа ажлыг жигдлэх ёстой. Намынхаа бүх шатны байгууллагуудын үүрэг, зорилго, чиглэлийг сонгууль хүртэл тодорхой болгох ёстой. Энэ чиглэлд бүх ажлаа төвлөрүүлээд явуулж байна. 

“Монгол хүн 2020” хэлэлцүүлэг үндэсний хэмжээнд явагдаж байна. Хүмүүс янз янзаар л хүлээн авч байгаа. Шүүмжлэлтэй ч юм бий. Авах юм ч бий. Гэхдээ авах юм нь давуу гэж ойлгож байгаа. Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг гэдэг бол яах аргагүй ач холбогдолтой. Нутгийн иргэдийн дотоод санааг уншина гэдэг бол маш чухал. Сум болгоны иргэд, намын гишүүд өөрийнхөө дотоод санааг, аймаг, сум багийнхаа хэмжээнд тулгамдсан асуудлыг илэрхийлж байна. Монгол орны хөгжил дэвшил, орон нутгийн амьдрал ямар байна. Нэгдүгээрт бид юуг хүсч хүлээж байна. Хоёрдугаарт тухайн орон нутагт гарч байгаа алдаа дутагдалтай зүйлийг шууд газар дээр нь ярьж шийдэх юмаа шийдэж, анхааруулах зүйлээ анхааруулж байгаа. Энэ бол зайлшгүй байх зүйл. Ний нуугүй хэлэхэд “Монгол хүн 2020” бол АН-ын 2012 онд сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг болж орно. Үндэсний хэмжээний энэ том нам Монгол орны хөгжлийг тэр дундаа монгол хүний хөгжлийг 20 жилээр төлөвлөхийг эрмэлзэж байна. АН сонгуулиас сонгуулийн хооронд амьдрах эрхгүй нам. Энэ нам Монгол орны, монгол хүний хөгжлийг урт хугацаагаар хангах ёстой цаг хугацаатай тулсан нам шүү гэдгийг л хэлээд байна. Бид энэ арга хэмжээнээс маш олон зүйлийг мэдэж авч байгаа гэж ойлгож болно.

-Ихэнх аймаг сумдаар явж ард иргэдийн санал бодлыг сонсож байхад нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь юу байна вэ?

-Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа ганцхан л зүйл нь нийгэмд шударга ёс тогтоосой гэж хүсч байна. Яагаад гэвэл шат шатны төрийн байгууллагууд дийлэнхдээ шударга бус болсон гэж иргэд их бухимдаж байна. Хоёрдугаарт ерөөсөө нутгийн хөгжил хоцрогдоод байна. Эдийн засгийн хувиарлалтын зарчим буруу болсон учраас үр өгөөжөө өгөхгүй байна. Хэдийгээр хөрөнгө оруулалт явж байгаа ч хүндээ тусч байгаа нь бага байна. Хувь хүний амьдрал дээшлэхгүй байгаа мөртлөө хөгжлийн тухай яриад байх ямар хэрэг байгаа юм бэ гэдэг асуудал тавигдаад байна.  Шуудхан хэлэхэд сайн цагийг хүлээсэн хүмүүсийн хүлээлт байна гэж ойлгож болно. Хүн хийсвэрээр хүлээхгүй шүү дээ. Энэ хүлээлтийг зөв хэрэгжүүлээд, хүссэнд нь хүргэж чадах ямар улс төрийн хүчин,  улс төрч байна вэ гэж хүлээж байна. Иргэдийн асуудалд ханддаг сэтгэлгээ өмнөх сонгуулийн үеэс шал өөр болсон гэдгийг бид мэдэрч, зөв бодлого гаргаж тавих ёстой. Ер нь Монгол улсын улс төр, нийгмийн тогтолцоог ямар ч байсан өөрчлөхгүй бол энэ маягаар явахгүй юм байна гэдгийг яриад байна гэж ойлгож байгаа.

АН 20 жилийн ажлаа дүгнээд ард түмэндээ иргэний эрх чөлөөг олгосон ч эдийн засгийн эрх чөлөөг олгох эрх чөлөө нь хол хоцорчээ гэж дүгнэсэн. Баян ядуугийн ялгаа байна. Чинээлэг дундаж амьдралтай хүмүүс нь цөөхөн, дийлэнхдээ ядуу байна. Ядуу байна гэдэг эдийн засгийн буруу тогтолцоо, механизм үүссэнийг нотолж байгаа зүйл. Тиймээс эдийн засгийн хувьсгал Монголд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай байна. 2020 он гэхэд монголчуудын дийлэнх нь чинээлэг амьдрах ёстой. Тэр түвшинд хүрэхийн тулд эдийн засгийн өөрчлөлтийг яаж хийх вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Энэ нь ард түмний дэмжлэгийг маш ихээр авч байна.

-Энэ нийгмийг өөрчлөх эхний алхам нь УИХ-ын сонгуулийн тухай хууль болчихоод байна л даа. Хэрэв 2012 оны сонгууль энэ хэвээрээ л явагдах юм бол энэ нийгмийн муу муухай бүхэн арилахад хэцүү. Гэтэл УИХ-д байгаа хоёр том нам нь сонгуулийн хуулийнхаа зарим нэг асуудал дээр тохиролцож чадахгүй л байна шүү дээ?

-Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөх ёстой. Энэ хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулахдаа гэрээ хийсэн. Энэ гэрээнд сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийнэ гээд заачихсан. Амласнаа л хийх ёстой шүү дээ. Яг нарийндаа ярьвал сонгуулийн хуулийн тогтолцооны тухай асуудлыг МАН өөрсдөө гаргаж ирсэн. Санаж байгаа бол одоогоос яг дөрвөн жилийн өмнө шүү. Анх С.Баяр МАН-ын дарга болоод ерөнхий сайд болохдоо “Энэ мажоритор тогтолцоо чинь улс орныг “алаад” байна. Энэ улс орны ҮАБ-д аюул тулгаруулж болзошгүй байна” гэж УИХ дээр тодорхой хэлсэн.  Харамсалтай нь үүнээсээ ухраад байгаа. Улс төрийн нам өөрийнхөө бодлогыг тодорхойлчихоод үүнээсээ увайгүй ухарч болохгүй. Ер нь бид яагаад пропорциоаналь, мажоритор гэж яриад байгаа юм бэ. Гадаад үг хэрэглэхээ болъё. Энэ бол хувь тэнцүүлсэн, нөгөө нь хувь хүнийг сонгох сонголтын тухай асуудал. Нийгэмд явж байгаа сурталчилгаа юу гэж яваад байна вэ гэхээр намыг эсвэл хүнийг сонгох гээд буруу орчуулгаар яваад байгаа. Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явна гэдэг ганцхан намыг сонгох тухай биш шүү дээ. Энэ бол нам болон намын доторх нэрсийн жагсаалтад байгаа нэр дэвшигчдийг сонгох тухай асуудал. Нөгөөдөх нь намын төлөөллөөр шууд нэр дэвшсэн хүнийг дугуйлах тухай асуудал. Ялгаа нь энэ. Нэг хүнийг сонгоно гэдэг бол болохгүй юм байна. Жалга довны үзлийг сэргээж, санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат болдог. УИХ-д сонгогдвол тэр хүнийхээ болон өөрийнхөө зарцуулсан мөнгийг нөхөх гэж төрийг  буруу зорилгод ашигладаг гээд маш олон буруу зүйлүүд гурван  сонгуулиар давтагдаад байхад үүнийг энэ хэвээр нь байлгана гэдэг бол хамгийн харалган бодлого. АН байдлаас гаръя гээд байгаа шүү дээ. Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явах нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал биш.

Би Үндсэн хуулийг асар их тулхтай хууль болсон гэж боддог. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж байгаа. Гэхдээ энд хоёр томъёолол байгаа шүү, үүнийг анхаарах хэрэгтэй. Үндсэн хуулийн цэц юу гэж авч үзэхийг би мэдэхгүй. Хуулийг юу ч гэж мушгиж гуйвуулж тайлбарлаж болно. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн гэж заасан. Ард түмний элч гэсэн болохоос нэг аймаг сум, жалга довны элч гэж томъёолоогүй. Ард түмний элч гэж хэнийг хэлдэг юм бэ? Жишээлбэл Сүхбаатар аймгаас сонгогдсон хүн ард түмний элч мөн үү. Биш шүү дээ. Яагаад гэвэл тэр хүн Баян-Өлгийд хамаагүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг нийтээрээ чөлөөтэй сонгоно гэсэн заалт байгаа. Нийтээрээ гэдэг хамаг монголоороо сонго гэсэн үг мөн биз дээ. УИХ-ын гишүүн нийт Монголын үндэсний хэмжээнээс гарч ирэх ёстой. Тэгж гэмээнэ үндэсний хэмжээний бодлогын тухай ярина. Тэгж байж намын төлөвшилд нөлөөлж, намын зохион байгуулалт, бодлогод харъяалагдаж ажиллана. Намын бодлого өөрөө төрд тусдаг л уламжлалтай. Хэрэв бид өөрсдөө ардчилсан оронд амьдарч байна гэж хүлээн зөвшөөрөх юм бол. Ямар ч ардчилсан оронд намын бодлого төрийн бодлогын суурь багана байдаг. Энэ жишгийг дагахгүй бол бид ардчиллын тухай ярих ч хэрэггүй шүү дээ. Өнөөдөр зарим нь ардчилал ярьчихаад, эргээд хувь хүний тухай яриад байгаа нь ойлгомжгүй. Тийм хоёр салаатай амьдрал байж болохгүй. Тиймээс хувь тэнцүүлсэн тогтолцоо монголд зайлшгүй шаардлагатай. Ингэснээр санхүүгийн хараат байдлаас гарах ёстой. Энэ улс төрийн намууд нь хариуцлагатай байх ёстой. Улс төрийн намуудын нэрийн өмнөөс нэр дэвшсэн гишүүд нь улс төрийн хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Бодлого боловсруулдаг боловсон хүчний чансаа байх ёстой.

Өнөөдрийн тогтолцоогоор мөнгөтэй нь УИХ-д орж байна. Хэдхэн баяжсан хүмүүс ядуу иргэдээрээ мөнгөөр дөрөөлж УИХ-д сонгогдоод дараа нь төрөөс баяждаг энэ схемийг бид болиулах ёстой биз дээ. Одоо бүр үе дамжих гэж байна. Энэ монгол үе дамжсан баячууд, үе дамжсан ядуучуудтай амьдрах ёстой юм уу. Тийм юм байхгүй. Тийм учраас энэ тогтолцоог бид яриад байгаа юм. АН энэ дээрээ хатуу байр суурьтай байгаа. Яагаад гэвэл энэ монгол орны, монголын ард түмний эрх ашиг. Хүнийг сонгохгүй нам дугуйлах гээд байна гэж сурталчилгаа явж байгаа нь хамгийн өрөөсгөл сурталчилгаа.

Яг нарийндаа ярьвал монгол улс нэг л тойрог байх ёстой гэж би боддог юм. 100 хувь хувь тэнцүүлсэн. Хувь тэнцүүлсэн нь яадаг вэ гэхээр тухайн сонгогчийн өгч байгаа хувь сонгуулийн эцсийн үр дүнгээр яг л ижил гарах ёстой. Хоёрдугаарт намыг дугуйлаад намын доторх дэмжиж байгаа хүнээ давхар дугуйлдаг систем. Энэ бол бүх ардчилсан улс оронд байдаг жишиг. Энэ тогтолцоо руу л явах хэрэгтэй. Би хатуухан бөгөөд үнэнийг хэлье. Хэрэв энэ удаа бид чадахгүй юм гэхэд 2012 онд АН-д олонхи болох боломж олдох юм бол заавал өөрчилнө. Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөхөд намуудын тухай хууль өөрчлөгдөх ёстой. Бид шинэ үүссэн парламент дээр ухаалаг улс төрчийг сонгож чадах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн зохих журмын дагуу оруулах ёстой гэх мэтчилэн бидэнд хүлээж байгаа маш олон зүйл бий. Одоо улс төрчид,  УИХ-ын гишүүдийн зарим нь яагаад жижиг тойрог рүү тэмүүлээд байна вэ гэдэг нь ойлгомжтой. Улс төрч хүн төрийн зүтгэлтэн байх ёстой. Төрийнхөө төлөө асуудлыг шийддэг болохоос биш өөрийнхөө амбицын төлөө, өөрийнхөө үе удамд эрх мэдлээ дамжуулан шилжүүлэхийн төлөө, зөвхөн өөрөө энэ суудлыг хадгалж үлдэхийн төлөө ажиллаж болохгүй. Энэ бол хамгийн зарчимгүй, хариуцлагагүй улс төр. Хариуцлагагүй, ёс зүйгүй улс төр өөрөө гэмт хэрэг. Үүнийг өдөөж байгаа улс төрч нь өөрөө гэмт хэрэгтэн мөн. Энэ миний хатуу бодол. Бид УИХ-д цөөнх учраас ялагдаж магадгүй. Гэхдээ өнөөдрийн ялагдал маргаашийн ялалт болно шүү гэдгийг би хатуу хэлье. Өнөөдөр АН ялсан ч, ялагдсан ч энэ байр суурин дээрээ хатуу байх ёстой. Өнөөдөр ялвал монгол орны хөгжил нэг өдрөөр ч гэсэн урагшилна. Өнөөдөр ялагдвал маргаашийн ялалт болно.

-МАН сонгуулийн хувилбараа ард түмний санал асуулгаар шийдэх шийдвэр гаргаад байгаа. Энэ асуудал дээр ард түмний санал асуулга явуулах нь зөв гэж үү?

-Ард түмний санал асуулгаар шийддэг юм гэж бий. Шийддэггүй юм гэж бий. Ард түмнээс ойлгомжтой асуудлыг асуудаг болохоос ойлгомжгүй асуудлыг  асуудаггүй юм аа. Ард түмнийхээ улс төрийн мэдлэгийг дээшлүүлээгүй байж, тийм мунхаг асуулт асууж болдоггүй юм. Наадах чинь зарчимгүй асуудал шүү дээ. 1940-өөд оны үед “БНМАУ тусгаар тогтносон улс мөн үү” гэсэн бүх ард түмний санал асуулга болж хүмүүс хурууныхаа хээг дарж өгсөн дөө. Энэ нийтэд ойлгомжтой асуудал. Жирийн малчин иргэн үүнийг ойлгоно. Иймэрхүү асуулт асуувал нэг өөр хэрэг. Түүнээс биш өнөөдөр пропорциональ уу, мажоритор байх уу гэдгийг жирийн малчин нарийн сайн ойлгож давах уу. Хувь хүнийг сонгох уу намыг сонгох уу гэж асуух гээд байна шүү дээ. Энэ бол буруу. Ингэж асуух юм бол яах гэж УИХ-д сонгогдсон юм бэ. Улс төрийн шийдлээ гаргах чадвартай гэж ард түмэн тэднийг сонгоо биз дээ. Энэ улс төрчид юуг шийдэх ёстой юм бэ гэхээр төрийн нэрийн өмнөөс ард түмэн, улс орныхоо эрх ашгийн өмнөөс улс орныхоо зөв хөгжлийн гарцыг бодож шийдэл гаргах ёстой. Улс төрчид өөрсдөө энэ асуудлаас бултаж байгаа нь хариуцлагаас бултаж байгаа асуудал. Тиймээс энэ асуулга байх ёсгүй. Хоёрдугаарт энэ хоёрыг асуухын төлөө тэр олон тэрбум төгрөгийг зарлагадах шаардлага байхгүй.

-Хэрэв 2012 оны сонгуулийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явбал АН ялах магадлалтай гэж зарим хүмүүс үзэж байгаа. Тиймээс МАН-ынхан сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулах гэж шийдээд энэ хоёр нам тохиролцож чадахгүй байна гэж үзэх хүмүүс ч байна л даа?

-Үүнийг хэн ч хэлж мэдэхгүй. Хүмүүс хэн нэгэнд нь ашигтай болоод л жишээ нь АН-д хуучнаар МАХН МАН, МАХН гэж хоёр хуваагдсан учраас ашигтай гэж яриад л, МАН нь мөнгөтэй баян цатгалан учраас нэг тойрогт очоод мөнгө цацаад л гараад ирнэ гэж яриад байгаа юм. Үүнийг хэн тааж хэлээд байгаа юм бэ. Бид энэ асуудалд өмнөх сургамжаасаа дүгнэлт хийж яриад байна. Сонгуулийг хуучин тогтолцоогоор нь явуулж болохгүй гэдгийг яриад байгаа болохоос биш ирээдүйн сонгуульд хэн ялах ялагдах тухай яриагүй шүү дээ. Жишээлбэл, 2000 онд АН ганцхан суудалтай байна гэж хэн бодож байсан юм бэ. МАН тийм олон суудалтай болно гэж мэдэж байсан юм уу. 2008 оны сонгуулийг харъя. АН ялна гэж бүгдээрээ итгэл үнэмшилтэй явж байсан гэтэл ялагдсан биз дээ. АН-ыг ялагдана гэж хэн бодож байсан юм бэ. Тийм учраас бид ийм хийсвэр асуудал руу өөрсдийгөө зүтгүүлээд л, хөтлөгдөөд л, өдөөж бичих шаардлага байхгүй. АН-ын хувьд асуудалд юу гэж хандаж байна гэхээр ерөөсөө улс орны эрх ашгийг зөв явуулах тухай ярьж байгаа. Улс төрийн тогтолцоог зөв явуулах тухай асуудал ярьж байгаа. Энэ сонгуулийн тогтолцоо олон арван чадалтай аавын хүүхдүүдийн гарыг хүлж байна. Монголын чадалтай, чадвартай, мэдлэгтэй залуучууд, сэхээтнүүд улс төрд орж чадахгүй байна. Тэднийг  боомилоод байгаа шүү дээ. Яагаад улс төрийн гадна үлдэж байна вэ гэхээр хөрөнгө мөнгөний асуудал. Мажоритор чинь ерөөсөө мөнгөний уралдаан болдог болохоос биш бодлогын уралдаан байгаагүй. 2008 оны сонгуульд 1 сая, 1.5 сая төгрөг гээд л хуулирсан шүү дээ. Гэтэл энэ парламентын гадны төрд хэрэгтэй хичнээн чадалтай аавын хүүхдүүд үлдэж байна гээч. Хэрэв хувь тэнцүүлсэн болговол тэр жагсаалтан дотор  чадалтай хүмүүсээ оруулмаар байна. Парламентад суулгамаар байна. Үндэсний хэмжээнд танигдсан олон хүмүүсийг бид гудамжинд гээж байгаа шүү дээ. Хувь тэнцүүлсэн хувилбарт шилжвэл төрийн  бодлогыг боловсруулах чадвартай сэхээтнүүдээ хамгийн түрүүнд оруулмаар байна. Тэднийг төрд төлөөлүүлж парламентад суулгаж, хууль боловсруулмаар байна, өөрчлөлт шинэчлэлтийг хийлгэмээр байна. Гэтэл буцаад мөнгөөрөө уралдья гээд нэг аймагт очиж баахан мөнгө тараагаад, ядуу байгаа хөдөөгийн иргэдийн жудган дээр тоглож,  ядуу сэтгэхүй дээр нь мөнгө цацаж, мөнгөөр дөрөө хийж төрд ордог энэ балиар байдлыг болиулмаар байна. Үүнийг хүсэхгүй хэн байгаа юм бэ. Хүсэхгүй байгаа нь тэр мөнгөтэй хэсэг л шүү дээ. Би намынхаа гишүүдэд хэрэв монгол орныг энэ нам 20 жил өөрчилсөн гэдэг итгэл үнэмшилтэй байдаг бол дараагийн 20 жилд тавьж байгаа бидний концепцийг энэ сонгуулийн тогтолцооны дараа хийнэ үү гэхээс биш энэ тогтолцоог өөрчлөхгүй бол хийж чадахгүй гэж хэлдэг.

Одоо би далдыг хардаг юм шиг хэлье. 2012 оны сонгууль хуучин системээр явах юм бол 2016 он хүртэлх улс төрийн амьдрал өнөөдрийнхөөс долоон дор байна. Учир нь сонгуулийн тогтолцоо нь тийм байдал руу оруулна. УИХ-ын гишүүнд 50 хувь нь мөнгөтэй хүмүүс сонгогдоно. 50 хувь нь өөрсдийнхөө өрийг дарахын тулд ажиллана. Дахиад баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэнэ. Өнөөдөр баян ядуугийн ялгаа 1/3 байсан бол тэр үед 1/4 болно. Яагаад гэвэл энэ улс орны хөгжил, эдийн засгийн асар өндөр чадавх, мөнгө санхүүгийн эргэлтэн дээр хожихыг хүссэн хүмүүсийн цугларал болно шүү дээ. Тэр нь монгол улсад аюултай байгаа юм. Түүнээс биш Эрдэнэбат өөрийгөө нэг сонгуульд гаргах гээд байгаа асуудал биш шүү дээ. Ерөнхийдөө бидний явуулсан тандалт судалгаагаар үзэхэд хувь тэнцүүлсэн хувилбарыг ард түмэн ихээхэн дэмжээд байгаа юм биш үү. Яагаад гэвэл өмнөхөөсөө бид сургамж авлаа, энэ тогтолцоо болохгүй юм байна гэдгийг мэдэрлээ. Одоо өөрчлөх хэрэгтэй гэж хүмүүс ярьж байна.

-Мөнгөний сонгууль болгохгүйн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой гэж байна. Гэтэл намууд сонгуульд нэр дэвшигчдэдээ босго мөнгө гэж тогтоож тэднээсээ мөнгө авч байгаа нь мөнгөгүй хүмүүст бас л боломж олгохгүй байгаа юм биш үү?

-Босго мөнгө гэж угаасаа байгаагүй юм. Бас л буруу ойлголт яваад байгаа юм. Манай гишүүдийн зарим нь ч босго мөнгө гэж сонин нэр өгөөд байх юм. АН-ын мөнгөний асуудалд ямар ч хуулийн зөрчил байхгүй. АН намуудын тухай хуулийн дагуу хандив, төрөөс санхүүждэг тодорхой мөнгөтэй нь үнэн. Татвар тодорхой байдаг нь үнэн.  50 сая төгрөг бол УИХ-д нэр дэвшигчийн татвар. Энэ босго мөнгө ч биш, хандив ч биш, дээрэмдэж авч байгаа мөнгө биш. АН энэ дүрмээр яваад хоёр сонгуулийн нүүр үзсэн. Хэрэв та сонгуульд нэр дэвшихийг сонирхож байгаа бол татвараа төл. Татварын хэмжээг намын ҮЗХ тогтоодог. Хэрэв чи сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол сумаас сум руу явах бензиний мөнгөтэй байх ёстой. Чи өөрөө мөнгөгүй бол чамайг дэмжих мөнгөтэй хүмүүс байх ёстой. Байхгүй бол уучлаарай. Бид өнөөдрийн татварын тогтолцоо, сонгуулийн хуульдаа захирагдаад явж байна. Сонгуулийн хууль өөрчлөгдөөгүй байна. Хоёрдугаарт намын фон сурталчилгаа хэрэгтэй. Нэр дэвшигчдээ болон намынхаа бодлогыг сурталчлахад зардал хэрэгтэй. Үүнийг сонгуульд  нэр дэвшигчдийн татвараас босгодог. Үүнийг хэн ч эсэргүүцээд хэрэггүй.

-Ардчилал үүсч хөгжсөний 20 жилийн ой болж өнгөрсөн. Энэ хугацаанд АН-д алдаа оноо аль аль нь байсан байх?

-20 жилийн хугацааны алдаа дутагдал, ололт амжилтыг ярьвал их юм бий. Би өнгөрсөн 3 жилийн хугацааны зүйлийг яръя. Өнгөрсөн 3 жилд энэ нам өөрсдийнхөө хөлийг олох гэж төлөвших гэж их явлаа. Ний нуугүй хэлэхэд өмнөх жилүүдээсээ бид сургамж аваад харьцангуй төлөвшиж байна гэдэгт би итгэл үнэмшилтэй байдаг. Юм болгонд орилж чарлаад, туйлшрахгүй байна. Энэ нам хариуцлагатай байх нас нь болсон. 20 жил яваад алдаагаа ойлгодоггүй хүнийг тэнэг хүн гэдэгтэй адилхан 20 жил явчихаад алдсан алдаандаа дүгнэлт хийж чадахгүй нам бол нам байх хэрэг байхгүй. 2012 оны сонгуульд маш хариуцлагатай орох ёстой учраас төлөвшсөн байх ёстой. Зорилго бодлого нь тодорхой болсон байх ёстой. Намынхаа дотоод үйл ажиллагааг би тэгж л хардаг. Мэдээж энэ нам сайн дурын байгууллагынхаа хувьд янз янзын хүмүүсийн цугларал байгаа.  Олон янзын араншин, боловсролтой хүмүүс бий. Мэдлэг боловсролтой, бахархах сэхээтэн лидерүүд ч байна, гудамжны архичин, ажилгүй үгээгүй ядуу хүмүүс ч байна. Энэ олонлог нэг үзэл бодлын дор нэгдэж байгаа юм. Харин нэг мөнгөний дор нэгдвэл зөвхөн эрх ашгийн бөөгнөрөл болж хувирна. АН хэзээ ч эрх ашгийн бөөгнөрөл байх ёсгүй юм. Бид үзэл бодлын туган дор нэгдсэн. Энэ туган доороо төлөвшиж сурах ёстой. Тэгж байж ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөнө. Тэр хандлага руугаа явж байгаа гэж ойлгож байгаа. Ганцхан бүрэн төлөвшилд хүрэхэд улс төрийн тогтолцоо нь болохгүй байгаа нь бидэнд саад болж байгаа зүйл мөн. Хувийн улс төр хайгаад явчихдаг. Хувийн үзэл бодол гээд хамаагүй зөрчилдөх зэрэг үзэгдлүүд мэр сэр гардгийг үгүйсгэхгүй. Хэрэв бид улс төрийн тогтолцоогоо шинэчлээд, намуудынхаа хуулийг өөрчлөөд, боловсон хүчний зохион байгуулалттай нам болоод ийм эрх зүйн орчин үүсэх юм бол АН бүх талаараа бэлтгэлтэй байх ёстой.

-АН МАН-ын халаасанд орж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа болилоо гэж яригдаад байгаа. Үнэхээр танай нам ийм байдалтай байна уу?

-Юм хийнэ гэхээр яах ёстой юм бэ. Жаахан чанга чанга яриад, мэдэгдэл хийгээд, туг намируулаад жагсах ёстой юм уу. Тийм цаг үе АН-д байсан гэж бод. Одоо АН яах ёстой гэхээр өөрийнхөө үзэл бодол, үзэл баримталыг ард түмэндээ ойлгуулах үйл ажиллагаа явуулна. Бид хамтарсан нь үнэн. Хамтраад монгол орны эрх ашиг хохирсон у гэвэл хохирсон гэж харагдахгүй байгаа. Гэхдээ хамтарснаасаа болоод бидэнд алдсан юм байгаа юу гэвэл байгаа. Тэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ АН-д намынхаа эрх ашгийг гэхээсээ илүү улс орны эрх ашиг байдаг гэдгийг хатуу санаж явах ёстой. Манайхан АН сөрөг хүчин байх ёстой гэж их ярьдаг байсан. Одоо их цөөрчихлөө л дөө. Зөвхөн сөрөг хүчин л байх ёстой юм бол бидэнд хэдэн ширхэг туг, хэдэн чанга ярьдаг хүн хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Энэ намд боловсон хүчин ч хэрэг байхгүй, бодлого гээд байх ч юм хэрэггүй. Энэ нам төлөвшиж байх ёстой гэсэн ард түмний хүлээлт байгаа гэдэгт би итгэдэг. Энэ нам бодлоготой, шинэ санаатай лидерүүдтэй байгаасай гэж боддогт итгэдэг. Нийт ард түмэн АН мөхчихжээ гэсэн бодолтой байгаа гэж бодохгүй байна. АН Засгийн газар УИХ, ард түмэн, намын зохион байгуулалтын хувьд ч үйл ажиллагаагаа явуулж, бэхжиж байгаа.

 
Эх сурвалж: “Хүмүүс” сонин Б.Дэлгэрцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж