Оношилгоо эмчилгээний төвтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Оношилгоо эмчилгээний төвтэй болно

Оношилгоо эмчилгээний “Эрдэнэт” төвийг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас санхүүжүүлэн барьж байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Саяхан уг төвийн менежментийг авч явах дотоодын болон гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Эрдэнэт хотноо боллоо. Уг төвийн тендерийн ажилд  Японы “Мерикс” групп сонгон шалгарсан байна. “Мерикс” групп нь дэлхийн есөн оронд 150 гаруй эмнэлгийн менежментийн төслийг хэрэгжүүлж байгаа, ихээхэн туршлагатай групп аж. Энэ төв нээгдсэнээр эх орондоо бага зардлаар найдвартай оношлогоо эмчилгээ хийлгэх боломж Монголчуудад нээгдэж байгаа юм. Монголчууд төдийгүй  гадныхан ч ирж эмчлүүлэх боломжтой гэнэ. Үйлдвэр уурхайн мөнхийн дагуул бол тоосжилт. 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотод  тоосжилтоос үүссэн уушигны өвчин хүүхэд хөгшид гэж ялгалгүй  газар авсаар байгаа юм. Тиймээс Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрээс  хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч эл байгууламжийг босгож байгаа гэнэ. Төслийг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар бүхий л талаар туслахаа илэрхийлжээ. Оношлогооны төв ирэх оны 6зургадугаар сард ашиглалтанд орох бөгөөд уг ажилд 20 сая америк доллар зарцуулахаар болжээ. Уг төв ашиглалтанд орсноор 200 гаруй ажлын байр бий болох ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж