АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын тэргүүн Ким Жун У нарын төлөвлөж буй дээд хэмжээний уулзалт Сингапур улсад зохион байгуулагдах магадлал хамгийн өндөр байна гэж Даваа гаригт олон тооны дипломат эх сурвалжууд мэдээллээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр энэхүү түүхэн уулзалтыг ирэх зургадугаар сарын 9-нөөс 15-ны хооронд буюу АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Канад улсын Квебект зургадугаар сарын 8, 9-нд болох Их долоогийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа залгуулан зохион байгуулах төлөвтэй байна.
Уг дээд хэмжээний уулзалтыг Панмонжеом дахь Энхийн ордон, Эрх чөлөөний ордон хоёрын аль нэгэнд зохион байгуулж болох юм гэж өмнө нь Трамп санал болгож байсан хэдий ч дээрх мэдээллээс харахад уулзалтыг Панмонжеомийн энхийн бүсэд хийх Цагаан Ордны сонирхол буурч байгаа бололтой.
Энхийн ордон ба Эрх чөлөөний ордон нь Панмонжеомийн өмнөд хэсэгт байрлах албан уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулах зориулалттай ордон юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Трамп өөрийн твиттер хуудсандаа: “Дээд хэмжээний уулзалтыг хэд хэдэн оронд зохион байгуулах боломжтой талаар яригдаж байгаа ч Хойд ба Өмнөд Солонгосын хил дээр орших Энхийн ордон ба Эрх чөлөөний ордны аль нэгэнд зохион байгуулах нь талуудын аль алиныг төлөөлөх утгаараа ч, ач холбогдол, тогтвортой байдлын талаас нь авч үзсэн ч аль нэг гуравдагч оронд зохион байгуулснаас илүү тохиромжтой байх болов уу? Гэхдээ энэ бол зөвхөн санал төдий зүйл!” гэж бичсэн байна.
Мөн дөрөвдүгээр сарын 30-нд Нигер улсын ерөнхийлөгч Мухаммаду Бухаритай хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үедээ Дональд Трамп: “Бид Сингапур болон бусад хэд хэдэн оронд уулзалтыг зохион байгуулах боломжийг судалж байна. Мөн уулзалтыг хоёр Солонгосын хоорондох “Зэвсэггүй бүс”-эд зохион байгуулах боломжийн талаар ч бас яригдаж байгаа” гэж мэдэгджээ.
Сингапур нь дээрх уулзалтыг зохион байгуулах боломжтой хэмээн судлагдаж буй Монгол, Швед, Швейцарь зэрэг гуравдагч орны нэг юм.
Дөрөвдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэй Ин, Хойд Солонгосын тэргүүн Ким Жун У нарын Панмонжеомд хийсэн уулзалтын дараа АНУ ба Хойд Солонгосын тэргүүнүүдийн анхны түүхэн уулзалтыг тухайн газарт хийх боломжтой талаар яригдаж эхэлсэн билээ.
Панмонжеомд хийсэн дээрх уулзалтын дараа Ким Жун У нь Өмнөд хөршийнхөө хилийн дээсийг алхсан Хойд Солонгосын анхны тэргүүн болсон юм.
Эх сурвалжуудын таамаглаж байгаагаар урьд нь телевизийн реалити шоуны хөтлөгч байсан Трампын хувьд Ким Жун У-тай хийх уулзалтаа Мун, Ким нарын уулзалтын нэг адил анхаарал татахуйц байлгахыг хүсч байгаа аж.
Түүнчлэн эх сурвалжууд “Энхийн ордонд дээд хэмжээний уулзалтыг хийх нь бэлгэдлийн утгаараа үнэ цэнэтэй бөгөөд үүний үр дүнд ижил төстэй уулзалтыг заавал аль нэг гуравдагч оронд зохион байгуулах шаардлага ч үгүй болох боломжтой юм” гэж Дональд Трамп хэлсэн тухай ч дурдсан байна.
Өнгөрсөн 11-р сард Сеулд айлчлах үедээ Трамп “Зэвсэггүй бүс”-д зорчихыг оролдсон боловч өтгөн манан татсаны улмаас түүний нисдэг тэрэг аргагүйн эрхэнд замаасаа буцахад хүрсэн билээ.
Цагаан Ордон “тодорхой бодит шалтгаанууд”-ын улмаас уулзалтыг Панмонжеомд бус Сингапурт хийхээр болж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалжуудын нэгний онцолсноор АНУ болон Хойд Солонгосын албаны хүмүүс Сингапурт хэд хэдэн удаагийн уулзалт, яриа хэлцэл хийсэн бөгөөд хоёр талын аль алины хувьд тус улс нь хамгийн тохиромжтой саармаг байршил болж байгаа ажээ.
Тэгвэл өөр нэг эх сурвалж Сингапур нь гуравдагч орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах түүхэн туршлагатай болохыг тэмдэглээд 2015 онд тус улсад зохион байгуулагдсан БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жин пинь, Тайваний ерөнхийлөгч Ма Юнг жеү нарын уулзалтыг жишээ болгон дурджээ.
АНУ ба Хойд Солонгосын аль аль нь Сингапурт өөрийн ЭСЯ-тай учраас хоёр орны албаны хүмүүс төлөвлөж буй дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахад ч дээрх нөхцөл байдал эергээр нөлөөлж байгаа юм.
ОУ-ын агаарын тээврийн томоохон зангилаа болохын хувьд Сингапур нь Америкийн Air Force One-ий агаарын хөлгүүдэд төдийгүй Кимийн гэр бүлийнхний Зөвлөлтийн үеэс уламжлан ашиглаж буй хувийн хуучин тийрэлтэт онгоцонд ч шаардлагатай үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.
Монгол улс нь бусад улсуудтай харьцуулахад Хойд Солонгостой илүү ойрхон гэсэн утгаараа уулзалтыг зохион байгуулах боломжтой орны нэгд тооцогдож байсан ч АНУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан болон бусад дагалдагч нарт шаардлагатай дэд бүтэц, дэмжлэг туслалцаа дутагдалтайн улмаас дээрх жагсаалтаас хасагджээ.
Тэгвэл Швед ба Швейцарыг Хойд Солонгосоос хэтэрхий алслагдмал учраас уг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад тохиромжгүй гэж үзсэн байна
Түүнээс гадна өнгөрсөн Ням гаригт Хойд Солонгосын зүгээс “асар их хүчин чармайлтын үр дүнд буй болгосон яриа хэлцлийн уур амьсгалыг сүйрүүлэхүйц эрсдэлтэй алхам хийлээ” хэмээн АНУ-ыг буруутгалаа.
Сүүлийн үед Пхеньяны зүгээс үе үе хийж буй Вашингтон руу чиглэсэн шүүмжлэл нь Трамп, Ким нарын дээд хэмжээний уулзалтын өмнө дипломат шугамаар дэмжлэг авах гэсэн оролдлого гэж ойлгогдохоор байна.
Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны нэрийн өмнөөс Өмнөд Солонгосын Мэдээний төв агентлагт ярилцлага өгсөн нэрээ нууцалсан нэгэн ажилтан мэдэгдэхдээ: “БНАСАУ-ын энхийг эрхэмлэх хүсэл эрмэлзлийг АНУ-ын хувьд сул дорой байдлын илрэл хэмээн буруугаар ойлгож, тус улсад үзүүлэх шахалт, цэрэг зэвсгийн заналхийллээ үргэлжлүүлсээр байх аваас энэ нь хоёр улсын асуудлыг шийдвэрлэхэд зохисгүй байдлаар нөлөөлөх болно” гэсэн байна. БНАСАУ гэдэг нь Хойд Солонгосын албан ёсны нэр бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс гэсний товчлол юм.
Тэрээр цааш нь “Хойд ба Өмнөд Солонгосын хоорондох түүхэн дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан Панмонжеомийн Тунхаглалд тусгагдсан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах Хойд Солонгосын сонирхлыг АНУ-аас тавьсан хориг, шахалтын үр дүн мэтээр тайлбарлаж олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж байна” хэмээн АНУ-ыг буруутгажээ.
Мөн тэрээр цааш нь үргэлжлүүлэхдээ: “АНУ-ын дээрх үйлдлийг асар их хүчин чармайлтын үр дүнд буй болгосон яриа хэлцлийн уур амьсгалыг сүйрүүлж, нөхцөл байдлыг урьдын адил мухардалд оруулахуйц аюултай оролдлого гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй юм” гэжээ.
Ж.Түмэнбаяр
Эх сурвалж: Korea Times